Төрийн банкны удирдлагуудын хэргийг шүүхэд шилжүүллээ

7f48drjttij8b14ati4pl6sq2r(1)_20191003095121

Төрийн банкны Ерөнхий захирал асан Д.Баярсайхан, тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Д.Ганбаатар, Эрсдэл хариуцсан захирал Г.Тогтохбаатар, Санхүү хариуцсан захирал Л.Чинбат нарт холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Тэднийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар 20 тэрбум төгрөгийн зээл олгосон, мөн 14.9 тэрбум төгрөгөөр хууль, тогтоомж зөрчиж, худалдан авах ажиллагаа гүйцэтгэсэн үйлдэлтэй, Монгол улсын Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Хахууль авах” хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийг сануулахад, 2017 оны зургаадугаар сарын 23-нд тус банкны захирлууд захирлуудын “зээлийн ерөнхий хороог” хуралдуулж, “Шинжа шинфа” ХХК-д 20 тэрбум төгрөг олгох шийдвэр гаргаж бэлнээр 13 тэрбум төгрөгийг, тус компанийн данс руу долоон тэрбум төгрөгийн гүйлгээг хийж гүйцэтгэсэн байдаг. Төрийн банкны бодлогод зааснаар таваас дээр тэрбум төгрөгийн зээлийг тус банк нь гаргах эрхгүй бөгөөд заавал ТУЗ-ийн хурлын шийдвэр гаргах ёстой аж. Гэтэл Сангийн сайдын “олго” гэсэн гарын үсгээр ийнхүү 20 тэрбум төгрөгийн зээлийг гаргаж банкны мөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэдэг үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж эхэлсэн юм.

Тус зээлийг графикийн дагуу төлөх хугацаа 400 хоногоор хэтэрсэн бөгөөд хүү, алдангитайгаа 31 тэрбум төгрөг болоод байгаа ажээ.

Эх сурвалж: Zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.