Өрийн дэвтэр зузаалсан өрхийн төсөв

Талх таллаж авдаг амьдралын нөхцөл монголд байна гэдэг мэдээлэл нийгмийг цочроож байсан. Хоёр жилийн өмнөх энэ байдал нийслэлийн гэр хорооллын ихэнх айл өрхийн хэвшмэл дүр зураг болтлоо бидний эмзэглэлийг үгүй хийж бид ч дасал болжээ. Нэг ширхэг лууван, ширхэг төмс, атгахан гурил граммлаж аваад томчууд нь яах вэ, хүүхдэдээ л бантан хийж өгөх гэсэн юм хэмээх ээжтэй таараад өр өмөрсөн. Яг ийм л бидний мэдэхгүй, төсөөлөөгүй амьдрал хотыг хэрсэн гэр хороолол дунд элбэгшжээ. 600 төгрөгөөр бэлэн гоймон авчихаад найман ам бүлтэй айл халуун шөлийг нь оочлоод сууж байна. Энэ бол өнөөх л бидний мэдэхгүй амьдрал. Нийслэлд ийм олон зуун өрх айл байна гэвэл эрх мэдэлтнүүд та бүрэн итгэх үү.

Эдгээр айлын хөргөгчинд юу байгааг, өргөн хэрэглээний хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн хүнсний сагсанд нь байна вэ, өрийн дэвтэр, өрхийн орлого, зарлага, ажлын байрны нөхцөл, оюутны төлбөр, өдрийн хэрэглээ, цалингийн зарцуулалтынх нь талаар сурвалжлан хүргэхээр “Өрхийн төсөв” хэмээх шинэ буланг нээж байна. Энэ удаад бид Баянзүрх дүүргийн IX хороо, Шар хадны эцсийн ….. дугаар хаяг дээр амьдрах Х.Баянаа, Шархадны 35 дугаар гудамжинд аж төрөх Б.Ганбат нарын өрхийн төсвийг сурвалжиллаа.

Untitled

60 МЯНГАН ТӨГРӨГ ХҮНС ЦУГЛУУЛАХАД ХҮРЭЛЦДЭГ БАЙЛАА. ОДОО 200 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРЭХГҮЙ БАЙНА

Хотын захын гэр хороолол тэр дундаа Шар хадны гудамжууд тоосон дунд гундуу. Хүний амьдрал гэдэг тэнгэр газар шиг ялгаатай юм даа гэх бодол цээж урна. Хүүхэд ноход уул мэт өгсүүр гудамжаар залхуутай гэгч өгсөх дүр зураг гэр хорооллын хаана ч танил. Тор дүүрэн мах, талх, будаагаа барьсан ээжүүд гэрээдээ яарахыг харах. Гэтэл яг дэргэд нь гудамжны дэлгүүрт иргэний үнэмлэхээ барьцаалаад өрийн дэвтэрт нэрээ бичүүлээд бэлэн гоймон, төмс ногоог кг-аар нь биш ширхэгээр нь аваад гарах аавыг ч харж болно. Үндэсний статистикийн хорооноос сар бүр өрхийн орлого өсч байгааг мэдээлдэг. Өссөөр байгаа цалингийн судалгаа бодит уу гэдгийг айл өрхийн хөргөгчний тавиур дээрээс ил болгохыг зорилоо.

