НҮБ-ын шинжээч юу гэснийг сонссон уу, Сангийн сайд аа!

huan-boholavskyУИХ-аар 2020 оны төсвийг хэлэлцэх дөхөж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх оны улсын төсвийг Засгийн газраар гурван удаа хэлэлцүүлжээ. Тэрээр төсвийг өөдрөгөөр төсөөлж байгаагаа хэлжээ. Гэхдээ ФАТФ-ын саарал жагсаалтад орвол төсөв хүндэрнэ гэж бас дуугарсан байна. Ер нь бол 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгуульд төсвийг “наалдуулж” зохиосон байна гэх шүүмжлэлийг эдийн засагчид хэлээд эхэллээ. Учир нь уламжлал ёсоор сонгуульд зориулж, олны сэтгэлийг хөдөлгөхөд зориулсан хөрөнгө мөнгийг төсөвлөжээ. Гэтэл энэ сарын эхээр арав хоногийн турш Монголд ажилласан НҮБ-ын хараат бус шинжээч Хуан Бохолавски бидний талаарх дүгнэлтийг байгаагаар нь өгчихөөд явжээ. Тэрээр манай улсад ажиллахдаа Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, ХЗДХ-ийн дэд сайд Г.Элбэгсайхан, БСШУСЯ, БОАЖЯ, Сангийн яам, ЭМЯ, ХНХЯ, УУХҮЯ зэрэг төр, засгийн байгууллагын албан хаагчид, УЕПГ, Монголбанк, Татварын ерөнхий газар, АТГ Санхүүгийн зохицуулах хороо, Хөгжлийн банк, Үндэсний хөгжлийн газрын холбогдох хүмүүстэй уулзжээ. Мөн УИХ-ын зарим гишүүн, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ХЭҮК, хамтын ажиллагааны байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газар, иргэний нийгэм, хувийн салбар, улсын үйлдвэрийн газар, судалгааны байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийсэн байна. Энэ бүхний эцэст түүний хийсэн дүгнэлтийг Сангийн сайд ирэх оны төсвийг боловсруулахдаа хэр зэрэг анхаарсныг бүү мэд. Хуан Бохолавски шинжээчийн хэлснээр бол бид 2020 оны улсын төсвөө сонгуульд зориулж болохооргүй ажээ.

Учир нь тэрээр Монгол Улсын Засгийн газар, эрх баригчдын заавал анхаарал ёстой хэд хэдэн асуудлыг дүгнэж хэлсэн байгаа юм.Тэрээр “…Хямралыг даван туулахын тулд Монгол Улс нь ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэхүү хөтөлбөр нь төсвийн нэгдмэл байдлыг хангахаас эхлээд олон арга хэмжээг багтаажээ. Гэвч үүний дотор ихээхэн анхаарал татаж буй асуудал нь “Xүүхдийн мөнгө” хөтөлбөрийг өргөжүүлснээс үүдэн ОУВС ядуурлыг бууруулахад чиглэгдсэн хоёр хөтөлбөрийн нэг болох Ядуурлын тэтгэмжийн хөтөлбөрийг хассан байна.

…Ортодокс буюу уламжлалт мөнгөний бодлого нь ерөнхийдөө бол хүний эрхийн хувьд муу мэдээ гэсэн үг. Эдгээр шинэчлэлийн хүний эрхэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг шүүх засаглалын түвшинд ч, гүйцэтгэх салбарын түвшинд ч хийж заншаагүй байна.

…Эдийн засгийн төрөлжүүлэлт урт хугацааны хоцрогдолттой явж байна.

… 2015 онд баталсан урт хугацааны аж үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх, үүний сацуу шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх талаар шийдвэртэй арга хэмжээ авах явдал гэж харж байна.

… Монголын эдийн засагт сүүдрийн эдийн засгийн эзлэх хувийн жин өндөр байна. Засгийн газар ашиглагдахгүй байгаа төсвийн орлогын ач холбогдлыг үнэлэх зорилгоор судалгаа хийж, татварын орлогыг илүүтэйгээр татан төвлөрүүлэх, түүний зэрэгцээ үүрэг, хариуцлагыг хангаж ажиллах асуудлыг анхааралдаа авбал зүйтэй.

…Татвартай холбоотой гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таваас дөрвөн жил болгож бууруулсан, татварын өршөөлийн хуулийг олон удаа баталсан болоод татварын өршөөл, татварын өршөөлд хамрагдсан татвар төлөгчдийн тухай мэдээлэл олон нийтэд ил тод биш байна.

…Бизнесийн салбарт авилга ихээр оршин буй талаар надтай уулзсан хэд хэдэн хүн цохон дурдаж байлаа.

…Банкуудын зээлдэгчээс авах хүүгийн түвшинд хязгаарлалт байдаг бол (өндөр хэвээр байгаа) ББСБ-ын хүүнд ийм хязгаарлалт байхгүй байна. Санхүүгийн байгууллагууд ялангуяа бичил зээлд жилийн 200 хүртэлх хувийн хүү, зарим нөхцөлд өдрийн хүү тогтоож байна. Эдгээр санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийх, мөнгө хүүлэх чанартай бичил зээлийг цуцлах буюу хүчингүй болгох талаар Засгийн газар хөндлөнгөөс нэн даруй оролцох шаардлагатай байна” гэжээ.

Чухамдаа эдгээр зөвлөмж, дүгнэлтийг Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд онцгой анхаарах учиртай юм. Эс тэгвээс Сангийн сайдын ёрлоод байгаачлан манай улс саарал жагсаалтад орж зээлжих зэрэглэл, хөрөнгө оруулалт, гадаад валютын гүйлгээнд сөрөг нөлөө үзүүлж, түүхий эдийн үнийн уналт үүсч, БНХАУ-АНУ-ын хооронд дэгдсэн худалдааны маргаан, түүхий эдийн үнийн тодорхойгүй байдал, өвөлжилт хүндрэх зэрэг эдийн засагт нөлөөлөх эрсдэл бидэнд ирж болзошгүй л юм.

zuuniimedee НҮБ-ын шинжээч юу гэснийг сонссон уу, Сангийн сайд аа!


URL:

Сэтгэгдэл бичих