Шийдвэрээсээ буцсан эрх баригчид

olloo_mn_1408430474_chuulgan(1)(1)Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авлаа. Хоригийг хэлэлцэх үед Үндсэн хуулийн эхийг баригч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Бид боосон Үндсэн хуулийн төслөө задалвал харамсалтай байна. Харамсаад ч барахгүй зүйл болно. Дордуулсан 7 өөрчлөлтийг зассан байгаа. Залуу үе ямар нийгэмд байх вэ гэдгийг шийднэ. Аль болох ойлголцохын төлөө явж байна. Бүгдээрээ л улс орны эрх ашгийн төлөө гэж байгаа. Гэтэл яг амьдрал дээр тулаад ирэхээр олон ашиг сонирхол байдаг юм байна. Парламентын засаглал хэрэггүй юм байна, өөр замаар явах юм байна гэсэн хөрсийг нийгэмд тавьчих вий гэхээс хамгийн ихээр айж байна гэсэн байр сууриа илэрхийлсэн бол УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “ Бид энэ хуулийн алдаагаа засаад намууд ойлголцоод эцсийн боломжоо ашиглаад үзье гэж байгаа. АН ардчиллыг, ардчилсан Монгол Улсыг бий болгохдоо түүчээлэн оролцсоны хувьд энэ хуулийг зөв засаглал руу оруулахын төлөө саналаа гаргасан. Хоригийг хүлээж авбал бүх зүйл задраад унана гэдэг айдсаасаа салах хэрэгтэй. Эцсийн эцэст энэ хоригийг хүлээж авч, ардчилсан парламентаа хамгаалъя” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хүлээж авах боломжгүй гэсэн нэгдсэн шийдвэрт хүрээд байсан юм. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолыг хэлэлцүүлэгт УИХ дахь АН-ын зөвлөл оролцоогүй, тэд хоёрдугаар хэлэлцүүлгээс өөрсдийнх нь санал тусгагдсангүй гэж үзэн, хуралдааныг орхин гарсан.  Цаашид ч Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэдгээ УИХ-ын даргад мэдэгдээд байсан. Харин Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхэд ирц 100 хувь биш ч УИХ-д суудалтай гурван нам, нэг бие даагчийн төлөөлөл бүгд оролцлоо. Энэ нь парламентад суудалтай намууд зөвшилцөлд хүрснийг илтгэнэ.

Харин энэ удаад эрх баригчид Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол батлахдаа хууль зөрчсөн гэдгээ нэг талаас хүлээн зөвшөөрлөө. Нөгөө талаас МАН-ыг шийдвэрээс нь ухрааж, “бодлого”-гүй  мэт харагдуулж байна.

Учир нь өмнөх парламентуудад аль ч улс төрийн хүчний эрх баригчид гаргасан шийдвэрээсээ ухарч, байсангүй. Тэр дундаа үнэмлэхүй олонхийн суудалтай энэ үед төрийн аливаа бодлогыг МАН дангаараа шийдвэрлээд явах боломжтой. Гэвч шийдвэрээсээ буцсан нь улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй гэж ажиглагчид үзэж байгаа.

Эдүгээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд  хүчингүй болж байна.  Тиймээс дахин Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол батлах уу, эсвээс гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх үү гэдэг хувилбар яригдаж байна.

Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентын засаглалыг сайжруулахаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ард нийтээсээ асууж, зөвшилцөнө гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан өнгөрсөн хугацаанд байнга давтаж ирсэн. Гэхдээ Ард нийтийн санал асуулгын үр дүн хэд хэдэн үндэслэлээр сөргөөр нөлөөлөхөөр байгаа. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэхээсээ илүүтэй  ирц хүрэхгүй байх хамгийн наад захын болгоомжлол бий. Тэгвэл сонгуулийн жилийн өмнө эрх баригчид 30 тэрбум төгрөгийг салхинд үргүй хийсгэсэн асуудалтай тулгарна. Тэгээд ч ганцхан асуултад энэ их хэмжээний мөнгийг салхинд хийсгэхийг зөвшөөрөхгүй гэж ЕТГ-ын дарга онцлоод байгаа. Асуудал 30 тэрбумдаа бус санал асуулгын дүн эргэлзээтэй, дараагаар өөрсдөд ирэх улс төрийн сөрөг дайралтыг эрх баригчид тооцолж, шийдвэрээ буцаалаа. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар намуудын зөвшилцөл дотор сонгуулийн ямар тохироо явагдсаныг, явагдахыг одоогоор таашгүй.

 shuud.mn

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар манай нам зөвшилцлөө үргэлжлүүлнэ гэж сөрөг хүчнийхэн өндөр дуугаар хэлсээр байсан. Тиймээс парламентад суудалтай намуудад зөвшилцөл үргэлжилж байгаа.

Н.Энхлэн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.