Дэлхийн Банк: Монгол Улсын эдийн засгийн өсөлт богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна

zgvxdvxДэлхийн Банкы Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг өнөөдөр танилцууллаа. “Өсөн нэмэгдэж буй эрсдэлийг даван туулах нь” гарчигтай тус тайланд АНУ-Хятадын худалдааны сөргөлдөөн уг бүс нутгийн эдийн засгийн дархлааг шалгасан үйл явдал болж байгааг онцолжээ.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2018 онд 6.3 хувь байсан бол энэ онд 5.8 хувь, 2020 онд 5.7 хувь, 2021 онд 5.6 хувь болж саарах төлөвтэй байгаа нь уг бүс нутгийн ихэнх орнуудад экспорт болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч байгаатай холбон тайлбарлаж байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 онд 6.8 хувь, 2019 оны эхний хагаст 7.3 хувьд хүрч, эдийн засгийн өсөлт хадгалагдлаа. Ийнхүү өсөлт тогтвортой байхад нүүрсний салбарын гүйцэтгэл, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн хөгжлийн түнш байгууллагуудын 5.5 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэг үргэлжилсэн нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлд эерэгээр нөлөөлсөн гэж Дэлхийн Банкны тайланд онцолжээ.

Макро эдийн засаг, тэр дундаа төсвийн менежмент оновчтой байж, бүтцийн шинжтэй бодлогууд үргэлжлэн хэрэгжиж байгаа нь эдийн засагт багагүй хувь нэмэр оруулсан. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна. Гэсэн хэдий ч улс төрийн тодорхой бус байдал нэмэгдэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хил дээр гарч болзошгүй эрсдэлүүд, мөн мега төслүүдийн хэрэгжилт болон банкны салбарын шинэчлэлүүд удаашрах зэрэг эрсдэлүүд байгааг тайланд анхааруулжээ.

Хэрэв Хятад улсыг хасч тооцвол тус бүс нутгийн орнуудын хэрэглээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан ч харьцангуй тогтвортой байгаа нь уг орнуудын мөнгөний болон төсвийн бодлоготой холбон тайлбарлахаар байна. Бүс нутгийн жижиг орнуудын эдийн засгийн өсөлт тогтвортой байсан нь уг орнуудын өөрсдийн онцлог салбарууд буюу аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, олборлох салбарын идэвхжлээс голлон шалтгаалжээ.

Зүүн Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан Дэлхийн Банкны дэд ерөнхийлөгч Виктория Кваква: ”Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр ядуурал буурах хурдац саардаг. Бидний тооцоолсноор Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын хүн амын бараг дөрөвний нэг нь өндөр болон дундаж орлоготой орнуудын ядуурлын шугам болох нэг өдрийн 5.5 ам.доллараас бага орлогоор амьдарч байна. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард бидний тооцож байснаас бараг 7 сая хүнээр өндөр байгаа юм” гэдгийг онцлов.

Худалдааны сөргөлдөөн нэмэгдэж байгаа нь бүс нутгийн өсөлтөд урт хугацаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг тайланд мөн дурджээ. Зарим улс орнууд дэлхийн худалдааны одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөх явцад илүү ашиг хүртэнэ гэж найдаж байсан ч дэлхийн улс орнуудын худалдааны уян хатан байдал нь тийм ч сайн биш байгаа нь нь бүс нутгийн орнууд ойрын хугацаанд өндөр үр өгөөж хүртэх боломжийг хязгаарлаж байгаа юм.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн тэргүүлэх эдийн засагч Эндрю Мейсон: ”Компаниуд тарифаас зайлсхийхийг оролдож байгаа ч Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын дэд бүтэц сул, үйлдвэрлэлийн хэмжээ хязгаарлагдмал байгаа нь дэлхийн зах зээлд Хятадын гүйцэтгэж байсан үүргийг богино хугацаанд орлуулахад хүндрэлтэй байх болно” хэмээн онцоллоо.

Тайланд бүс нутгийн өсөлтийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлүүд улам нэмэгдэж байгааг анхааруулжээ. Хятад, АНУ-ын хоорондын худалдааны сөргөлдөөн удаан үргэлжлэн, тодорхой бус байдал нэмэгдэх нь хөрөнгө оруулалтын идэвхжилд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хятад, Евро бүс, АНУ-д эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас илүү хурдтай саарч байгаа болон Брэкситын талаарх тодорхой бус байдал зэрэг нь тус бүс нутгийн экспортын гадаад эрэлтийг цаашид улам сааруулж болзошгүй байна.

Өсөн нэмэгдэж буй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд бодлогын зохицуулалт хийх боломжтой улс орнууд, төсөв болон мөнгөний бодлогоор эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэхдээ төсөв болон өрийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэйг тайланд зөвлөжээ. Мөн бүс нутгийн улс орнууд худалдааны нээлттэй бодлого баримталж, бүсийн худалдааны интеграцыг гүнзгийрүүлэх нь үр өгөөжтэй байхыг онцолжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.