Монголыг устгах бодлого буюу Чөлөөт зах зээлийн эдийн засаг

Чөлөөт зах зээлийн эдийн засаг ( free market economy) хувийн чөлөөт өрсөлдөөнийг чухалчилдаг ба эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлахыг шаарддаг. Учир нь төр эдийн засгийн харилцаанд оролцох нь эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг үгүй хийдэг гэж үздэг. Чөлөөт зах зээлийн эдийн засаг нь либериализм дээр суурилдаг ба худалдагч болон худалдан авагчид өөрсдийн хийсэн аливаа үйлдэлдээ өөрсдөө хариуцлага хүлээнэ гэж номлодог. Гэхдээ чөлөөт зах зээлийн эдийн засаг үнэхээр тийм хүсээд баймаар зүйл үү гэдгийг бид эргэж харах хэрэгтэй байна. Учир нь Монгол улс чөлөөт зах зээлийн эдийн засгийн заавар зөвлөмжөөр 22 жил явлаа. Энэ хугацаанд эдийн засгийн ямар нэг хөгжил гарсангүй, шинэчлэл явагдсангүй, үр дүн нь харагдсангүй.

Чөлөөт зах зээлийн эдийн засгийн онолчид эхлээд төрийн өмчийн бүх үйлдвэр, компаниудаа хувьчил гэсэн бид хувьчилсан, ямар ч мэдлэггүй, эх оронч сэтгэлгүй З.Энхболд тэргүүтэй ардчилсан нөхдүүд бүгдийг нь хувьчилж аваад тараагаад, төмрийн хогонд өгөөд дууссан. Төрийн зохицуулалт байхгүй бол бид төрөөр яах вэ дээ, төрийн хамгийн гол ажил бол улс орноо хөгжүүлэх, ард иргэдээ сайн сайхан амьдруулах, тиймээс энэ ажлаал сайн хийх хэрэгтэй. Үүний тулд тодорхой зохицуулалтууд бас байх ёстой. Хамтын зах зээлийн эдийн засагт хувийн өмчийг маш сайн дэмждэг ба үүний хажуугаар төрийн зөв зохицуулалтыг үндэстний, ард түмний баталгаатай амьдралын төлөө чиглүүлдэг.  Төр зүгээр л чөлөөт өрсөлдөөн гээд л бүхнийг өөрөөсөө холдуулдаг чөлөөт эдийн засгийн гаж жишээ Монголд зөндөө байна.

Ингээд бид үйлдвэрч үгүй, бүтээн байгуулалт ч үгүй болоод дууссан. Барууны хөгжингүй орны эдийн засаг санхүүгийн институтууд болон экспертүүд ядуу буурай, хөгжиж буй орны эдийн засаг дээр тоглолт хийж өөрийн улсын ашиг сонирхлыг хангахын  тулд чөлөөт зах зээлийн эдийн засаг гэгчийг диваажин мэт сурталчилдаг. Яг энэ загвараар Монголчууд бид шууд л төрийн мэдлийн бүх зүйлээ хэрэгтэй хэрэггүйг нь ялгалгүй хувьчлаад дууссан. Ардчилалын үеийн замбараагүй засгийн газрын 1996 оны 7 дугаар сарын 31- ний өдрийн 177 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороо гэгчийг байгуулсан нь Монголын түүхэнд хар үсгээр тэмдэглэгдэх үйл явдал болж үлдсэн юм.

Тухайн үеийн Монголын өөдтэй өнгөтэй гэсэн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь чөлөөт зах зээл, хувийн өмч гэсэн нэрээр халхавчлан хувьчилсан байдаг. Үнэндээ тухайн үеийн өмч хувьчлал тийм ч шударга явагдаагүйг олон баримтаас харж болно. НИК, Чингис зочид буудал, Алтан тариа, АПУ гээд л ар араасаа хөвөрсөн олон үйлдвэр компануудын хувьчлал хэн нэг эрхмийн халаасанд луйврын аргаар орсон гэдэг. Өмч хувьчлалруу бүр нарийн орвол бөөлжис хүрч, дотор муухай оргимоор баримтууд зөндөө бий. Харин өнөөдөр ард түмнийг луйвардаж авчихаад ичих ч үгүй миний байгуулсан компани гээд яриад сууж байна.

