Улстөрийг бизнестэй хослуулах шинэ засгийн бодлого

Ерөнхий сайд С.Батболд сайд нарынхаа томилгоог хийснээс хойш удалгүй дэд сайд нарын томилгоог хийж олон хүнийг сэтгэлийн шархнаас нь салгасан.

Хэрэв дахиад жаахан цаг алдсан бол МАН-ын олон гишүүн энэ суудал өөд мацаж нойр хоолгүй зүтгэх байсан биз. Гэхдээ энэ томилгоог харахад дэд сайд нар хэтэвч зузаантай, улстөрд шинэ задрууд болж орж ирж байгаа нөхдүүд голлож байна. Сайд нарын бүрэлдэхүүн УИХ-ын гишүүдээс бүрдсэн бол дэд сайд нар НАМЗХ-ны гишүүдээр өргөжлөө.

Тус холбооны дарга Л.Оюун-Эрдэнэ “залуучууд томилгоо, сайд нарын суудлын төлөө зүтгэхгүй. Цаг болоогүй байна” гэсэн зүйлийг хэлж байсан бол өнөөдөр энэ байр суурь нь хэдийнэ эргэжээ. Өчигдөр томилогдсон зургаан дэд сайдын дөрөв нь НАМЗХ-ны гишүүд буюу Удирдах зөвлөлийнхөн байна.

Урд орой нь Төрийн ордноор гүйж, Ерөнхий сайдтай уулзаж залуучууд дэд сайдад зүтгэж байгаа гэх таамгийг улам баталгаажуулж асуудлыг тодорхой болгосон юм. Маргааш нь болсон томилгоо тийм шинэ, сонин байсангүй.

Сонгууль хүртэл үлдсэн зургаахан сарын хугацаанд цуурхай, дайчин, бүтээлч ажиллах үүрэг хүлээсэн дэд сайд нарыг танилцуулж байна. Ерөнхий сайд тэдэнд ойрын хугацаанд хоёр хоёр бүтээлч ажил санаачилан эхлүүлэхийг үүрэг болгосон.

Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр

МАН-ын хамгийн үнэнч задруудын нэг гэж үнэлэгддэг. Одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн хувьд хамгийн итгэлтэй найдвартай түшиж болох хүн нь.

1974 онд төрсөн. 1987-1991 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991-1993 онд Техникийн их сургуулийн Компьютер, техник менежментийн сургууль, 1993-1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1994-1998 онд Япон Улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургууль төгссөн.

Удирдлагын ухааны бакалавр. 1998-2000 онд Японы “БСП” компанид мэргэжилтэн, 2000-2001 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2001-2005 онд Японы “Коника Минолта” компанид мэргэжилтэн, 2005-2009 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилцааны албаны дарга, 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Төрийн албанд хоёр жил ажиллажээ. Төрийн албан туршлага багатай ч намын дотоод ажилд нэлээд нухлагдаж ажлын дөртэй болсон гэж үзэж томилсон  байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд П.Баянмөнх

Мөн л НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн. Шинэ сайд нар дундаас энэ салбарыннхаа гал тогоонд ажиллаж байсан гэдгээрээ үнэлгээ сайтай яваа.

Намтар түүхэд нь олон хар бараан мэдээлэл бараг байхгүй. Төрийн албанд зүтгэж арын фрондод удсан гэдэг. Сүүлийн үед генсек болон МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдэд их л таалагдаад байгаа залуу. 1970 онд төрсөн.

1993 онд ХААИС-ийг Мал зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хөдөө аж ахуйн ухааны доктор. 1993-1995 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2010 онд ХХААХҮЯ-нд сайдын туслах, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 14 жил ажиллажээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр

Хэвлэлийн болон дуулианы эзэн. С.Батболдын танхимын хамгийн залуу гишүүн. Түүнийг бизнесийн салбар, шоу ертөнцөд л нэр нь танил болохоос төрийн албанд ажиллаж байсаныг нь хэн ч мэддэггүй.

“Монголын алт” компанийн дэд ерөнхийлөгч, Ардын намын Бага хурлын гишүүн, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Намаа шинэ байртай болоход нь тэрбум төгрөг хандивлаж олны анхааралд орж ирсэн.

