Ангаахайнууд сайд болдог юм байж, Төрийн нарийн бичгийн дарга нарыг ядаж дэгдээхэйнүүдээр тавихсан

“МАНАН” сарниж, “АНМАН” болсон нь Монголын төрийг жинхэнэ самруулж орхив. Сайд болох донтой хүмүүсийн өвчин сэдэрч Сэтгэцийн эмнэлэгт хандахад хүрчээ. Манай улс төрчдийн ихэнх нь “юм”-тай гэдэг үнэн ажээ. Ямар ч хамаагүй үнээр сайд болж, хэзээ ч хамаагүй анкет бөглөхдөө “Сайд асан” хэмээн бичүүлэх сонирхол нь хөтөлсөн нь хөгжилтэй юм. Өөрөөр хэлбэл, сайд болоод би юу хийх вэ гэж бодохын оронд “асан” гэдэг үг л гоё санагдаад буй бололтой. Иргэд ч, ихэнх улс төрч ч зургаахан сарын сайдын юунд дурлах вэ гэлцэх ажээ. Тэгээд ямар сайдгүй байлтай биш. Зургаан сарын сайд байтугай зургаа хүрэхгүй хоногийн хаантай ч байж үзсэн улс юм билээ, бид. Түүх сөхвөл, Хүслэн хэмээх “халуунтай” хаан байж. Чингисийн “Алтан ураг”-ийн гэх энэ нөхөр 1300-1329 онд аж төрж байж. Тэрбээр 1329 онд хаан ширээнд суунгуутаа “Их цэнгүүн” зарлан тэмдэглээд дөрвөн өдөр, шөнө зад найрлан архины ч юм уу ямар нэг юмны хордлогоор “Тэнгэрийн орон”-д очжээ. Тэрбээр анхны зарлигаа ч гаргаагүй хаанаар түүхэнд “мөнхөрсөн” бөлгөө. Бид архидалтыг шинэ юм гэж боддог. Гэтэл монголчуудын хувьд генийн, цусны өвчин юм байна. За, энэ яах вэ. Гол сэдэвтээ оръё. Дөрвөн өдрийн хааны хажууд зургаан сарын сайд уг нь юу ч амжуулж болох хугацаа. Зөвхөн тэдний чадавхиас шалтгаалах хэрэг. Энэ талаас нь харвал тэд ангаахай гэгдээд байгаа юм аа. Шар завжтай амаа ангайн хоол нэхэхээс өөрийг мэддэггүй, жигүүртний зулзаганууд шүү дээ. Тэд юугаа л амжуулж чадах билээ.

Тэдэнтэй зүйрлэшгүй хүчтэй, жигүүр нь ургасан жинхэнэ эр бор харцаганууд тухайн салбаруудад зөндөө л байх. Даан ч үзэл бодол, намын харъяалал, намд өргөх мөнгө, шударга бус зан үгүй зэргээс болдоггүй юм байх. Миний сайн мэдэх, ЭМ-ийн сайд болоод байгаа Н.Хүрэлбаатарын өмнөх төгсөлтийн өчнөөн эрчүүд, хүүхнүүд байна. Улс, аймгийн Эрүүл мэндийн газар, эмнэлгүүдийг олон жил удирдаж хийдгээ бараг хийчихсэн, үүрч байгаа “ачаа” нь хөнгөдөөд буй тэднээс сонгоод тавьчихвал санаанд оромгүй шинийг шийдэж, ихийг амжуулна даа. Тэгэхээр бусад салбарт ч тийм байгаа нь мэдээж. За яахав, сайд нарын асуудлыг ингэсхийгээд оромдоод өнгөрч болдог юм байж. Тэднээс илүү үүрэг хариуцлагатай, Төрийн нарийн бичгийн дарга гэх сүрхий албан тушаал бас бий. Тэр бол тухайн яамдын амин сүнсийг атгадаг улс гэхэд хилсдэхгүй. Тэднийг ёстой ангаахайнуудаар тавьж болохгүй. Тэгвэл төр ёстой замхарч замагтайгаа холилдоно гэдэг л болно доо. Түүнээс сэргийлэх арга олох хэрэгтэй байна. Тэр талаар Ерөнхий сайд эрхбиш элдвийг эргэцүүлж байгаа хэмээн найдахаас даа. Тэгэхдээ найдахад тун бэрх нэгэн бололтой. Аавдаа аашлуулсан жаал мэт Ерөнхийлөгчийн өмнө арчаагаа алдан сууснаа хаалгаар нь гарангуутаа хувирчихаж байгаа юм. Зөвлөгөө энэ тэрийг нь ор тас мартаад, зөнгөөрөө зүтгэчихэж буй хүнтэй юу ярихав. Гэхдээ энэ удаа тэгэхгүй байлгүй дээ. Төрийн нарийн бичигт нэр дэвшүүлэх магадлалтай, өөрсдөө сонирхоод гүйлдээд байгаа нөхдийн нэрс ч зах зухаасаа цухалзаж эхлэв. Элдэвтэй, этгээд нэрс сонсогдож л байна шүү.