Өөрийгөө Х.Баянаа хэмээн танилцуулсан бүсгүй нөхөр, гурван хүүхдийнхээ хамт Шархадны IX хороонд амьдардаг. Гуч дөнгөж гарч яваа залуу хосууд хадам ээжийнхээ хашаанд гурван хүүхэдтэйгээ амь зууж байна. Хэдийгээр тэднийх ам бүл тавуулаа ч, нөхрийнхөө дүү, ээжтэй нь наймуулаа нэг хүний цалингаар аж төрж байна. Хадам ээж нь нуруу нугасны өвчтэй тул хөдөлмөр эрхлэх боломжгүйг Х.Баянаа бүсгүй хэлж байна. Тогтмол орлого олдог ганц хүн нь түүний нөхөр. СӨХ-ны цахилгаанчнаар ажилладаг ханийнх нь сарын цалин сая төгрөг гэнэ. Найман хүний хоол унд, өмсөж зүүх, эд хэрэглэл, эм тариаг зохицуулаад явахад хаанаа ч хүрэлцдэггүй гэдгийг тэд хэлж байна. Цалингийн болон тэтгэврийн зээлгүй өрх өнөөдөр монголд байхгүй. Х.Баянаагийнх ч мөн машины зээл төлдөг юм байна. Сард 500 мянган төгрөгийг лизингдээ зориулдаг байх юм. Үлдсэн хэдэн төгрөг нь хоол хүнснээсээ илүү гардаггүй гэв. “Нөхрийн маань ажлын цаг энэ жил нэмэгдсэн.  байлаа. Одоо 48 цаг ажиллаад 48 цаг амардаг. Зээлээс зээлийн хооронд амьдардаг бидэнд цалин нэмэгдээд ялгаа алга. Цалин өсвөл өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсдөг учраас амьдрал ахуйгаа сайжруулах боломж алга. Гурван хүүхдийн тэтгэмж гэж сард нийт 60 мянган төгрөг авдаг. Арга тасарсан үед хэрэг болдог” хэмээн гэрийн эзэгтэй учирлалаа. Гэрийн баруун орон дээр хэвтэх настай эмэгтэй Х.Баянааг ийн ярихыг угтуулж бага зэрэг өндийн суув.Ингээд бидний ярианд оролцож “Охин минь уг нь хүүхдийн мөнгө нэрээр нүд хуурахын оронд юмны үнээ тогтвортой байлгавал дээр байх юм” гэлээ. Х.Баянаа бүсгүй гурван хүүхдийн мөнгөнөөс гадна цалинтай ээжийн тэтгэмж 50 мянган төгрөг авч байгаа гэнэ.“Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод хадгалж хураах бодол байдаг ч хоногийн хоолоо тасалчихгүйг хичээж байгаа хүмүүст хадгаламж гэдэг чинь мөрөөдөл л болох юм даа. Манайх IX хороонд а м ь д а рд а г ч I V хо р о о н д харьяалагддаг. Тэгэхээр хүүхдүүд харьяа сургуульд явах ёстой. Сургууль нь гэрээс хол учраас гурван хүүхдээ өдөржин зөөгөөд л таарах юм. Нөхрийн маань хамгийн бага дүү нь дунд охинтой маань чацуу. Одоо гуравдугаар анги. Охинтой маань тэрсхэн өссөн болохоор манай хүүхэд шиг л байдаг юм. Хувцас хэрэглэлийг нь хүртэл өөрийнхөө хүүхэд шиг л бэлдэнэ шүү дээ. Энэ жил гурван хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг хангалттай бэлдэж чадаагүй. Хангалттай бэлтгэнэ гэвэл нэг, хоёр сая төгрөгөөс наашгүй юм билээ” гэв. “Хүүхдүүд минь л эрүүл саруул өсчихвөл бусад нь болно доо” хэмээн гэгээхэн мөрөөдөл тээсээр амьдралын төлөө, хөлсөө дуслуулан зүтгэж явна хэмээн даруухан өгүүлэв. Эднийх хашаандаа хоёр жижиг гэр, хуучирч муудсан амбаартай юм. Байшингийн хажуугийн гэр рүү түүний хүү год үсрэн гүйн оров. “Энэ байшинд хэдэн жилийн өмнө гал гарч хадам аав маань шатчихсан. Одоо хүн амьдардаггүй юм. Бид чинь наймуулаа ингээд л нэг гэртээ амьдарцгаадаг юм. Миний хувьд Ховд аймагт төрж өссөн. Хоёр хүүхдээ том болтол төрсөн гэртээ амьдарсан. Нөхөр маань энд ажилтай тул хэдий болтол хоёр талд байх билээ гээд хот суурин бараадсан” хэмээн өөрийгөө даруухан танилцууллаа. “Энэ жил мах үнэд ороод ер буурсангүй. Үнэ нь өссөн гээд хоосон хонолтой биш. Одоогоос таван жилийн өмнө 50-60 мянган төгрөгөөр сарын хоол хүнсээ хангалттай бэлтгэчихдэг байсан. Одоо 150-200 төгрөгийг хоолонд зарцуулаад сарынхаа хүнсийг авч чадахгүй болсон байна. Ам бүл олуулаа манайх шиг айлд уут гурил арав л хонох юм. Нэг хонины махыг бараг долоо хоногийн дотор л дуусгадаг. Уг нь атгахан махаар хоол хийдэг ч хүний олон гэдэг хэцүү юм. Арай хямдыг нь бодож хятад ногоо хэрэглэснээс болоод том хүү минь харшилтай болчихсон. Биеэр нь маш их юм туурдаг. Хоолны дэглэм барьдаг. Давстай, чихэрлэг, халуун ногоотой гээд янз бүрийн хоол унд идэж чаддаггүй болсон. Одоо зөвхөн мах, гурил л иддэг” гэлээ. Өвлийн бэлтгэл хэр хийж байгааг нь, айл бүрийг утаагүй сайжруулсан түлш түлэхийн нийслэлээс үүрэгдсэн. Цахилгаан дулаанаар гэрээ халаах боломжтой эсэхийг лавлатал тэрбээр “Энэ жил тог цахилгааны мөнгө нэмэгдчихсэн. Сард 40-50 мянган төгрөгийг тог цахилгаанд өгдөг байсан. Гэтэл дахиад нэмэгдсэн байна. Манайх нүүрс түлэхгүй гээд халаагуур тавьсан. Гэтэл өнгөрсөн хавар сайжруулсан түлш түлж үзсэн. Онц сайхан санагдаагүй. Үнс ихтэй дээр нь илч муутай байсан. Одоо бага хүүхэд маань хөлд орж байгаа болохоор галаас бас айгаад аюул багатайгаар нь халаагуур тавьсан. Сайжруулсан түлш авахаар тооцоолж үзсэн чинь бараг тогны мөнгөнөөс илүү өртөгтэй юм. Нэг жижиг тортой нүүрс нь л 4500 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр машинаар нь авч дийлэхгүй үнэтэй санагдсан” гэв. Манай энд хоногийн хоол арайхийн залгуулдаг манайхаас хэцүү амьдралтай хүмүүс олон бий. Бид ч залуу хүмүүс хийж бүтээх зүйл их байна хэмээгээд яриагаа өндөрлөв. Х.Баянаагийн гэрээс гараад шороон замаар уруудсаар “Гурван модны рашаан” гэсэн хаягтай жижиг хүнсний дэлгүүрийн үүдэнд хүрэв.

