Тэнэг, Зэрлэг, Түгшүүртэй Бага Нас Минь


Зарим хүн “цаг сайхан байхад…” гэж ярих дуртай. Гэмт хэрэг өнөөгийнхөөс хавьгүй бага, үнэ ханш одоогийнх шиг унтаад босоход өсчихгүй, арав хорин жил хэв хэвээр (ямар сайндаа төгрөг хорийн талх, хорин дөрвийн чихэр гэж нэрлэх вэ дээ), улс төрийн толгой эргүүлсэн элдэв хэрүүл маргаан байхгүй байсан зэргийг санагалзан тэгдэг бололтой. Гэтэл зарим нь “цаг хэцүү байхад…” хэмээнэ. Танхайн хэрэг бага ч, элдэв юм яривал дээлээ нөмөрчих гээд байдаг, үнэ ханш нь өсөхгүй ч бараа нь олдож өгөхгүй (ээждээ сүү авч өгөх гэж үүрийн 5 цагаас босоод гарахад бараг км урт дарааллын хамгийн ард зогсдог сон), улс төрийн элдэв хэрүүл байхгүй ч дан худал мэдээллээр тархиа угаалгадаг байсан зэргээ ийн тодорхойлдог аж. Ингэхэд цаг ер нь сайхан байсан юм уу, хэцүү байсан юм уу? Бага насаа эргэн нэг дурсъя..

Тэнэг бага нас минь
Хүүхдэд зориулсан танин мэдэхүйн ном ховор байсан юм уу, эсвэл бид өөрсдөө уншдаггүй байсан уу, нэг нэгэндээ л элдэв сонин мэдээлэл дуулгадаг байлаа. Ихэнх нь оргүй худал. Саяхан багадаа сонсч итгэж явсан нэгэн түүхээ дурсан юу гээчийн тэнэг байсныгаа шоолон бодов. Тэр түүх нь болбоос: “Хөлбөмбөгийн хаан алдарт Пелегийн нэг хөл хориотой юм гэнэ. Хэт чанга өшиглөдөг болохоор хорьчихсон юм байх. Тухайн үед нь асууж байсангүй, хориглосон гэхээр FIFA-гийн л шийдвэр байсан юм байлгүй. Нэг өдөр Бразил, Аргентинтай тогложээ. Аргентинийхан тэгсэн, сармагчингаар “батаарлуулж” гэнэ (орос хэлний “вратарь” гэдэг үгийг бид “батаар”, үйл үгийг нь “батаарлах” гэж хэрэглэдэг байсан юм.). Сармагчин нэг ч гоол алддаггүй гэнэ шүү. Штангныхаа (хөндлөвч мод) дэргэд самар цөмөөд л суугаад байх. Тэгээд бөмбөг ирэхээр ганцхан үсэрч барьчхаад л буцаад суучихна. Гэнэт Пелегийн уур хүрч, хориотой хөлөндөө байсан улаан уяаг тайлж нөгөө хөлөндөө уяж байгаад өшиглөөдөх сөн, бөмбөг нь өнөө муу сармагчны гэдсийг цөмлөөд орчихсон дотор нь эргэлдэж байсан юм гэдэг”
Одоо бодоход энэ яриаг сонсч итгэж байсан хүүхдүүд хоёроос долдугаар ангийнхан байв. Жаахан хүүхдүүд гэнэн байж болох, гэтэл бидэнд үүнийг ярьж өгсөн, өөрөө үнэн голоосоо итгэж байсан хүн бол 3 жил цэргийн алба хаагаад ирсэн Эрдэнэ-Очир гэж залуу байсан юм даа.

