FATF Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсанаа дэлхийд зарлажээ

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага FATF-аас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан талаараа мэдээллээ. Уг жагсаалтад Монголоос гадна шинээр Исланд, Зимбабве улсыг оруулахаар шийдвэрлэж, харин Этиоф, Шри Ланка,Тунис улсуудыг эрсдэлтэй жагсаалтаас хассан байна.

FATF-аас гаргасан албан мэдэгдэлд “Эдгээр орнууд нь FATF-ийн зөвлөмжийг биелүүлж, дутагдлаа арилгах төлөвлөгөө боловсруулсан. Энэхүү төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэж байгаа” гэжээ.

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагын зүгээс Монгол Улсад дараах дөрвөн зөвлөмжийг өгчээ. Үүнд:

1. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх.

2. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлэх.

3. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх.

4. Хориг арга хэмжээг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг авах зэрэг багтжээ.

Монгол Улс “сааралт жагсаалт”-д орохгүйн тулд FATF-аас тавьдаг техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжийн 35-ыг, шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжийн долоог хангасан тухай Төв банкнаас мэдээлж байсан юм.

Мөн Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил өөрийн сошиал хуудаснаа дараах зүйлийг бичээд байна. Тэрбээр,

42114e4a844c5202c105b0a24eb8f631“Монгол Улс саарал жагсаалтад орсон нь бидний хүсэн хүлээж байсан үр дүн биш ч гэлээ бүх зүйл төгсчихөж байгаа хэрэг ч бас биш юм. Цахим сүлжээгээр доорх агуулга бүхий пост /Монголбанк арилжааны банкуудад хязгаарлалт тогтоож, ААН, хувь хүний өдөрт гадагшаа шилжүүлэх мөнгөний хэмжээ өдөрт 1 сая төгрөг, түүнтэй тэнцэх валют байхаар тогтоожээ гэх мэт/ идэвхжих шинжтэй байна. Хэвлэлийн төлөөлөгчийн хувиар хариуцлагатайгаар мэдэгдэхэд, Монголбанкнаас гадаад төлбөр тооцоог хязгаарлах чиглэлээр, мөн мөнгөн гуйвуулгын тоо, хэмжээн дээр ямар нэгэн хязгаарлалт, хориг хийсэн, тийм агуулгаар алив тушаал, шийдвэр, захирамж огт гаргаагүй болно. Эцэст нь хэлэхэд саарал жагсаалтад орсон гэдэг нь ОУ-ын зүгээс бидэнд хориг арга хэмжээ авч байгаа хэрэг огтоос биш бөгөөд эрчимтэй хяналтын хугацаанд биелэлт хангагдаагүй асуудлуудаа шийд л гэсэн сануулга юм. Тиймээс та бүхэн тайван, амгалан байцгаана уу” гэсэн байна.

Монгол Улс “Саарал жагсаалт”-д багтсанаар

-Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах;

-Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;

-Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;

-Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;

-Эдийн засаг агшиж, ард түмний амьдрал доройтно хэмээн албаны хүмүүс мэдээлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.