ҮНЭТЭЙ ХҮНС ЗАРАГДДАГГҮЙ

Энэ дэлгүүр нь ойр хавьдаа хамгийн орлого сайтай аж. Дэлгүүрийн  үүдээр орвол худалдагчаас өөр хүнгүй эл хульхан байлаа. Худалдагч эмэгтэй жилийн өмнө хотод ирж, энэ дэлгүүрийг түрээсэлж суужээ. 8х7 харьцаатай найман нэрийн дэлгүүрт өргөн хэрэглээний бараа, жимс ногоо, гурил, будаа өрөөтэй. Үүдэндээ хэдэн шуудай мод тавьж, гурван хөлдөөгчид мах, зайрмаг хийсэн нь ойр хавийн хүмүүсийн хоол ундыг залгуулдаг нь илт. Уг хорооны 35 дугаар гудамжны энэ хэсэгт ихэвчлэн амьжиргааны төвшин доогуур хүмүүс амьдардаг учраас түүндээ тааруулж хамгийн хямд гэсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг гэж худалдагч эмэгтэй ярилаа. Учир нь үнэтэй, тансаг бараа лангуунд тавибал борлуулалтгүй учраас мөнгө эргэлддэггүй гэсэн юм. Тэрбээр, “Би энд ирээд удаагүй ч хүмүүс ямар хэцүү амьдарч байгааг гадарладаг болсон . Бараа татахдаа хамгийн бага савалгаатай, хямд бараанаас л авч ирдэг. Элсэн чихэр, будаагаа хагаслана. Ихээр нь авах хүн энд ховор. Давс, ургамлын тос ч гэсэн ялгаагүй.Нэг хэсэг хүмүүс том савтай ургамлын тосноос граммладаг байсан. Харин саяхнаас хамгийн бага савалгаатай ургамлын тос гэж гарсан байна. Өнөөдөр жижиг савлагаатай ургамлын тос нь дууссан. Ойр орчмын дэлгүүрээс худалдан авалт хийдэг хүмүүсийн ихэнх нь нэг өдрийн хоол, хүнсээ л арайхийн бэлтгэдэг. Ингэхдээ ихэвчлэн нэг ширхэг сонгино, ширхэг лууван, махны оронд жижиг хиам, тал байцаа авдаг. Зарим хүмүүсийн хувьд хүнсний ногоо, мах аваад хоол хийх нь тансаг хэрэглээ болох нь ч бий. Хоолтой хоолгүй өдөр хоногийг өнгөрөөж байгаа хүмүүст бэлэн гоймонгоор бор ходоодоо борлуулах үе цөөнгүй. Хамгийн хямд “Дотно сэтгэл” нэртэй гоймон 600 төгрөгийн үнэтэй бөгөөд хамгийн эрэлттэй” гэлээ. Мөн “Манай дэлгүүрт Монголд үйлдвэрлэсэн борцтой бэлэн гоймон худалдаалагддаг. Гэхдээ хүмүүс аль хямдыг нь харж, мөнгөндөө тааруулж авдаг. Дэлгүүр орлогоо алдахгүйн тулд ихэвчлэн зээлээр бараагаа худалдаалдаг” гэлээ. Худалдагч А4-ын том дэвтэр дээр эрээн болтол сараачсан өрийн дэвтэр үзүүлэв. Сард сая гаруй төгрөгийн өр бичигддэг бөгөөд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг нь барьцаалж зээл өгдөг байна. БЗД-ийн IX хорооны энэ хэсэгт 30-50 насны хүмүүс олон байдаг бөгөөд улирлын чанартай ажил эрхэлдэг хүмүүс ч цөөнгүй гэлээ. Дэлгүүрийн лангууны ихэнх хэсэгт архи пиво өрсөн нь нүдэнд тусав. Дэлгүүрийн орлогын ихэнхийг архи, тамхины орлого бүрдүүлдэг гэдгийг