Энэ тухайгаа бодож байгаад нэгэн туршилт хийхээр шийдлээ. Хоёр хүүгээ дуудаад өнөөх түүхээ яг үнэн хэмээн ярьж өгөөд юу гэхийг нь харахаар шийдэв. Том хүү 12, бага маань 9 настай, яг л бидний анх энэ яриаг сонсч итгэж явсан үе дээр. Нүүрээ хувиргалгүйгээр хөмсөг зангидан ярьж өгөөд, ”үгүй мөн айхтар хүчтэй хөл шүү” хэмээн дуусгалаа. Овоо тэвчээртэй сонсч суусан хоёр маань дуусангуут л хөхрөөд унав. Том нь “хориотой хөл байхдаа яах вэ дээ” гээд л инээгээд байна. Бага нь янз бүрийн сармагчингуудыг хаалгач болгон Аргентиний хувцастай төсөөлөөд байгаа бололтой, “Бабүүн (baboon) юм уу горилла ч гоё хаалгач харагдана, шимпанзе бол ёстой инээдтэй” гээд л хөхрөөд байх юм. Хүүхэд нохойн доог гээч нь болох нь ээ. Гэнэт би ер нь ганцаараа ийм юманд итгэж явсан тэнэг толгой юу гэж бодов. Тэгээд Монголчуудтайгаа таарахаараа өнөөх домгийг асуудаг боллоо. Азаар, азаар ч гэж дээ, уг нь эмгэнэлтэй л юм, уулзсан болгон энэ түүхийг сонссон, бас итгэж явсан байх аж. Дээр нь нэмээд нэр бүхий алдарт эмэгтэй дуучныг “үүргэвч үүрсэн” Японы тагнуул гэж, Оросын хаалгач Лев Яшиныг босоод гараа унжуулаад зогсохоор гар нь өвдгөө өнгөрдөг гэж, шөнө босч ирээд эзнээ алдаг улаан цув байдаг гэж, Брюс Лиг бартай зодолдож байгаад үхсэн гэж, Туул голд таван матар ирж хүүхэд барьж идсэн гэж, угаагаад пааран дээр хатаасан дотоожинд нь жоомны авгалдай орсноос болж жирэмсэн эмэгтэйгээс жоомон биетэй хүүхэд төрсөн гэж итгэдэг байсан тухайгаа ярьцгааж байлаа.

Уг нь манай боловсролын систем туйлын академик, дөнгөж дөрөвдүгээр ангиасаа авиазүйн нарийн ойлголтууд, зургадугаар ангиасаа бүх ертөнцийн таталцлын хууль үздэг байсан гэхэд жоом, хүн хоёрын хромосом нь нийлээд дундаас нь нэг амьтан гарна гэдэгт итгэж л байдаг. Эцэг эхчүүд хүртэл үнэмшээд угаасан дотуур хувцсаа пааран дээр хатааж болохгүй гэж охиддоо хичээнгүйлэн захиж байсан гэнэ. Манай үеийнхэн нэг талаас ийм тэнэг атлаа нөгөө талаас “хэтэрхий ухаантай” байсан санагдах. Пелегийн хориотой хөлөнд итгэж байсан “тэнэг” бага насандаа Александр Дюмагийн зузаан зузаан романууд, тэр ч байтугай Достоевскийн тун нарийн, сентиметаль туужуудыг амтархан уншдаг байснаа бодохоор хачин шүү. Өнгөрсөн жилийг хүртэл Санта Клаус байдагт итгэж явсан гэнэн, романтик бага хүү маань хөл бөмбөгийн тэмцээн дээр сармагчингаар хаалгач хийлгэнэ гэдэгт хуурагдахааргүй логик сэтгэлгээтэй байгаагийн яг эсрэгээр бид хар багаасаа Өвлийн өвгөн гэх мэт ид шидийн юмсыг төөрөгдөл гэж мэддэг, “егзөр”, “шинжлэх ухаанч” байтлаа яг хажуудаа амьдарч яваа дуучин бүсгүйг тагнуул гээд баригдчихлаа гэж итгэж явдаг!!!

Ер нь л мэдээлэл хомс, хөгшин залуугүй бид үнэхээр гэнэн, тэнэг байж шүү. Бидний тэнэг байх нь дээдчүүлд хэрэгтэй байсан юм байлгүй дээ.

