Төрийн сэнтий рүү улайрч, ард иргэдийн хүслээр тохуурхагч

50ccff46dbf4263bad89459ec5400e2dХөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилсан эл өдрүүдэд харамсалтай, сонин содон, хачирхалтай, хүний санаанд үл багтам, ёс зүйгүй, ичмээр үйл явдал шил дараалан өрнөж байна. Тухайлбал, өнөө маргаашгүй гэр хорооллын иргэдийг урьдчилгаагүй, хүүгүй орон сууцанд оруулна л гэнэ, МАХН-ын удирдлагууд.

Тэд бас үүнд нэмээд хугацаагүй буюу насан туршдаа амьдрах боломжтой, үр хүүхдэдээ өвлүүлэх, байраа томсгох, солихоос гадна худалдан авах боломжтой нөхцөлийг санал болгов. Бас л том гошгируулж чадаж байгаа шүү. Таван ханатай гэр, шавран байшингаа халуун усаа хананаасаа авдаг орон сууцаар солих ийм л амархан байж. Төдийгөөс өдийг хүртэлх 30, 40 жилийн хугацаанд гэр хорооллоос салах дэндүү амархан байсныг төрийн үе үеийн удирдлага, шийдвэр гаргах түвшнийхэн ойлгож ухаараагүй явжээ дээ.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ АЛЬ НЭГЭН НАМ ГАРЧ ИРЭЭД ШИЙДЧИХДЭГ ЮМ БИШ

Орон сууцтай болохын тулд хамгийн бага ханшаар бодоход урьдчилгаа 20-30 хувь буюу 20-30 сая төгрөг бүрдүүлэхээс гадна барьцаа хөрөнгө, батлан даагч, төлбөрийн чадвар нотлох гэх мэтчилэн маш олон шаардлага, шалгуурыг хангах ёстой байдаг. Энэ олон шалгуурыг хангасан нь насан туршдаа өртэй үлдэж, чадаагүй нь гэр хороололдоо амьдрахаас аргагүйд хүрдэг. Ийм л хүнд хэцүү, олон шат дамжлагыг гэтэлж, идэж уух, өмсч зүүхээ танан өдөр, шөнөгүй хөдөлмөрлөн байж байртай болдог юм, хүмүүс.

 

Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, тэр дундаа урьдчилгаагүй, хүүгүй байр олгох ч хэн нэгний хэлж, ярьсан шиг тийм ч амархан асуудал биш шүү. Ёстой л үлгэрт гардаг шиг шидтэн гэнэт гарч ирээд саваагаараа дохиж, Улаанбаатар хотыг барилгажуулдаггүй л юм бол айл өрх бүрийг орон сууцтай болгох боломжгүйг төр, засгийн үе үеийн удирдлагууд нотолж, нийслэлчүүдийн тэн хагас нь гэр хороололдоо амьдарсаар байгаа билээ.

Тодотгоё, Ипотекийн зээлийн хүүг аль нэгэн нам гарч ирээд шийдчихдэг асуудал биш. Эдийн засаг талаасаа ч зах зээлийн эрэлт, нийлүулэлтээсээ хамаарах нь мэдээж. Өнөөгийн нөхцөлд биелэх боломж нь хомс. Улс орны хөрөнгийн авдар хоосорч, эдийн засаг элгээрээ хэвтэж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажилгүйдэл, ядуурал нүүрлэж явсан цаг саяхан. Энэ хүнд байдал одоо ард хоцорсон ч инфляц өндөр, валютын ханш өсөлттэй, ОУВС-гийн хөтөлбөрөөс хараат бус болж чадах нь тодорхой бус, гаднаас авсан зээлүүдийн төлөх хугацаа ойртсон эмзэг үе ирээд байна. Манай улсын бодит байдал, нөхцөл боломж ийм түвшинд байхад МАХН-ын удирдлагууд юу ярих нь энэ вэ. УИХ-ын ээлжит сонгуулийн гарааны зурхай руу цаг хугацаа дөхөх тусам төрийн зөөлөн сэнтийд санаархагчид хөдөлж эхлэн биеллээ хэзээ ч эс олох амлалт өгч, санал авах ажилдаа ханцуй шамлан улайрч байгаагийн нэгэн жишээ бол МАХН-ынхны ёс зүйгүй энэ үйлдэл юм. Тодруулбал, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян “МАХН эрх баригч болно. 2020 оноое Ипотекийн зээлийг тэг хувийн хүүтэй болгоно. Шинээр орох хүмүүсийг тийм зарчмаар оруулна. Өмнө орсон хүмүүсийн төлсөн хүүг үндсэн төлбөрт тооцно. Барилгын салбар тэлнэ. Банкууд эрүүлжинэ. Хүмүүс аз жаргалтай болно” хэмээн цахим орчинд төдийгүй олон нийтэд зарлав. Ингэж л хүмүүсийн эрэлт хэрэгцээ, хүсэлд дөрөөлж, санал авахаар зүтгэж байна. Учир нь, Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй иргэд бүгд л орон сууцтай болохыг хүсч, зорьдог. Зарим нь хоёр өрөө байрны мөнгө цуглуулахаар хилийн дээс алхдаг бол нэг хэсэг нь зээлд хамрагдахыг хүсдэг.

Энэ оны наймдугаар сарын байдлаар 95054 иргэн Ипотекийн зээлтэй бөгөөд эдгээрийн 74.3 хувь нь найман хувийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан зээлдэгч аж. Ипотекийн нийт зээлийн 83 хувь нь Улаанбаатар хотод байршилтай орон сууц авахад зарцуулжээ. Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаагаар хот, хөдөөгийн 50 мянга орчим өрх орон сууц худалдан авах боломжтой ч найман хувийн зээлд хамрагдаж чаддаггүйг тогтоосон байна. Энэ бол эрэлт хэрэгцээ байгаагийн бас нэгэн баталгаа. Тэд үүн дээр л тоглолт хийв.

ТӨРИЙГ УДИРДАЖ БАЙХДАА ЭНЭ АЖЛАА ХИЙХГҮЙ ЯАВ!

Ард иргэд боломжийн нөхцөлөөр орон сууцтай болох гэсэн хүсэл сонирхолтой тул Ипотекийн зээлийн хүүг тэг болгож, өдгөө хамрагдсан хүмүүсийн хүүнд төлсөн мөнгийг үндсэн төлбөрт тооцох МАХН-ын  хэтийдсэн амлалтад горьдлого тээж, олноороо цугласан болохоос тус намынхныг дэмжиж тэд очоогүй биз ээ. Хэрэв МАХН-ыг дэмждэг байсан бол төр, засгийн жолоог өнөөдөр тэд атгаж байх байлаа. Харамсалтай нь, тийм биш. Тэдэнд ард иргэд итгэл хүлээлгээгүй. Гэхдээ итгэл хүлээлгэж, төрийн жолоог атгуулж байсан үе бас бий. Тэр үед тэд юу хийж, бүтээв. Айл өрх бүрийг орон сууцжуулах ажлаа тэр он жилүүдэд хийхгүй яав. Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд төрийн хамгийн өндөр албан тушаалыг 12 жил тасралтгүй хашсан. Улс төрийн томоохон намын генсек, Соёлын сайд гээд тоочвол бараг 20 жил Монголын төрд эрх мэдэлтэй, эдлэх ямбатай явсан нэгэн. Тэр үедээ улсаа хөгжүүлж, айл өрхийг орон сууцжуулахгүй яасан юм бэ. МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэ “Би барилга хот байгуулалтын сайд байхдаа энэ ажлыг явуулж байсан. Төр бүх нийтийг орон сууцжуулах боломжтой. Гэтэл төр ажлаа хийхгүй байна. МАХН энэ ажлыг олон жил судалж, хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн учраас энэхүү хөтөлбөрийн нээлтийг хийж байна” гэх юм. Тэгвэл энэ хүн Барилга хот байгуулалтын яамыг удирдаж, төрийн сайдын эрх мэдэлтэй байхдаа энэ ажлыг хийхгүй яасан юм бэ. Түүнд эрх мэдэл, албан тушаал байсан. Гэтэл тэр эрх мэдлээ ашиглан гэр бүлээ орон сууцжуулсан нь өдгөө ч шүүх дээр яваа маргааны нэг юм. Тиймээс энэ бол ард иргэдийн чин хүсэлд дулдуйдан улс төрийн ашиг хонжоо эрэлхийлж, сонгуулийн санал “худалдан” авах гэсэн гутамшигтай, эмгэнэлтэй, ичгүүртэй, ёс зүйгүй үйлдэл.

СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛБАЛ ЮУ Ч АМАЛЖ БОЛДГИЙГ ТЭД ХАРУУЛАВ

Сонгуулийн тухай хуульд  ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал хориглох үйл ажиллагааны жагсаалтад нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, төлбөрт, таавар, бооцоот мөрийтэй тоглоом зохион байгуулах ивээн тэтгэх зэргийг багтаадаг. Энэхүү журмаар ирэх жил буюу 2020 онд нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах эрхгүй болох учир оны өмнө эхлүүлсэн нь энэ болов уу. Энгийнээр хэлбэл, сонгуулийн жилийг угтсан ийм төрлийн далд сурталчилгааг хуулиар хориглосон зохицуулалт манайд байхгүй учраас ард иргэдийн хүслээр ингэж тохуурхаж байгаа нь тэр. УИХ, нийслэл, орон нутгийн сонгуульд ялалт байгуулж л байвал юу ч хамаагүй амалж, популизмыг дээд цэгт нь хүргэж болдгийг МАХН харуулав. Монгол Улсын төрийн жолоог атгаж явсан, том намынхан бусад намд сайн жишиг болж, үлгэр дууриалал үзүүлэх ёстой атал түмнийг доромжилж, үл хүндэтгэн тохуурхаж байгаа нь ичгүүртэй.

С.Юмсүрэн

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих