Г.Батбаяр: О.Боргилд бүх насаар нь хорих ял төлөвлөсөн

b080523a0b64f9ef1c25f24765970a5bНийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 давхраас 22 настай Ц гэх эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө гарсан. Түүнийг унах үед талийгаач эмэгтэйн найз залуу О.Боргил гэгч хамт байсан бөгөөд түүнийг уг хэргийн сэжигтнээр татан шалгаж эхэлсэн.

Дээрх хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байсан ба шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос сэжигтэн О.Боргилыг цагдан хорих санал шүүхэд хүргүүлж түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид зургаадугаар сарын сүүл хүртэл цагдан хориод байсан билээ. Энэ хугацаанд амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд урьдчилсан дүгнэлтэд үндэслэн талийгаачийг өндрөөс унахад  бусдын дарамт шахалт байсан гэж цагдаагийн байгууллагаас үзсэн юм. Ингээд хүнийг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл ангиар сэжигтэн О.Боргилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тэгвэл мөрдөн байцаалтын шатанд талийгаачийг нас барсны дараа өндрөөс шидсэн болох нь баримтаар тогтоогдсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Бид энэ асуудлаар талийгаачийн ар гэрийнхний өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.

-Талийгаачийг цонхоор шидсэн нь тогтоогдсон гэсэн мэдээлэл яваад байгаа. Энэ үнэн үү?

-Хэргийн нотлох баримтуудтай холбоотой баримтуудыг шүүх хурлаас өмнө зарлах боломжгүй. Хэвлэлээр яваад байгаа шиг “нас барсных нь дараа шиджээ, тогтоогджээ” гэдэг асуудал шүүх хуралдааны дараа л тодорхой болно. Бидний хувьд хохирогч амь насаа алдахаас өмнө төрөл бүрийн гэмтлүүдийг авч байсан. Үүнийг нь шүүх хуралдаан дээр нотлох баримт болгож маргалдана. Шүүх шинжилгээгээр маш олон гэмтэлтэй гарсан. Хохирогчийн талаас 20 гаран настай ийм сайхан охиноо хүний гарт хөнөөлгөсөндөө маш их гомдолтой байгаа. Хүний амь насны хохирол хэзээ ч нөхөгдөшгүй.

-Талийгаачийн хэргийн үйл явц ямар шатандаа яваа вэ?

-Мөрдөн шалгах ажиллагаа таван сарын турш үргэлжилсэн. Хохирогч өөрөө холбогдогч С.Боргил гэх залуутай хоёулхнаа байсан учраас энэ хэргийн бодит байдлыг тогтооход маш хүндрэлтэй байсан. Эхлээд Эрүүгийн хуулийн 10.4.1 буюу Бусдыг амиа хорлоход хүргэх гэсэн зүйл ангиар зүйлчилж С.Боргилыг шалгаж байсан. Энэ зүйл анги нь таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх зүйлчлэлтэй. Гэтэл явцын дунд Шүүх шинжилгээний дүгнэлт гарч ирснээр өмгөөлөгч нар гомдол гаргаж эхэлсэн.

-Шүүх шинжилгээгээр ямар дүгнэлт гарсан бэ?

-Талийгаач амьд ахуй үедээ авсан гэмтэл, өндрөөс унасан гэмтлүүдийн ялгааг гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг өмгөөлөгчид гаргаж эхэлсэн. Талийгаач бүсгүй амьд байхдаа маш их зодуулж байсан байдал нь ил болсон. Тиймээс гэр бүлийн хүчирхийллээ нуун далдлахын тулд хамаарал бүхий этгээд нь ам насанд нь халдсан байна гэж бид гомдол гаргасан. Тэгээд С.Боргилд холбогдох хэргийн зүйл ангийг өөрчлүүлсэн.

-Ямар зүйл ангиар яллаж байгаа вэ?

-Хэргийн бусад нотлох баримтуудыг үндэслээд Эрүүгийн хуулийн 11.2.8 буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх аргаар бусдын амь насыг санаатай хөнөөсөн гэдэг зүйл ангиар зүйлчилж шалгаж эхэлсэн. Энэ нь есөн төрлийн хүндрүүлэх нөхцөлөөс бүрддэг. 12-20 жил хүртэл, эсвэл бүх насаар нь хорих хуулийн санкцтай. Ингээд С.Боргилыг цагдан хориод шалгаж эхэлсэн ч шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаж сулласан. Бид тэр этгээдийг бас өөрийгөө өмгөөлөх, гэм буруугүй гэдгээ нотлох эрх нь байгаа юм чинь сул явж байг гэж бодсон. Тиймээс бид үндсэн шүүх хуралдаанд хэргийг хүндрүүлэх нөхцөл буюу бүх насаар нь хориулах гэсэн байр суурьтай оролцоно. Шүүх хуралдаанаар эрүүгийн хариуцлагыг өндөр оногдуулахаар хохирогч талын өмгөөлөгчид ажиллаж байна. Мэдээж холбогдогч тал зүйл ангийг өөрчлүүлэх, хөнгөн ял авах талаас маргалдах байх.

1555

-Шүүх хурал хэзээ болох вэ?

-Хэрэг долоо хоногийн өмнө шүүхэд шилжсэн. Яллагдагчаар шилжээд 15 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлэг зарлан явуулаад урьдчилсан хэлэлцүүлгээс шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гарах юм бол шүүгдэгч болж хувирна. Яллагдагч этгээдтэй холбоотой шүүх хурлын үндсэн хуралдаан товлогдоогүй байна. Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай санал талуудаас гараагүй байна. Энэ долоо хоногоор урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт өгөх 15 хоног дуусч үндсэн шүүх хуралдааны тов гарах юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.