УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын амлалтаас болж “Монгол тэмүүлэл” сургууль тойрсон маргаан дэгджээ

712-1571620447Ж.ЭнхбаярУИХ-ын гишүүн болохын тулд улстөрчид юу эсийг амлах. Ядуу сонгогч, ядарсан иргэдийн эрх ашгийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэсэн болгоныг дөрвөн жилийн дотор бүтээн босгож, ажилтай,  амьдралтай, сургуультай, эмнэлэгтэй болгохоо тунхаглан зарладаг. Гэсэн ч бодит амьдрал дээр тэр бүх амлалт хэрэгжих нь тун ховор. Хэрэгжүүллээ гэхэд нэг амлалтаар нөгөө боломжийг устган үгүй хийх замаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулах нь ч бий.

Энэ удаад гэхэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын сонгуулийн амлалтын золиосонд Монгол Улсын боловсролын салбарт олон улсын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Монгол тэмүүлэл” сургууль үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж байх жишээний. Учир нь, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2016 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөхдөө тойрогтоо шинэ сургууль байгуулна гэдэг амлалт өгсөн. Гэхдээ тэрбээр өөрийн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн гурван жилийн турш дорвитой ажил хийгээгүй. Харин УИХ-ын 2020 оны сонгууль дөхөхтэй зэрэгцэн амласан амлалт болон амлалтаа  хэрэгжүүлэх ёстой гэдгээ ухамсарласан бололтой юм.
Ингэхдээ БСШУЯ-ны харьяа, төрийн өмчит, Кембрижийн боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлдэг “Монгол тэмүүлэл” сургуулийн байрыг дээрэмдэж, нийслэлийн 133 дугаар сургуульд шилжүүлэх арга замыг сонгосон нь дэндүү ичмээр. “Монгол тэмүүлэл” сургуульд уг нь Монгол Улсын өнцөг булан бүрээс, англи, математикийн хичээлээрээ Кембрижийн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хичээллэх шалгуурыг давсан шилдэг сурагчид есдүгээр ангиасаа элсэн суралцдаг. Ийм учраас сурагчдынх нь аав ээж, ах эгч нар нь Баянзүрх дүүрэгт санал өгөхгүй нь бодит үнэн. Харин 133 дугаар сургуулийн сурагчдын аав ээж, ах эгч нар буюу ар гэрийнхний тухайд бүгд Баянзүрх дүүргийн иргэн бөгөөд тодорхой хэлбэл тэд ирэх 2020 оны УИХ-ын сонгуулиар албан ёсоор дүүрэгтээ саналаа өгнө гэсэн үг. Энэ бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын бодож олсон “алсын хараа” буюу УИХ-ын сонгуульд санал авах боломжит нүүдэл.
Үүний тулд тэрбээр “Монгол тэмүүлэл” сургуулийг байрнаас нь хөөж, 133 сургуулийг байртай болгохоор сэтгэл шуударсан. Яг л олон мянган жирийн иргэдийн боломжийг хааж, өөртөө бага хүүтэй урт хугацааны “ЖДҮ”-ийн зээл авч, ЖДҮ-чин болсонтойгоо адил эрдэм мэдпэгт шамдан суралцаж, үе тэнгийнхнээ манлайлж буй сурагчдын боломжийг энэ удаад тэрбээр УИХ-ын гишүүнээр дахин сонгогдох шунал хүслийнхээ төлөө  дээрэмдэхээр шийдсэн нь нэг талаасаа гайхмаар зүйл биш ч юм шиг. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэгчлэн бодвол шүү дээ. Гэхдээ ийнхүү нэг сургуулийг нөгөө сургуулиар нь хөөлгөх замаар УИХ-ын сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийг санаархахдаа тэрбээр төрийн тогтоол шийдвэр гэдэг албан ёсоор архивлагдаж, хууль бус үйлдэлд өгөх зохих ёсны хариулт болох албан ёсны баримт нь үлдэж хоцордог гэдгийг мартсан бололтой. Учир нь, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт олон улсын лаборатори сургуулийн зураг төслийн дагуу баригдсан уг сургуулийн байрыг “Монгол тэмүүлэл”-ийн эзэмшилд 2017 онд хүлээлгэсэн өгсөн Төрийн өмчит, бодлого зохицуулалтын газрын дарга, БСШУЯ-ны сайдын тогтоол бий. Мөн “Сургуулийнх нь байр ашиглалтад ортол нийслэлийн 133 сургуулийг түр нэг, хоёрдугаар давхартаа байрлуулна уу” гэсэн яамны шийдвэр ч он сартайгаа, тамгатайгаа байгаа.
