Путин: АНУ Азид пуужин байрлуулбал яаралтай хариу барина

24ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Валдай олон улсын клубын нэгдсэн хуралдаан дээр “АНУ Азийн нутаг дэвсгэрт ойрын болон дунд зайн тусгалтай пуужин байрлуулсан тохиолдолд Орос “толины тусгал” мэт маш яаралтай хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ. Тэрбээр АНУ Ойрын болон дунд зайн тусгалтай пуужин устгах гэрээ (INF-ийн гэрээ)-нээс татгалзаж буйгаа мэдэгдсэн даруйд ОХУ “толины тусгал” мэт арга хэмжээ авахад анхаарлаа хандуулж эхэлснээ илэрхийлсэн байна.

Путин “Би энэ талаар таван ч удаа хэлсэн. Хэн ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. АНУ, Европ ч тэр. Тэд дүлий юм шиг л сонсдоггүй” гэж нэмж хэлжээ. Тэрбээр “Пуужин байрлуулах шийдвэр нь Азид зөвхөн шинэ аюул заналхийлэл л бий болгоно” гэж хэлээд, бүх зүйл эцэслэн батлагдах хүртэл нөхцөл байдлыг эргүүлэх боломж бий гэж найдаж буйгаа илэрхийлснийг ТАСС агентлаг уламжилжээ.

Орос, АНУ-ын хооронд байгуулсан INF-ийн гэрэээний үйлчлэл өнгөрсөн наймдугаар сарын 2-ны өдөр албан ёсоор дуусгавар болсон байна. АНУ Оросыг гэрээний нөхцөлийг биелүүлээгүй хэмээн буруутгаж, уг гэрээг цуцалж буйгаа мэдэгджээ.

5d96d3ea1e7e7 Путин: АНУ Азид пуужин байрлуулбал яаралтай хариу барина

INF-ийн гэрээ зогссоны дараа Пентагон цөмийн бус шинэ пуужингийн бүтээн байгуулалтыг зарлав. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер хэдхэн сарын дотор Азийн нутагт дунд зайн тусгалтай пуужин байрлуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Андреа Томпсон “Вашингтон Ази тивд ойрын болон дунд зайн тусгалтай пуужин байрлуулахаар судалж байна” гэж мэдэгдсэний хариуд Путин дээрх байр суурийг илэрхийлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган, ЗХУКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Михайл Горбачев нар 1987 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Вашингтон хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ойрын болон дунд зайн тусгалтай пуужин устгах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, дэлхий нийтийн айдас, болгоомжлолыг төрүүлсэн зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг эцэслэж байсан түүхтэй.

Эх сурвалж: RBC


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.