Дуучин Т.Ариунаагийн “16 нас” дуу сошиал ертөнцөд дахин хит боллоо

ariunaaa-640x4261982 он. “15 настай сурагч Т.Ариунаа Монголын радиогоос зарласан хүүхдийн дууны улсын уралдаанд “16 нас” дуугаараа түрүүллээ…”. Одоогоос 37 жилийн өмнөх энэ мэдээ тухайн үед багагүй дуулиан тарьж байсан биз ээ. Үнэхээр ч Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаагийн дуулсан “16 нас” дууг мэдэхгүй хүн ховор. Хүүхэд насны дурсамж сэдрээх энэ дуу олон жилийн дараа сошиал ертөнцөд дахин хит болж байна. Дуучин бүсгүй маань өнгөрсөн бямба гарагт фэйсбүүк дэх Т.Ариунаа/T.Ariunaa хэмээх албан ёсны хаягтаа дээрх дууг байршуулсан даруйд сошиал хэрэглэгчид мянга мянгаараа үзэж, өдгөө нийт үзэгчийн тоо 230 мянга хол давжээ.

“Амьдралын минь алтан босго 16 нас минь

Азтайхан, баяртайхан 16 хавар минь

Эх орныхоо эзэд

Иргэний паспорт авна аа гээд

Хүлээж ядан чамтай золголоо

Хүсч мөрөөдсөөр чамтай учирлаа…” хэмээн цангинасан хоолойгоор дуулж явсан дуучин Т.Ариунаа “Л.Галмандах багшийн маань ая, С.Надмидын үг “16 нас” дууг би 1983 онд Монголын радиогийн Алтан фондод анх бичүүлж байлаа. Тэр үеийг орчин үеийн техник, технологитой харьцуулахын аргагүй. Нэг л алдаа гаргасан бол дахиад л дуулах болдог байсан. Л.Галмандах багш бид хэд үүр цайтал ажиллаж, дуугаа бичүүлсэн дээ. Нэг зүйлийг онцлоход, энэ дуунд өгүүлсэнчлэн 16 нас хүрсэн хүүхэд бүрт иргэний паспортыг нь хүндэтгэлтэйгээр гардуулж “Эх орныхоо эзэн нь чи шүү” гэдэг ухамсрыг төлөвшүүлдэг байсан. Миний хувьд, “Нарны дуулал” хүүхдийн хамтлагт гоцлол дуучнаар орж, 1985 онд аравдугаар ангид байхдаа “16 нас” нэртэй анхны пянзаа гаргаж байлаа. Монгол орны өнцөг булан бүрээс ирдэг байсан чин сэтгэлийн үгстэй захидлууд надад маш их урам зориг хайрладаг байсныг эргэн дурсахад сайхан байна” гэж ярилаа. Ард түмний дунд хит болсон олон дууг дуулсан дуучин Т.Ариунаа ирэх сарын 08-нд “Буянт-Ухаа” спортын ордонд “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Түүний тоглолтыг үзэхийг хүсвэл ticket.mn, shoppy.mn сайтаас захиалах боломжтой аж.


URL:

Сэтгэгдэл бичих