Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт АН-ын амь орсон гурван саналаар “баяжина”

15710466725da4451020c9fАрдчилсан намын гурван санал амь орж, сонгуулийн холимог тогтолцоо, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал цаг хугацааны асуудал боллоо. УИХ  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан.  Ажлын хэсгийнхэн өмнөх долоо хоногт гурван өдөр хуралдсан бөгөөд зөвшилцөл амжилттай явагдаж байгаа гэдгийг Д.Тогтохсүрэн тодотгож байсан.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрөгч  баасан гарагт  Үндсэн хуульд  нэмэлт,  өөрчлөлт оруулах журмын  тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хоёр хуульд нэмэлт,  өөрчлөлт орууллаа. Энэ саналыг  дээрхи ажлын хэсгийнхэн гаргасан гэдгийг ажлын хэсгийн  дарга Д.Тогтохсүрэн хэлсэн. Үүнийг зөвшилцлийн анхны үр дүн гэж харах учиртай. Мэдээж хэрэг, зөвшилцлийн гол асуудал МАН, АН-ын хооронд болно. АН-аас Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтөд оруулахаар санал болгосон гурван гол санал хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад унасан нь гал дээр тос нэмнэ гэдэг шиг юм болчихоод байгаа.  Тэгвэл АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр “Энэ зарчмын гурван саналыг оруулахгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлт явагдахгүй” гэдгийг мэдэгдэж  ийм байдлаар зөвшилцлийн ажил үргэлжилж байна гэсэн юм.

Гэхдээ АН-ын санал болгож буй Ерөнхийлөгчийг ард түмнээс бус парламентаас сонгодог байх, сонгуулийн холимог тогтолцоотой болох гэсэн хоёр заалтыг иргэд огтхон ч дэмжихгүй. Энэ хоёр заалт сонгодог парламентын засаглалыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой байж болох ч  Монголын парламент одоохондоо тэр хэмжээнд хүрэх болоогүй.  Хэрэв энэ хоёр заалтыг эцэг хуульдаа тусгаж өгвөл Ерөнхийлөгчөө сонгох ард түмний эрх мэдлийг булаасан явдал, улс төрийн намууд иргэдийн хүсээгүй хүнийг хууль тогтоох байгууллагад шургалуулах  арга замаа хуульчиллаа гэж харна.

Гэсэн хэдий ч АН-ын гурван саналыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах нь бараг тодорхой болж байгаа юм шиг байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнбатын үг ч үүнийг гэрчилнэ.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахын тулд тэдний саналыг  нааш харж инээж, цааш харж уйлж байгаад  хүлээж авах гарц л МАН-д байгаа бололтой.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр АН-ын дэмжлэгийг Үндсэн хуулийн өөрчлөлт дээр авахын тулд  МАН сонгуулийн холимог тогтолцоог 2024 оны УИХ-ын сонгуулиас эхэлж дагаж мөрдөх, мөн Ерөнхийлөгчийг 2025 оноос эхлэн парламентаас сонгодог болох талаар зөвшилцөлийн ажлын хэсэг дээр яригдаж байгаа гэсэн мэдээлэл бий.  Өөрөөр хэлбэл 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэсэн үг. Харин одоогийн Ерөнхийлөгчийг дахин сонгогдох магадлалтайг харгалзан харж үзээд 2025 оноос  эхлэн парламентаас сонгодог зохицуулалтыг оруулахаар зөвшилцсөн бололтой.

Өчигдөр МАН-ын бүлэг хуралдсаныхаа дараа мэдээлэл өгөх үеэр ирэх долоо хоногооос Үндсэн хуулийн нэмэлт өөрчдөлөлтийн гуравдугаар хэлэлцүүлэг эхэлнэ гэдгийг хэлсэн. Тэгэхээр эцэг хуулийн өөрчлөлт АН-ын гурван саналаар баяжигдах нь баараггүй болж байх шиг байна.

М.Нэргүй

http://www.zaluu.com/read/3eg41c5cc


URL:

Сэтгэгдэл бичих