Алтны хэрэгт хэн буруутай вэ?

Монголбанкны алтны гадаад худалдаанаас 20-иод килограмм алт дутсан талаарх мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр цацагдах болсон. Манай сонин өмнөх дугаарууддаа энэ хэргийн талаар мэдээлсэн. Алт яагаад дутав, Монголбанк үүнд буруутай юу, Стандартчилал хэмжилзүйн газар буруутай юу.

Эсвэл өөр хэн нэгэн үү. Одоогоор уг хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Монголбанкны удирдлагын багаас бүрдсэн ажлын хэсэг хамтран шалгаж байна. Дээрх дутсан 20-иод килограмм алтыг өнгөрсөн оны гадаад худалдаанаас алдагдсан гэх мэдээлэл гарсан. Гэтэл шалгалтын явцад энэ нь 2003 оноос хойш нийт 18 килограмм алт дутсан хэрэг болж таарав.

Анх гомдол гаргаж цагдаад мэдэгдсэн газар нь Монголбанкныхан. Гэтэл одоо тэдний гурван ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. “Мөн Стандартчилал хэмжилзүйн газрын ажилтнууд нэр холбогдон шалгагдаж байгаа” гэх мэдээлэл ташаа болж таарсан. Харин төв банкны ямар ажилтнуудад эрүү үүсгэсэн нь анхаарал татаж буй юм. Энэ талаар холбогдох газруудаас тодруулан сурвалжилсан боловч шалгаж байгаа эрх бүхий газрууд нууцын зэрэглэлд хамааруулан хэрэгт холбогдсон ажилтнуудын талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан.

Гэсэн хэдий ч албаны зарим эх сурвалжийн хэлснээр Монголбанкны Эрдэнэсийн санг одоо хариуцан ажиллаж буй С.Цагаанхүүд эрүү үүсгээд буй аж. Харин түүнтэй хамт шалгагдаж байгаа хоёр хүний нэрийг нууцалсан хэвээр байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар “Тэд өмнө нь Монголбанкинд ажилладаг байсан” гэв. Гэтэл цагдаагийнхан “Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Өмнө нь Монголбанкинд алт тушааж байсан хүмүүсийг гомдол гаргагч талын удирдлагуудын тусламжтайгаар хэрэгт татаад байгаа” гэсэн.

Хэрэгт холбогдсон, нэр нь тодорхойгүй дээрх хүмүүсийн дунд Монголбанкны Валют эдийн засгийн газрын захирал Г.Дэлгэрмааг хамт байгаа гэх мэдээлэл олны анхаарал татсан. Гэхдээ энэ мэдээлэл ташаа байсан талаар Монголбанкнаас мэдэгдсэн юм. Харин ч Г.Дэлгэрмаа шалгалтын ажлын хэсэгт хамтран ажиллаж байсан аж. Тэрбээр БНСУ-д таван жилийн хугацаатай докторын сургалтад суухаар ажлаа албан ёсоор хүлээлгэн егөөд байгаа гэнэ. Түүнчлэн АТГ-ын даргын туслах н.Батбаяраас энэ хэргийн талаар тодруулахад “Монголбанкны алтны хэрэгтэй холбоотойгоор манайд шалгагдаж байгаа хүн байхгүй. Харин бусад шалгагдаж байгаа хүмүүсийн нэр болон хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь энэ бол хүний нэр хүндтэй холбоотой асуудал. Иргэд хуулийн мэдлэг дутмагаас болж сэжиглэж байгаа хүнийг хэрэгтэн болгож ойлгоод байдаг. Гэтэл шалгалтын явцад гэм буруугүй нь тогтоогдсон ч дараа нь тухайн хүний нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хэнийг ямар хэргээр шалгаж байгааг хэлмээргүй байна” гэлээ.

Мөн Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаагаас лавлахад “Бид мэдээлэл өгөхгүй. Энэ талаар Улсын мөрдөн байцаах газраас асуу” хэмээв.

Стандартчилал, хэмжилзүйн газрын Сорьцын хэлтсийн ажилтнуудыг мөрдөн байцаалтын шалгалтын явцад хэрэгтэй тохиолдолд дахин шалгах эрх нь нээлттэй юм байна. Тус газар иргэд, аж ахуй нэгжээс худалдаалахаар ирсэн алтны сорьцыг тогтоож Монголбанкинд хүргүүлдэг. Тиймээс тус газрын сорьцын мэргэжилтнүүд алтны химийн найрлагыг буруу тогтоосой байж болох гэнэ. Монголбанк өнгөрсөн онд гэхэд 3.3 тонн алт хувиараа гар аргаар алт олборлогч иргэд, компаниудаас худалдан авсан байна. Үүнээс 3.1 тонныг нь цэвэршүүлсэн аж. Алт, эрдэнэсийн нөөцөөрөө дэлхийд толгой цохих Монгол Улсын халааснаас 18-хан килограмм алт цуврах юу ч биш. Зүгээр л ганц цэг төдий зүйл.

Гэвч эдийн засгийн хувьд энэ тоо их тоо, их мөнгө. Уг 18 килограмм алтыг одоогийн ханшаар тооцвол нэг сая гаруй ам.долларын үнэтэй аж. Төгрөгт шилжүүлбэл 1.4 тэрбум орчим төгрөг болно. Энэ мөнгөөр дунд зэргийн хүчин чадалтай компани байгуулж болох аж. Мэдээж байгуулсан компанид нь ажилчид хэрэгтэй болно. Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр барилаа гэж бодоход түүнд дор хаяж 100-аад ажилтан хэрэгтэй. Үүний цаана хэдэн зуун хүн, айл өрхийн амьдрал тогтмол орлоготой болох гээд энгийнээр тооцоолбол 18 килограмм алтнаас нэлээд ашиг гарах юм.

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих