Харийн шоронд дүү минь их туржээ

Балбын шоронд гурван сар гаруй хугацаанд хоригдсон Б.Баяндэлгэр хэмээх монгол залуу өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирсэн билээ. Бурхны ном сурахаар Энэтхэгийг хэдэн жилийн өмнө зорьсон тэрбээр визийн зөрчилтэй гэх үндэслэлээр хоригдсон байна. Азаар “NTV” телевизийн хамт олон томилолтоор ажиллаж байхдаа Б.Баяндэлгэрийн сургийг гаргаж очиж уулзжээ. Монгол залуу харийн шоронд хоригдож байгаа талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсны дараа “Дорнод нутаг” клубийнхэн туслахаар болж торгуулийн мөнгийг нь төлж, өөрсдийн зардлаар эх оронд нь авчирсан юм. Б.Буяндэлгэр ирсэн даруйдаа нутаг руугаа явжээ. Тиймээс түүний эгч Б.Урантогостой холбогдож ярилцлаа.

-Дүү чинь гайгүй байна уу. Харь улсад их ядарч уу?

-Бид ч бөөн баяр болоод байна. Ямар ч л байсан сайн санаат монголчуудынхаа тусаар дүү минь бидэн дээрээ ирчихлээ. Сайхан байна. Хүний нутагт их ядарсан бололтой. Их туржээ. Бас харлачихаж.

-Хэзээ Монголоос явсан юм бэ?

-Бид эхээс наймуулаа. Дүү минь лам болохоор шийдэж дөрөвдүгээр ангиасаа хийдэд шавилж суусан юм. Тэгээд тэр чиглэлээрээ сурах гээд 2007 оны зургадугаар сард 17 настайдаа Энэтхэг рүү явсан. Тэнд сурч байхдаа визээ сунгуулаагүй юм билээ. Тиймээс өнгөрсөн намар Балбаар дамжин Хятад, тэндээс Монгол руу явахаар болсон гэсэн. Гэтэл хүний нутагт таарсан монгол хүн дүүг минь Түвд рүү гаргаж өгнө гээд мөнгийг нь залилаад авчихсан юм байж. Ингээд таних хүнгүй газар мөнгөгүй үлдсэн дүү минь гудамжинд гарсан бололтой юм. Бид энэ талаар сайн мэдээгүй. Тэгж яваад цагаачлалынх нь албаныханд баригдаж хоригдсон гэсэн.

-Дүү чинь шоронд ямархуу байсан бол?

-Ирээд удаагүй байгаа болохоор сайн ярилцаагүй байна. Хэд хоног сайхан амраад аваг. Тэр шорон нь манайхаар бол Урьдчилан хорих төв бололтой юм билээ. Визийн зөрчилтэй гадаад хүмүүстэй хамт байсан гэсэн. Нөхцөл нь маш хүнд гэсэн.

Гадаадад явахдаа танихгүй хүнд итгэх хэрэггүй гэдгийг ойлгосон байх. Бас визээ хугацаандаа сунгуулж байх ёстой юм билээ.

-Торгуулийн мөнгө хэд орчим төгрөг болсон юм бол?

-1600 орчим ам.доллар байх аа. Мөн ирэх зардлыг нь ч “Дорнод нутаг” клубийнхэн даасан.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих