Трампын гар барилт эдийн засгийг сэргээх үү?

Трампын_Хятадтай_гар_барилт_эдийн_засгийг_сэргээх_үү

Брендан Муррей

Хятад, АНУ хоёр өргөн хэмжээ­ний худалдааны гэрээ байгуулах төлөвийг нээлттэй үлдээсэн боловч хоёр орны өсөлтийг дэмжих бодитой зүйл хийсэнгүй. Учир нь тэд эдийн засагчдын үл итгэдэг “Гар барилт” гэх зүйлээс цааш хэтэрсэнгүй. Хятадын тал Америкийн ХАА-н бүтээгдэхүүний худалдан авалтаа хоёр дахин өсгөж, жилдээ 50 тэрбум ам.долларт хүргэнэ хэмээн амлав. Энэ нь Дональд Трампыг 2020 онд дахин сонгогдоход тустай хөдөөгийн сонгогчдод хандсан улс төрийн алхам болохоос 21 их наяд ам.долларын ДНБ-тэй улсын хувьд өчүүхэн хэмжээ юм.

Хариуд нь Бээжин энэ сард төлөвлөгдсөн тарифын өсөлтийг хойшлуулах шийдвэрийг Цагаан ордноор гаргуулж чадлаа. Гэвч Трампын эдийн засгийн томоохон сүрдүүлэг болон хар үүл хэвээр үлдээд байна. Хятадаас ирэх импортын бүх бараанд ногдуулах тариф 12 дугаар сарын 15-нд хэрэгжих хэвээр байгаа нь өргөн хэрэглээний олон барааны үнийг өсгөнө.

АНУ-ын Худалдааны сайд Стивен Мнучин ням гарагт АВС телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Бидэнд хийх ажил маш их байна. Гэхдээ хоёр тал хүчин чармайлт гаргаж, энэ бүхнийг дуусгана гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ. Гэвч хөрөнгө оруулагчид эргэлзсэн хэвээ байгаа. Өнгөрсөн долоо хоногт худалдааны зөрчил намдах шинж мэдэгдэхэд АНУ-ын хувьцааны үнэ дээшилсэн боловч баасан гарагийн орой бодит байдалтай тулгарч, буцаад уруудав. Ноён Трампын “Манай улсын түүхэнд хамгийн том” хэмээн нэрлэсэн тохиролцоонд нэлээд дутагдал харагдана.
Уг асуудлыг жил гаруй ярилцсан хэдий ч ямар ч баримт бичигт гарын үсэг зурсангүй. Иймээс эдийн засагчид эргэлзээгээ илэр­хийлж, 18 сар үргэлжилсэн худал­дааны дайнаар доошилсон өсөл­тийг сэргээнэ гэдэгт үл итгэсэн шинжтэй байна. Morgan Stanley-н стратегич Майкл Зезас, Мередит Пикетт нар “Өнөөгийн тарифыг багасгах арга замыг заасангүй. Тарифын өсөлт бол бодитой эрсдэл. Иймээс дэлхийн өсөлтийн төлөвийг дээшлүүлэх компанийн үйл ажиллагааны бодит сэргэлт гарна гэдэгт бид итгэхгүй байна” хэмээн бичжээ.
Австралийн шинжээч Реймонд Юнг “Саяын дэвшлийг үл харгал­зан хурцадмал байдал мөддөө арилах шинж алга. Хэлэлцээ янз бүрийн шатанд үргэлжлэх явцад эдийн засгийн эрсдэл байсаар байна” хэмээн анхаарууллаа. Тэрбээр “Хэлэл­цээний 1-р шат гол төлөв ХАА-н худалдан авалт, тари­фын хойшлуулалт ба зах зээл нэвт­рэлтийг хамарлаа. Гэвч техно­логи шилжүүлэх ба үндэсний аюулгүй байдал зэрэг үндсэн асуудал руу орох хүртлээ ихээхэн саадтай тулгарна” гэж бичсэн байна.
Энэ мягмар гарагт ОУВС 2019, 2020 оны дэлхийн өсөлтийн төлөвийг дахин доошлуулж магад­гүй байгаа. Зургадугаар сард тус сан дэлхийн эдийн засаг энэ онд 3.2, ирэх онд 3.5 хувиар өснө гэсэн таамаг нийтлүүлсэн нь төлөвийг 2018 оны 10 дугаар сараас хойш дөрөв дэх удаагаа доошлуулсан хэрэг юм. Ирэх баасан гарагт гарах Хятадын ДНБ-ий гуравдугаар улирлын тайлан есдүгээр сар хүртэл гурван сард өсөлт 6.1 хувьтай байсныг зарлах байх. Энэ нь сүүлийн 30 жилийн доод үзүүлэлт бөгөөд Хятадын удирдагчдын урт хугацааны төлөв­лөгөөнд үл нийцэх хурдац юм.
Эдийн засагчдын энэ мэт өөдрөг бус таамгийг өөрчлөхийн тулд Бээжин, Вашингтон хоёр өнөөгийн хэлэлцээ болон 11 дүгээр сард болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум дээр оюуны өмч хийгээд амлалтыг хэрэгжүүлэх асуудалд мэдэгдэхүйц ахиц гаргах шаардлагатай. “Ийм нотолгоо бий болох хүртэл бид түр намжилтыг тодорхойгүй хэмээн дүгнэсээр байх болно гэж” Morgan Stanley-н стратегичид бичсэн байна.

Od Ko

ЗГМ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.