Зэрлэг бага нас минь

Төсөрхөн Блүүмингтон хотын Монголчуудын дунд нэг “аймшгийн” яриа өрнөснөөс үүдэн бага насаа бас нэгэн дурсав. Золоо гэж Америкт өссөн хүү байх. Түүнээс арай ах Билгээ, мань эрд багадаа Монголд хэрхэн тоглодог байсан тухайгаа ярьж, айлгаж байх юм. “Бид нар мэлхий барьж аваад бөгс рүү нь дэрс чихэж үлээж түмбийлгэсээр байгаад хага авдаг байлаа ш дээ”. Золоо бүр айчихсан “Пээ” хэмээн дуу алдана. Үүнийг сонсч суусан Баяраа ярианд оролцов. Билгээ бол 90-өөд оны эхээр тоглож өссөн хорь гарч яваа залуу. Харин түүний дэргэд Баяраа 80-аад онд тоглож өссөн, гуч гарсан ах л даа. “Сүрэг тагтааг хооллож байхад нь гэнэт гагнуурын төмөр шидэхээр дэрх гээ л ниснэ. Гагнуурын төмөрт найдвартай хоёр нь сүлбүүлээд л цустайгаа унаад ирдэг юм”. Эхний хоёр хоёулаа зэрэг дуу алдав. “Энэ юу ч биш” гэсээр ярианд оролцож эхэлсэн хүн бол 70-аад оны хүмүүжигч, 40 гарч яваа Ганбаа байв. “Дарханд бид нар муурыг барьж аваад шалба норгоод байрны гал хамгаалагч руу шидчихдэг байсан юм. Тогтой шитэнд муур наалдчихаад, гал авалцаад л, муухай орилоод байна. Тэгсээр байгаад хав хар юм унадаг юм”. Ганбаагийн үе тэнгийн Тулгаа дэргэдээс нь ярьсан нь: ”Улаанбаатарынхан ч бас зүгээргүй ээ. Муур их зэвүүн, яаж ч шидсэн хөлөөрөө л унаад байна.
Тэгэхээр нь бид нар 9 давхар дээр гарч байгаад, хөлийг нь биетэй нь даруулж сониноор ороогоод “Одоо хөлөөрөө буухыг чинь харъя” гээд шидчихдэг байлаа. Унангуутаа босч хэд алхаад л буцаад уначихдаг юм. Дотуураа цус алдаад үхэж байгаа нь тэр”. Ганбаа бас доор нь орсонгүй, үргэлжлүүлэв. “Дархан анх босч байхад барилгын шавар цемент их байлаа. Муурыг зуурмаг цементэнд биеэр нь хийгээд толгойгий нь гаргаад амьдаар нь хатаачихдаг юм. Тэгж байтал золбин, өлөн нохойнууд тал талаас нь ирээд арр, хурр гээд л толгойгий нь тал тал тийш нь тасар татаад явчихна даа”. Энэ удаад хөөрхий нөгөө Америкт өсдөг Золоо царай нь цайчихсан “Одоо больё оо” гэж хашгирч билээ.

Дээрх залуусын яриа бүгд үнэн. Бид нэг иймэрхүү л тоглож өссөн үеийнхэн дээ. Социализмын үед эх орны бүтээн босголтыг харуулсан том том альбом, зурагт хуудас их гардаг байсан даа. Бяцхан хөөрхөн пионерүүд жагсаж зогсоо, эсвэл хичээл дээрээ можийсон гараа өргөн суугаа зураг та лав харсан байх. Тэд чинь гэртээ харихаараа “төрөл арилжаад” амьтан тамлагч садистууд болчихдог байсан юм. Хамгийн гэмгүй нэг нь л гэхэд чавхаар тагтаа намнасан л байгаа.

Үүнийг бичигчийн өссөн байр, цирк, Далай ээж захын хоорондох цэнхэр цагаан 13 – р байр. Хаа очиж манай байрныхан хөлбөмбөг хөөсөн, томоотой талдаа хүүхдүүд байсан юм. Манай байрны зэргэлдээ байрлах 14А, 2А зэрэг байрны хүүхдүүд гөлөг дүүжилж, арьсыг нь өвчиж тоглодог байсныг сайн санаж байна.