Өмнө нь энэ албыг хашиж байхдаа өөрт юм унагасан нөхөд ч байгаа сурагтай. Мэддэг ганцхан жишээ татахад,ЭМЯ-ны Төрийн нарийн бичгээр ажиллаж үзсэн, ЭМШУИС-ийн дотрын эмчилгээний багш, Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлгийн эмч, дарга асан, одоо анагаах ухааны “Этүгэн” хувийн дээд сургуулийн захирал Н.Батсэрээднийн нэр цохиж л явна. Энэ эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга байхдаа төрийн мөнгө цохиж түүгээрээ хувийн дээд сургууль байгуулсан гэдэг юм билээ. Ямар ч байсан Гуравдугаар эмнэлгийн харьяа газруудыг тус эмнэлгийн дарга байхдаа зарсан, Төрийн нарийн бичгийн дарга байхдаа “Нүүр, ам, гар, хөлийн өвчин” газар авлаа гээд гаргуулсан мөнгө нь “маск” болсноос өөр зүйл хийгдээгүй ч гэдэг. Аль, аль нь үнэн байх. Ард түмний ам дамжсан үг “амьтай” байдаг жамтай биш бил үү?  Мөн тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Түмэндэмбэрэлийн нэр ч дуулдана.

Энэ их осолтой нөхөр гэсэн. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа төрийн хөрөнгө завшиж, тендер удаа дараа будлиантуулсан хэргээр “хусуулж” явсан гэх юм билээ. Намынх нь зарим нөхдийн яриагаар хаана мөнгө үнэртэнэ тэнд Түмээ байдаг нь хууль гэх. Тийм хачин нөхдийг байлгаад, тэжээгээд байдаг хачин төр шүү, Монголын төр. Тэгэхээр бусад салбар, яамдад ч ийм л байгаа хэрэг. Нэр цэвэр, нүдний хор нь гарсан, нийгмийнхээ сайн сайхны төлөө сэтгэлтэй ганц хүн олддоггүй л юм байх даа, төрийн энэ олон албан тушаалтнууд дотроос… Бүхэл бүтэн улс орон байна даа, бүтэхгүй нөхдөөр дүүрчихмээргүй юм. Шүүж чадвал олдох байлгүй дээ. Ёстой нөгөө дургүйд хүч үгүй гэдэг л болж байгаа биз ээ. Тэтгэвэрт гарсан байсан ч яадаг юм, тулхтай нөхдөөр түр албыг хаалгаж орхимоор бодогдоно. Тэтгэвэр дээрээ зургаан сарын цалин авна биз. Тэрбумтнууд шиг толгой таталгүй хошуугаа шаачих биш. Төрийн нарийн бичгийн дарга аа, гэж.
М.ТЭЛМЭН wikimon


URL:

Сэтгэгдэл бичих