Гахай болтол бордож байгаад идшэнд ачна гэчихээч…

6415

Үнэгүй ч гэнэ үү, хүүгүй ч гэв үү, байртай болгох үндэсний хөтөлбөр гэсэн үү? Үүнээс эмгэнэлтэй онигоо гэж юу байхав. Нэг ширхэг тоосго 400 орчим төгрөгийн үнэтэй, нэг хавтгай гипсэн хавтан 20 мянгаар худалдаж авдаг хорвоо шүү дээ. Тэгээд тэр бүхнийгээ 35-55 мянгаар портер хөлсөлж хүргүүлнэ. 21 дүгээр зуун гарчихаад байхад энэ одоо юун цуваа вэ. Ямар нийслэл хүрээний анхны машааныг үзэх гэж шавсан сонирхогчид уу? Богд хааны мутраас адис хүртэх гэж шавсан мөргөлчид үү? Саяхан л МАХН-ын сайд Шийлэгдамба гэж залуу намын санхүүжилт босгох гэж ноён Энхбаярын хатгаасаар авилга аваад газар дээрээ баригдан хоригдож байсан. Энэ тухайгаа ч торны цаана хоригдож байхдаа хэвлэлийнхэнд ярьсан шүү дээ. Ямар сонгогчид байна, тийм л төртэй болно. Энхбаяр гэдэг хүн ямар ч үнээр хамаагүй төрд шургах гэж ингэтлээ улангасан зүтгэж, яахаас ч буцахгүй аашилж байгаагийн цаана ямар айдас, ашиг хонжоо нуугдана вэ? Эсвэл сэтгэцийн байдал нь хэвийн бус болоо юу? За тэр үеэ өнгөрөөж, моодноос гарсан Энхбаяр ч яамай. Энэ хошгирохын төдийд цуглаад, даллахын төдийд дараалалд зогсож, иргэний үнэмлэхээ канондуулж, бүртгүүлж байгаа хүмүүс хэддүгээр зуунд амьдраад байна аа? Энэ хүн чинь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн хамгийн өндөр албан тушаалд 12 жил тасралтгүй суусан хүн. Улс төрийн хамгийн том намын генсек, Соёлын сайд гээд тоочвол бараг 20 жил Монголын төрд эрх мэдэлтэй, эдлэх ямбатай явсан. Тэр үедээ улсаа хөгжүүлж байхгүй яасан юм. Одоо болсон хойно залуу улстөрчдөөр ээлж дараалан тоглож, ард түмнээ аймаар муухай доромжлоод суух юм. Энэ увайгүй худал хуурмаг PR нь барилгын салбарын борлуулалт, улс төрийн нөхцөл байдал, иргэдийн сэтгэлзүйд тодорхой хэмжээгээр чичиргээ үүсгэж байна. МАХН сонгуульд ялбал үнэгүй байр өгнө гэнэ ээ, сонгууль өнгөртөл хүлээе гээд айл болгон ажил, бизнес, ахуйн төлөвлөгөөгөө хойшлуулах уу? Байртай болох гэж хураасан мөнгөөрөө гадаадад аялчих юм уу? Үнэгүй орон сууцтай болчихож болдог юм бол барилгын салбарынхны дуслуулсан хөлс сохор зоосны үнэгүй байсан гэсэн үг үү? За зүгээр л хэнийг Ерөнхийлөгч болтол нь өргөмжилж явснаа ард нийтээрээ харцгаая. МАХН-ыг сонговол юун үнэгүй байр…үхлийн хөндийд үр хүүхэдтэйгээ живэх юм байна, хөөе. Эсвэл МАХН гэдэг банк байгуулагдчихсан юм уу? Барилга, орон сууцны шинэ компани юм уу? Нэртэйгээр нь МАХН-ыг сонговол бүх хүнийг тарган хонины мах, тариа будаа, тараг айргаар бордож гахай болгоод дараа нь жинлээд идшэнд ачна гэчихээч зүгээр, Энхбаяр Эрдэнэжамъян хоёр оо. Наад ард түмэндээ хандаж буй хандлага, үл хүндэтгэн дээрэлхэж буй байдал, сонгогчдын үзэл бодлыг байр машинаар худалдаж авахаар санаархаж буй арга чинь үүнтэй агаар нэг сонсогдож байна.

Р. Эмүжин


URL:

Сэтгэгдэл бичих