Дорнод аймгаас УИХ-д нэр дэвших гэж бэлтгэлээ базааж яваа. Энэ танхимын гишүүнээр томилогдоход хамгиыйн их шүүмжлэл дагуулж байгаа гишүүн. Гэсэн ч залуучуудын фракц, ерөнхийлөгч асан Н.Багабанди дэмжиж  нүдээ анин зүтгүүлсэн.  1978 онд төрсөн. 1997-2000 онд АНУ-ын Ваппарайсо их сургуулийг Улс төр судлал, практик бизнес гэсэн хос мэргэжлээр, 2009-2011 онд ХБНГУ-ын Техник, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага, инженерингийн магистр цолтой төгссөн. 2001-2009 онд Тагнуулын ерөнхий газар, 2010 оноос “МАК” компанийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.  Төрийн албанд долоон жил ажилласан гэж намтарт нь дурджээ.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Цэнгэл

Автотээврийн газрын даргаар ажиллаж байхдаа Петро чайна компанитай нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж гарч ирсэн. Үүнийхээ төлөө шударга хүн гэсэн үнэлгээг өөртөө наасан. Мөн л НАМЗХ-ны гишүүн. Төрийн албаар хүмүүжсэн гэж хэлж болохоор энэ залуу нам доторхи хотын фракцийн итгэлтэй гишүүн.

Харин түүнийг УИХ-ын гишүүн Р.Рашийн хүргэн гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. 1968 онд төрсөн. 1985-1990 онд ЗХУ-ын Иваново хотын Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2000-2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр цолтой төгссөн. 1990-1992 онд Дархан хотын шүүхэд нарийн бичгийн дарга, 1992-1999 онд НИТХ, НЗДТГ-ын зохион байгуулагч, хуулийн зөвлөх, 2000-2000 оны 6 дугаар сар хүртэл Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер, 2000-2008 онд Гаалийн байгууллагад албаны дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, 2008-2012 онд ЗТАЖЯ, ЗТБХБЯ-нд Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 21 жил ажиллажээ.
Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав

Эрдэс баялаг, уул уурхайн салбартаа 20 гаруй жил ажилласан. Шинэ нийгэмд шилжих үеэс уул уурхайн чиглэлээр хувийн хэвшлийг авч явсаар топ аж ахун нэгж болтол нь авч яваа болохоор ЭБЭХ-ний салбарын удирдлагад байх ёстой хүн гэж Ерөнхий сайд харсан бололтой.

НАМЭХ холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Эмэгтэйчүүдийн фракцидаа нэлээд нөлөөтэйд тооцогдох түүнийг  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, генсек У.Хүрэлсүх нар нэлээд сайн дэмжсэн гэдэг. 1959 онд төрсөн. 1975 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1976-1981 онд МУИС, 1984 онд ЗХУ-ын Москва хотын их сургууль, 1993 онд Итали Улсын Ром хотын их сургуулийг инженер-геологич, ашигт малтмалын гэрээ эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Геологийн ухааны магистр. 1981-1992 онд Улсын барилгын зургийн институт, Геологийн товчоонд лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, 1992-2012 онд “Монполимет” группын ерөнхий захирлаар ажиллаж байсан. Төрийн албанд 10 жил ажиллажээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа

Хувийн хэвшлээс төрийн сайдын сэнтийд сууж байгаа уламжлалаар орж ирж байгаа нэгэн. Гэхдээ тэрээр улстөрд тийм ч шинэ хүн биш. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч бөгөөд УИХ-ын сонгуульд удаа дараа нэр дэвшээд үзсэн.

Өнгөрсөн МАН-ын Бага хурлын үеэр намын даргадаа нэлээд сайн тал засч байгаа Дорнод аймгшаас нэр дэвших эрх авсан гэдэг. Намаасаа өрх тусгаарласан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын орыг залга хүч үзэхээр шийдсэн юм билээ. 1964 онд төрсөн.

1972-1982 онд Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль, 1982-1983 онд ЗХУ-ын Эрхүү хотноо хэлний бэлтгэл, 1983-1988 онд Москва хотын Удирдлагын дээд сургууль төгссөн. Инженер-эдийн засагч, удирдлага зохион байгуулалтын мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. 1989-1990 онд Удирдлагын хөгжлийн институт, 1990-1994 онд БСШУЯ-ны дэргэдэх Олон улсын лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, 1994-2009 онд “Бишрэлт” группийн захирал, 2010-2011 онд “Гэр бүл хөгжил төв”-ийн тэргүүнээр ажиллаж байсан. Төрийн албанд зургаан жил ажилласан хэмээн товч намтарт нь дуржээ. ХХААХҮ-ийн дэд сайд П.Баянмөнхөөс бусад нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа орчихсон яваа аж.


URL:

Сэтгэгдэл бичих