Улмаар 133 сургуулийн барилгыг барих тендер зарлагдаж, гүйцэтгэгч нь ч шалгарсан байдаг. Гэтэл уг сургуулийн барилгыг барих ёстой газар нь “Тайгам алтай” барилгын компанид шилжсэн байсан тул бүтээн байгуулалтын ажил урагш яваагүй түүхтэй. Өдгөө энэ маргаан шүүх дээр үргэлжилж байгаа. Ийм байхад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уг газар яагаад юуны учир “Тайгам алтай” компанийн мэдэлд очсоныг асуух бус харин “Монгол тэмүүлэл”-ийг хөөн гаргахыг чухалчилж буй нь яах аргагүй хачирхмаар, гайхмаар хэрэг биш гэж үү. Тэр дундаа, “Монгол тэмүүлэл”-ийг байрнаас нь хөөлөө гэхэд нэг сургуулийн асуудал бус эргээд БСШУЯ-наас хэрэгжүүлж буй Кембрижийн хөтөлбөрт хүндрэл бэрхшээл учирна гэдгийг яагаад бодож үзсэнгүй вэ.
Түүнчлэн цагаан дээр хараар “Энэ байр “Монгол тэмүүлэл” сургуулийнх гээд бичигдсэн байхад Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн нэгдүгээр байр руу гүйн очиж, яаран сандран “Монгол тэмуүлэл” сургуулийг танай байр руу нүүлгэнэ. Одоогийн байдлаар хүүхэд хүлээн авах орчин нөхцөл тааруу байгаа тул засвар хийх санхүүжилтийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нөөц хөрөнгөнөөс гаргана” гээд зарлачихав. Уг нь энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө тэрбээр нийслэлийн 133 сургуулийн асуудлыг С.Амарсайхан шийдвэрлэх үүрэгтэй болохоос бус “Монгол тэмүүлэл” сургуулийг өөрийнх нь байрнаас хөөж туух эрх мэдэл хотын даргад байхгүй гэдгийг мэдмээр юм. Гэсэн ч тэрбээр өөрийн эрх үүргийг энэ удаад бүрэн дүүрэн ойлгодоггүй гэдгээ дээрх шийдвэрээрээ дамжуулан баталж өгөв. Товчхондоо хотын даргын энэ үйлдэл нь БСШУС-ын яамны эрх мэдэлд халдаж буй хэрэг бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш 115 дугаар сургуулийн гурван давхарт толгой хоргодож байгаад, арай хийн 2017 онд өөрийн байртай болсон “Монгол тэмүүлэл” сургуулийг дахин хөөж туун, завсар үйлчилгээ хийгдээгүй их сургуулийн булан тохой руу нүүлгэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ, хотын дарга аа. Тэр дундаа олон улсад Монгол Улсын нэр хүндийг олон улсад тахалж, амжилтыг бататгаж, үнэ төлбөргүй Кембрижийн боловсрол олгож байгаа яамны харьяа сургуулийн үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын сонгуулийн амлалтын төлөө эрсдэлд оруулан золиосолж болох юм уу, Ё.Баатарбилэг сайд аа.
sonin.mn

URL:

Нэр: зочин Огноо: 14 November 2019

90-ээд онд ын Сүлжмэлийн I үйлдвэрийг хувьчилаж аваад үгүй хийсэн хүн дээ. Ждү-гээ хамгаалж үнээнийхээ фермийг үзүүлж байгаа бололтой! УИХ гишүүн болно гэдэг чинь ТӨР хувийн хэвшлийг хослуулж хөрөнгөө арвижуулахыг хэлээд байгаа юм уу?Тэгхээр чинт яах арггүйл тэднийгээ хамгаалаад хөөн хэлэлцэх хугацааг татна биз дээ?Бас болоогүй төрийн давхар дээл өмсөн?Ингэхээр хөөрхий УИХ гишүүд чинь ямар олон давхар дээлтэй юм бэ? тэр бумтан болохоор л тийм байхдаа??

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.