Санал асуулга МАН-ын тулгалт уу, ард нийтийн сонголт уу?

712-157075363256556655445654“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт гавьяат багш, доктор П.Баасанжав, Монголын үндэсний фронтын тэргүүн хошууч генерал Б.Баярмагнай, Философийн ухааны доктор Д.Баяндалай, МАХН-ын БЗД-ийн Мянгатын дарга Р.Өсөхбаяр, Монголын үндэсний эмэгтэйчүүдийн намын дарга Б.Саранцэцэг нар оролцож Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу, ард нийтийн сонголт уу сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Доктор П.Баасанжав: Үндсэн хуулийг өөрчилбөл өөрчилсөн шиг өөрчлөх хэрэгтэй
-1992 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн. Энэ зорилт зөв байсан ч энэ хоёр эдийн засгийг хослуулан хөгжүүлж чадаагүй.
-Үндсэн хуулийг өөрчилбөл өөрчилсөн шиг өөрчлөх хэрэгтэй. Намчирхахгүй.
-Үндсэн хуулийг байн байн өөрчилдөг байж болохгүй. 1992 оны Үндсэн хууль бол чадамжтай хууль. Харин 2000 оны дордохын долоон өөрчлөлт орж ирж бусниулсан.
-1992 оны Үндсэн хуулийг ёс зүйтэй хүмүүст зориулсан. Харин ёс зүйгүй хүмүүс буруу ашигласан юм.
-Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой.
-Бид Үндэсний аюулгүй байдлаа алдсан. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүн хэчнээн төгрөгөөр хууль батлуулж болохыг бид мэдэж байгаа.
-Парламент дээд доод хоёр танхимтай, Ерөнхийлөгч засгаа томилдог байх ёстой.
Монголын үндэсний фронтын тэргүүн хошууч генерал Б.Баярмагнай:УИХ-д хуульчид байх ёстой
-Монголын төрийн тогтолцоо гажуудалд орж Үндэсний аюулгүй байдалд аюул учирсан байна.
-Өнөөдрийн УИХ-ын гишүүд бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чадамжгүй. Энэ хүмүүс бол бүлэг гэмт хэрэгтнүүд.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахын тулд тэд улайрч байна. Ард түмний санал асуулга авна гэнэ. Гэтэл саналаа өгөх иргэдийнх нь 90 хувь нь Үндсэн хуулийн талаар мэдлэггүй байна.
-Хоёр танхимтай парламентын засаглалтай байх ёстой.
-Ард иргэд нэмэлт, өөрчлөлтийн талаар ойлголтгүй байгаа энэ цагт хүчээр ард нийтийн санал асуулга авч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй.
-Өнөөгийн Үндсэн хуулиар бид парламентдаа дэндүү их эрх мэдэл өгсөн. Түүнээс болж төрд бизнесмэнүүд үүрлэсэн байна. Тиймээс тэд өөрсдөдөө зориулсан хууль баталж байна.
Философийн ухааны доктор Д.Баяндалай: Одоо байгаа Үндсэн хуулиа хэрэгжүүлье
-Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байгаа бол тооцоо судалгаа, үндэслэлтэйгээр ард түмнээсээ санал асуулга авч батлах нь зүйтэй.
-Үндсэн хууль бол төр ард түмнийг хүчирхийлэхээс хамгаалсан баримт бичиг. Тиймээс энэ утгын хүрээнд өөрчлөх ёстой. Үгүй бол өөрчлөх хэрэггүй.
-Одоо ард түмний төрд итгэх итгэл алдарчээ. Итгэл алдсан хүмүүст итгэж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэх нь дэмий.
-Харин дараа нь итгэл олсон хүмүүс гарч ирсэн цагт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Харин одоо бол 1992 оны Үндсэн хуулиа хэрэгжүүлье.
-Анх ард түмнээсээ санал асуулга авах ёстой байсан юм.
-Хоёр танхимтай байхыг дэмжиж байгаа.
-Байгалийн баялаг төрийн нийтийн өмч байна гэсэн байгаа. Харин хэн эрх мэдэлтэй хүн түүнийг зарцуулж болох юм.
МАХН-ын БЗД-ийн Мянгатын дарга Р.Өсөхбаяр: энэ өөрчлөлтийг хийвэл ирээдүйн Венесуэл болно
-Үндсэн хуулийг сайн болсон эсэхийг дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад эрүүл мэнд , боловсрол, ажлын байр, цалин, орон сууц гэсэн ангиллаар дүгнэдэг байна. Харин манай 1992 оны Үндсэн хуульд дээрх заалтууд байгаа боловч тунхагын чанартай байна.
-Бидэнд V Үндсэн хууль хэрэгтэй байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар анхнаасаа иргэдээс санал асуулга авах ёстой байсан.
-Ардын намын 62 гишүүний өргөн барьсан төсөлд өөрсдийн эрх ашгийг нэмэгдүүлэх гэсэн зүйл заалтууд тусгагдсан байна. Өөрсдийн байр байдал, эрх мэдлээ хадгалах гэсэн байгаа юм.
-Энэ өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийг хийвэл бид ирээдүйн Венесуэл ч болж магадгүй.
-МАН хүч түрэмгийлсэн байдлаар олонхироо дайрч байгаа нь иргэдэд маш хортой.
-Байгалийн баялаг ард түмний өмч байж улс хөгжинө.
Монголын үндэсний эмэгтэйчүүдийн намын дарга Б.Саранцэцэг: Энэ их хурал тарах ёстой
– 60 тэрбум, ЖДҮ гэх мэтчилэн олон хэрэгт холбогдсон энэ гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхгүй гэж үзэж байна.
-Ард түмэн өөрсдөө Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой.
-1990 оноос хойш Ардчилал гэж сайхан зүйл гарсан гэж боддог боловч ганцхан зүйлийг бидэнд олгосон. Тэр нь пасспортоороо гадаад, дотоод явдаг.
-Ардчилал нэртэй анархист нийгмийг бий болгосон. 27 жилийн хугацаанд ард түмний амьдрал хөгжсөн зүйл байхгүй. Өнөөдөр Монголд хоёр хүний нэг нь ядуу байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ 62 гишүүн болон МАНАН, МАФ хийх нь маш буруу.
-Монголын ард түмэн одоогийн хоёр намыг сонгосон. Хоёр гурван үеэрээ сонгож ядуу амьдарч байна. Тэгэхэд энэ хүмүүс та нар биднийг сонго. Бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж яаж ичихгүй хэлж чадаж байна вэ.
Б.Баяржавхлан
Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.