Саяхан Америкийн ТВ-ийн MSNBC сувгаар 5 жилийн дотор арваад бүсгүйг хороосон рэцэдив нөхрийн тухай баримтат кино гарч байна. Шоронгийн өрөөнд түүнтэй ярилцаж буй сэтгэл судлаач бага насных нь тухай, хэнтэй хэрхэн тоглодог байсан тухай нь ихэд нарийвчлан асуух юм. Түүний өмнө History сувгаар түүхэн дэх харгис хэрцгий хүмүүсийн бага насны тухай кино бас гарч байсныг харсан. Барууны сэтгэл судлаач нарынхаар бол хүүхдийн тоглож өссөн орчин, тоглоом зэрэг нь ямар хүн болж төлөвшихөд нь хамгийн чухал нөлөө үзүүлдэг юм байна. Ардчилал гарснаас хойш, харгис хэрцгий нь дэндсэн гэмт хэрэг их гарах болсон. Хүмүүс ихэнх нь үүнийг нийгэмтэй холбон тайлбарладаг, мэдээж тогтворгүй нийгэм гэмт хэрэг гарахад нөлөөлж л байгаа, гэвч тэр хэрэгтнүүдийн олонх нь нөгөө л дал наяад оны амьтан тамлаж өссөн хүүхдүүд байгааг бодохоор тохироо нь бүрдвэл ямар ч хэрэг хийхээс буцахгүй иргэд бүр өмнөх нийгэмд маань сэтгэлзүйн хувьд төлөвшиж байсан хэрэг биш үү.

Олон хүнтэй энэ сэдвээр ярилцаж байгаад хоёр зүйлийг ажиглалаа. Нэгд, хөдөөний хүүхдүүд ийм гаж тоглоом тоглодоггүй байж. Аймгийн төв ч гайгүй. Улаанбаатар, Дархан хоёрт л. Хоёрт, ерөөд оноос эхлэн үе урагшлах тусам тоглоомны хэрцгий чанар нэмэгдсээр, далаад оны үед туйлдаа хүрээд дуусах юм. Жараад оны эх, тавиад оны хүүхдүүд лав тэгж тоглодоггүй байжээ. Сонирхолтой нь нэгэн ахмад офицерийн ярьснаар бол “цэргийн дэг” гээч бас нэгэн гаж үзэгдэл манай армид огт байгаагүй агаад мөн л жараад оны сүүлээс эхэлсэн гэнэ. Хамба лам Чойжамц гуай Вашингтон хотын Монголчуудтай уулзаж байхдаа “Монголчуудын тамын тогооны үлгэр гэдэг худал юм шүү, хүүхдүүд ээ. Монгол хүний уг чанар бол огт тэр биш. Нэгнийхээ алдсан малыг олоод өгдөг, тэрний мал байна, хөөрхий гээд услаад явуулчихдаг байсан юм. Монгол хүний чанар далаад оны үед л их муудсан гэдэг. Тэр үеэс хойш л тамын тогооны үлгэр эхэлсэн юм…” гэж билээ. Тус тусдаа хүмүүсийн яриа гэхэд он цагийн хувьд таараад байгаа нь нэг юм хэлээд байх шиг.

Хоёр хүү дээрээ дахин нэг туршилт хийв.
• Аав нь багадаа “чулуугаар байлдаж” тоглодог байлаа.
• Яадаг тоглоом юм бэ?
• Байр байраараа хоёр талд зогсож байгаад гартаа тааралдсан чулуу, тоосго, газарт юу байна хамаагүй аваад нэгэн лүүгээ нүүлгэдэг юм. Эцэстээ аль зугтаасан нь ялагдана.
• Чулуу нь тархи хагалчихвал яана?
• Юу яана гэж, харин тархи л хагалах гэж тоглож байгаа юм шүү дээ.
• Юуууу??????
• Бас хагархай бөмбөг дотор дүрэн чулуу чихэж тавьчихаад зөрж өнгөрөх хүмүүсээс “Наад бөмбөгөө өшиглөөд өгөөч” гээд гуйна.
• Өшиглөвөл хөл нь өвдөнө ш дээ.
• Харин тэр тусмаа хөгжилтэй. Зарим нь бүр хамаг чангаараа өшиглөөд таварцаглаад унадаг юм.
• ААВ АА!!!!!
• За, за тоглосон юм. Юу гэж аав нь тэгж тоглодог байв гэж!!!

Түгшүүртэй бага нас

Өнөөгийн нийгэмд траншейний хүүхэд гэж эрлэг бий болжээ. Бидний багад түүнээс ч дутахгүй эрлэг байсан нь “атаман” билээ. Цэцэрлэг, бага ангийн атаманууд их хөөрхөн, онгироо тал руугаа байдаг бол хөгшрөх тусам атаманууд аюултай, муу санаатай болно. Бага ангийнхан атаманаа хэн сайн зодолддогоор нь шалгаруулдаг байхад дунд ангийнхнаас санаа муутай нь атаман “ор сууна”. Ахлах ангид бол ердөө хутгалчихдаг хүн атаман болдог дүрэмтэй. Том биетэй, зодоон сайн хийдэг байгаад нэмэргүй, араас нь хутга зоочихвол яах сан билээ? Өөрийг нь хутгалчихгүй юу гэж үү? Гол асуудал энд л байгаа юм. Шорон, колонид явж чадах хэмжээний эрсдэлтэй, өөрөөр хэлбэл ирээдүйд сургууль соёл, мэргэжил гэхчлэн төлөвлөөгүй нөхдүүд л хүн хутгалж чадна. Хутгалж чадсанаар атаман болно. Нөгөө нэг хэсэг нь адилхан хутгалалцаад, адил газар луу явснаас гуя руугаа нэг чичүүлээд гэртээ үлдэхийг илүүд үзнэ. Гэхдээ хүнд дээрэлхүүлэхгүй гээд шазуур зууж үзэлцээд ачигдчихсан залуус бол өөр л дөө. Тэд атаман болбол их хүнлэг атаман болдог юм гэнэ лээ.

Атаманыг, траншейний хүүхэдтэй харьцуулж үзье.
1. Траншейний хүүхдийг тухайн үед дийлэхээр байвал дийлж болно. Дараа нь барагтай бол тааралдахгүй. Гэтэл атаман байнга байж байх тул ямар ч тохиолдолд дийлж болохгүй. Дараа нь хутгалуулна шүү дээ.

2. Траншейний хүүхдэд зодуулаад цагдаад бариад өгч болно. Атаманыг бол хэцүү. Нэг жил зургаан сарын дараа гарч ирээд “Аа чи намайг барьж өглүү” гээд хутгална. Ер нь атаман төрөх гол нөхцөл нь хүмүүс нэг байр, нэг суманд насаараа амьдардагт оршдог байж. Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрсөн гэдгийн адил ардчиллын жилүүдэд атаманы тоо ховордсон нь хүмүүс маш олноор, байн байн нүүн шилжих болсонтой холбоотой юм. Одоо бол юун байрны атаман байтугай, хөршөө ч танихгүй болж.

3. Найз охинтойгоо орцонд нь уулзаад зогсож байхад траншейнийхан орж ирээд зодоод унахгүй. Харин атаманууд бол “Манай байрны охиныг хэн эргүүлээд байна” гээд л ороод ирнэ. Байр болгон өөрийн атамантай болохоор өөр өөр байрны охин эргүүлэх нь нэлээд эрсдэлтэй ажил байв. Ингэхэд “Цус ойртолтонд атамануудын гүйцэтгэсэн үүрэг” гэсэн сэдвээр нухвал мастерийн ажил босоод ирж мэдэх юм шүү. Атамануудаас болоод Толгойтынхон Толгойтдоо, Сансарынхан Сансартаа л байж байдаг, Нацагдоржийнхоор бол “хөмөрсөн тогоон доторх шиг” болох шахаж байжээ. “Хуучин хүү”-гийн хөмөрсөн тогооноос ялгаатай нь гэвэл тэртээ уулыг давбал газаргүй гэж бодсондоо биш даваад явбал зодуулчих гээд л тогоон дотроо суугаад байдаг байсан байгаа юм.

Ингээд бодохоор манай үеийн дундаж хүүхдүүд “цаг сайхан байхад” гэж ярих нь нэг л үнэмшилгүй. Нэгэнт амьдрал нь тогтчихсон, тухайн нийгмийн ач тусаас хүртээд эхэлчихсэн байсан давхаргынхан л тийн өгүүлдэг байх даа.
Эрхэм таны “цаг сайхан байхад”, бид харин ихээхэн тэнэг, зэрлэг, түгшүүртэй явж шүү.

Эх сурвалж: http://tsahimulaach.tsahimurtuu.mn/index.php?action=See&id=148
Зохиогчийн зөвшөөрөлтэй дахин хэвлэв.


URL:

Сэтгэгдэл бичих