худалдагч нуусангүй. Хамгийн их эрэлттэй архи нь“Хандгай” гэх 4000 төгрөгийн 0.5 граммтай архи гэв. Нийгмийн өнөөгийн төрх байдал архи уухаас өөр аргагүй болгож байгаа нь үнэн. Үүнд төр засаг анхаарал хандуулах цаг нь болсон гэж халаглалаа. Ажлын өдөр байсан тул ихэнх айлын хаалга түгжээтэй. Ойр хавийн гудамж, эл хуль. Бид цааш явсаар жижгэвтэр хүрэн байшинтай хаалга нь онгорхой нэгэн хашааны үүдэнд  очлоо. Хашаанд тоглож байсан хүүхдүүдээс том хүн байгаа эсэхийн лавлавал “Аав байгаа. Нохой урахгүй” гээд гэрийн зүг дагуулан явав.  Энэ бол Шархадны 35 дугаар гудамжинд аж төрдөг Б . Ганбатынх байлаа. 4 х 5 харьцаатай хоёр тасалгаатай түрээсийн байшинд хүүхдийн хамт наймуулаа амьдардаг гэнэ. 1998 оноос Улаанбаатар хотод ирж, Гачууртын сангийн аж ахуйд, малчин, тракторын жолооч хийж байжээ. Улмаар эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд ажил эрхлэх боломжгүй болсон тул хөдөлмөрийн чадваргүй хэмээн өөрийгөө тодорхойлов. Тэрбээр, “Олигтой боловсрол эзэмшээгүй надад одоо хийж чаддаг ажил байхгүй. Хэдэн жилийн өмнөөс төмрийн хог цуглуулж, техник машин ухдаг болсон. Одоо машин засварын газарт ажиллаж талхны мөнгөө олдог. “Өгөөмөр” зах дээр машин олдвол засаж, ихдээ 70 мянган төгрөг олдог. Энэ нь байнгын тогтмол орлого болж чаддаггүй. Хоосон ирэх өдөр бишгүй” хэмээв. Олсон орлогоороо найман хүний хэрэгцээг хангаж, байшингийнхаа түрээсэнд сард 50 мянган төгрөг төлдөг гэнэ. Хоол хүнсээ ихээр нь авч чаддаггүй. Боломжтой үедээ хүнсний ногоо, талх, будаагаа долоо хоногт хүрэлцэх хэмжээтэй авдаг. Харин махаа бол ихээр авч чаддаггүй, манайх нэг килограмм махаар гурван өдөр хоол хийдэг. Хорооноос сард 60 мянган төгрөгийн хоол хүнс үнэгүй авах тэтгэмж өгдөг. Олон ам бүлтэй манайд энэ бас нэмэр болдог. Хэдэн хүүхдээ элбэг хангалуун амьдруулж чадахгүй ч хоосон хонуулахгүй байхсан гэхдээ бэлэн гоймонгоор хүртэл өл залгуулдаг гэв. Тэднийх хөргөгчгүй байсан бөгөөд аяга, таваг, данх, тогоо нь нэг буландаа хүний нүдэнд илхэн юм. Ширээн дээр таглаад тавьсан талхны сав хоосон байгаа нь нүдэнд тусав. Гэр хорооллоор ороод гарсан хоёр айлын бодит дүр зураг ийм байв. 1.2 сая төгрөгийн цалингийн дундажтай монголчуудын өрхийн төсөв өдрийн талхандаа ч хүрэхгүй байгаа нь юутай эмгэнэлтэй вэ. Ийм орчинд өсөх бяцхан хүүхдүүдэд ямар боловсрол олгох вэ. “Хүүхдэд” хэмээн хаягласан сайхан ирээдүй хаана байна аа.

Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.