Ж.Баясгалангийн бүтээсэн “гайхамшиг”

 

Эрүүл мэндийн даатгалын нэгдсэн систем “Insur” аппликейшныг танилцуулах арга хэмжээ өчигдөр /2019.09.30/ боллоо.  Уг арга хэмжээнд СТА, жүжигчин, продюсер Ж.Баясгалан оролцож өөрт тохиолдол хүнд хэцүү бэрхшээлийг хэрхэн туулж өнөөдрийг хүрсэн тухайгаа ярив.

Тэрбээр “Би 2017.05.13-ны өдөр гараанаас галзуу бар шиг л гарсан. Өмнөө яваа тамирчныг гүйцэхийн тулд улайраад ганцхан хормын дотор бүх юм орвонгоороо эргэж минйи амьдралд маш хүнд зүйл тохиолдсон. Би 48 цагийн турш өөрийгөө ямар гэмтэл авсныг мэдээгүй. Харин намайг зорьж ирсэн аав, ээж, найз нөхөд, хайртай хүмүүсээс надтай салах ёс гүйцэтгэх гэж буй мэт харцыг олж харсан. Намайг сүүлийн удаа харж байгаа мэт, миний дүрийг сэтгэлдээ удаан тогтоох гэж буй мэт бүгд миний нүд рүү маш удаан ширтэж байсан. Тухайн үед үхэл маш ойрхон ирсэн мэт санагдсан. Гэхдээ би огт бууж өгөөгүй. Ганцхан хүн орж ирээд надад итгэлийн гал бадраасан. Тэр хүн бол миний насны хань байсан.

Тэр минь орж ирээд “Чи надтай анх гэрлэхдээ би гайхамшиг бүтээнэ гэж амласан. Одоо тэр гайхамшигаа бүтээгээч, одоо хоёулаа бүхнийг даваад гарья” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлгийн сэхээнд хэвтэж байхдаа би хажуудаа байгаа  хүмүүсээс үхэл, амьдрал хоёр ямар ойрхон байдаг юм бэ гэдгийг ойлгож байсан. Нислэг даахгүй ч байж мэдэх эргэлзээг “үүрээд” БНСУ-ын Сөүлийн эмнэлэг рүү явсан. Маш хүнд хагалгаа, хагалгааг хийсэн ч чамд үлдэх магадлал маш бага. Хэдхэн хоногийн настай гэж эхнэрт минь  эмч хэлсэн. Тэр үед миний зөвхөн нүд л хөдөлж байсан. Хагалгаанд ороод гараад ирсэн. Хагалгаанаас гарч ирээд дасгал, хөдөлгөөнөө хийж эхэлсэн. Амьдрахын тулд тэмцэж эхэлсэн. Гараа хөдөлгөх ч боломж надад байгаагүй. Бусдаар дэмжүүлээд цээжээ өндийлгөдөг, толгойгоо дэрнээс өндийлгөөд л ухаан алдчихдаг байсан. Ухаан алдаад сэрэх болгондоо би баярладаг байсан. Клиник үхэлд маш олон удаа орсон.

Хагалгаанаас хойш 60 хоногийн дараа Монгол руугаа буцахаар шийдсэн. Буцахын өмнө эмч нарийн зөвлөгөөний хурал болсон. Эмч “Өвчтөн Баясгалан нугасны 90 хувь гэмтсэн, тасарсан ч байж болно. Та хэзээ ч алхахгүй. Бас босохгүй. Тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Насан туршдаа хэвтэж амьдралыг өнгөрөөнө. Ийм өвчтэй хүмүүс урт насалдаггүй гэж хэлж хэлсэн.

Харин би “Намайг Баясгалан гэдэг. Би Монгол хүн. Би заавал хөл дээрээ босно. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад танай эмнэлэгт эргээд ирнэ. Тэр үед та энэ өвчнийг эмчилсэн дэлхийн анхны эмч болоорой” гэж хэлсэн.

Монголд ирээд долоон сарын турш эмнэлэгт хэвтээд өнөөдрийг хүртэл би 864 хоногийн турш өглөөнөөс орой болтол зөвхөн босохын төлөө тэмцэж байгаа. Нэг ч найз нөхөд маань надаас холдож одоогүй. Миний урагш тэмүүлэх хүч хайр л байсан. Би охиноо хуримынх нь өдөр хөтлөөд нөхөрт нь хүргэж өгөх ёстой аав хүн. Би үхэлтэй тэмцээд эцсээ хүртэл амьдарна. Амьдрах амьдрахдаа бусдад урам өгч зорилготой, чанартай амьдарна. Хүний амьдрал баян. Амьдрах сайхан” гэв.

Илтгэлийн төгсгөлд тэрбээр “Хүнд хэцүү цаг хугацаанд хань минь миний хажууд байсан. Бас найз нөхөд маань байсан” гэж хэлээд найз Б.Амарсайхан, гэргий О.Мөнхтуяа нараа тайзнаа урин тусламж хүсээд хөл дээрээ босоход танхимд цугласан үзэгчид түүнд алга ташин баяр хүргэж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.