220 мянган өрхийн АМЬДРАЛ дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна

olloo_mn_1559449508_headerУгаарын хийнд хордсон гэх хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь  дөрвөн иргэн амь насаа алдаад байна. Өмнө нь зуухны буруу ашиглалтын улмаас гэртээ угаартаж нас барах золгүй тохиолдлууд гарч байв. Гэвч энэ удаагийнх шиг иргэд олноороо угаартсан, амь насаа алдсан гэх дуудлага мэдээлэл ирсэн нь цөөн тул нийгмээрээ айдаст автаад байна.

Угаарын хийд хордсон гэх иргэд бүгд сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн гэдгээ тайлбарласан. Улмаар иргэд шахмал түлшнээс хордож амь насаа алдсан гэх мэдээлэл тархаад байна. Гэвч албаныхан үүнийг үгүйсгэж шахмал түлшийг шууд “буруутгах” боломжгүй гэсэн нь иргэдийг бүр ч бухимдуулсан.

Хохирогчдийн хэрэглэсэн гэх сайжруулсан түлшний дээжийг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван лабораторид шинжлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд өчигдрийн байдлаар  зөвхөн нэг лабораторийн хариу ирсэн. Үлдсэн хоёр лабораторийн хариу өнөөдөр ирэх бөгөөд хариуг нэгтгэж, өнөөдөр олон нийтэд мэдээлэх аж.

Одоогоор шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд түлшийг худалдан борлуулахыг хориглосон байна. “Мэргэжлийн хяналтынхан ирээд бүгдийг нь лацдаад, зарж болохгүй шүү гээд анхааруулаад явсан” гэх тайлбарыг борлуулагчид хэлж зогсоно. Түлшний цэгүүдээр нүүрс, шахмал түлш алийг нь ч борлуулааагүй зөвхөн шуудайтай мод худалдаалж байна.

Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч өдөртөө дулаан хэмтэй ч шөнөдөө хасах хэмд шилжин хүйтэн хонож буй тул иргэд шахмал түлшийг хэрэглэж эхлээд байв. Гэтэл нүүрс ч үгүй, шахмал түлш ч худалдан борлуулахгүй байгаад мөн л бухимдах аж. Бухимдсан иргэдийн нүүрс, түлш хайсан асуултад борлуулагчид “Удахгүй буцаад нүүрсээ зарах биз. Шахмал түлш нь угаасаа хортой бодистой юм гэсэн” хэмээн таамаг төдий хариулт хэлж зогсоно.

Хордлогын улмаас амь насаа алдсан дөрвөн иргэний хоёр хүн бага насны хүүхэд байв. Өөр нэг амиа алдсан 30 гаруй насны залуугийн ар гэрийнхэн “Гэртээ гурвуулаа унтаж байсан юм билээ. Гэтэл дүү маань газар дээрээ нас барсан. Хамарнаас нь хар шингэн зүйл гараад л амьсгал хураасан байсан. Хамт байсан хоёр хүнийх нь биеийн байдал муу. Нэгнийх нь ухаан санаа орж, гараад огт юм санахгүй, хүн танихгүй байгаа” хэмээв.

Олон нийтийн нэг хэсэг нь шахмал түлшинд хордсоны улмаас хүний амь нас хохирсон гэж 100 хувь дүгнэж байгаа бол нөгөө хэсэг нь зуухны буруу галлагааны улмаас энэ золгүй асуудал үүссэн байж болзошгүй хэмээн хоёр талцаж байна.

Төр засгийн удирдлагууд өнгөрөгч тавдугаар сараас нийслэлийн иргэдэд нүүрс худалдахыг хатуу хориглож, шахмал түлш л түлэх ганцхан сонголт үлдээсэн. Гэтэл өнөөх түлш нь өнөөдөр хүний аминд хүрчихсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн жиндүү намрын жихүүн бодолтой өдрүүд үргэлжилж байна.

Хүний амь хохирсон ч гэртээ гал алдаж даарч суухгүйн тулд шахмал түлшээ сурагласаар яваа 220 мянган ам бүлийн амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.

Б.Итгэл

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.