Төрийн бүх зохицуулалтуудыг алга болгож, Монгол улсын стратегийн ач холбогдолтой хүнсний болоод бусад бүтээгдэхүүний үйлдвэрүүдээ хувьд гаргаж хаясан. Үүний үр дүнд талхны болоод шатахууны үнэ яаж өсөж галзуурч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Монгол шиг үнийн өсөлт нь дураараа авирлагчдын гарт байдаг улс орон Африкт л байгаа байх. Бүхнийг чөлөөт өрсөлдөөн гээд л хаячихна, ард түмэн эцэг эхгүй хүүхдүүд шиг шоовдорлогдоно. Хоёр нам миний шатахуун түгээх станц үнээ нэмээгүй, чинийх нэмсэн гэж ичих ч үгүй ярьж байгааг та зурагтаар харсан биздээ. Ерөөсөө энэ эрх баригч хоёр нам Монгол улсыг ард түмэнтэй нь хамт хоёр хуваагаад авчихсан юм биш үү.  Ард түмнийг хувалз мэт сорж, зад хошгируулаад, хэмх хулхидах л хоёр намд хамгаас чухал. Цайны ганц гэдэг шиг өөр чадах зүйл тэдэнд үнэндээ байхгүй л дээ хөөрхий. Гадны эдийн засгийн алуурчдын хожлын хөзөр нь манай Монголын улс төрийн намууд ба түүний амьгүй албатууд болжээ.

Дараа нь чөлөөт эдийн засагчид жижиг дунд үйлдвэрийг хөгжүүл, энэ л Монгол улсын хөгжлийн гарц гэдэг ухуулга явуулсан. Ингээд засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил гэгчийг хүртэл зарлан байж, эх орноороо жижиглэнгийн хөдөлмөрчин болох холын аянд гарсан даа. Гаднаас ч зөндөө зээл тусламж авлаа, ард түмний татварын мөнгийг ч чамгүй зарцууллаа үр дүн нь ердөө гардаггүй. Аргагүй шүү дээ жижиг дунд үйлдвэр нэртэй Хятадын үйлдвэрлэлийг дэмжих л бодлого явсан юм чинь. Өнөөдөр Монгол улсад 66491 жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүд байна, даанч нэг нь ч гадны зах зээлд гараагүй. Жижиг дунд үйлдвэрээр хөгжсөн орон дэлхий дээр нэг ч байдаггүйг Монголчууд бид анзаарсангүй, бусдыг дагаж намираад жижиг дунд үйлдвэрт баахан ашиггүй хөрөнгө оруулалт оруулаад тэгээд энэ төсөл дампуураад дууссан. Үр дүнд нь их өр үлдсэн. Арга ч үгүй шүү дээ энэ чиглэлд оруулсан зээл тусламжийн 90 гаруй хувийг эрх баригчид өөрсдөө халааслаад үлдсэнийг нь иргэдэд өндөр хүүтэйгээр өгөөд банкны хүүгээр буцаагаад авчихсан юм чинь. Ингээд ХААН банк зэрэг арилжааны банкнуудын халаасанд 2700000 иргэнээ тушаачихсан юм. АНУ болон Японы жижиг дунд үйлдвэр нь өндөр технологи, мэдлэг дээр суурилсан байдаг гэдгийг Монголд хэн ч ойлгосонгүй. Жижиг дунд үйлдвэр, хувийн хэвшилд хөрөнгө оруулсан нийт 6.3 тэрбум ам доллар хэний халаасанд оров юунд зарцуулагдав. Энэ их өрийг хэн төлж барагдуулах вэ? Ард түмэн төлөх үү? Авсан эзэд нь (ард түмний нэрийг барьж зээл авсан эрх баригчдын хамсаатнууд) төлөх үү?

Үүний дараагаар Монгол улс уул уурхай хэмээх гайхамшигтай сайхан зүйлтэй учирсан. Эрх баригчдад асар их мөнгө, бас дахин мөнгө, унтсан ч сэрсэн ч мөнгө харагдаад мөнгөнөөс өөр бодох зүйлгүй боллоо. Оюутолгой, тавантолгойг яаж өөрт ашигтайгаар зарах вэ гэсэн ганцхан бодол хамтарсан засгийн газрын алтан зарчим болж, ашгүй нэг юм Оюутолгойг гадныханд хямдхан наймаалчихаад хоёр намынхан бод идсэн боохой шиг болов. Нэгэнт гол ажлаа хийчихсэн учраас Н.Алтанхуяг би замын хань би ч буруутай, чи ч бас буруутай тиймээс дуугүй салъя гэж хэлээд С.Батболдоо хаяаад сонгуульдаа одов. Ингээд хамтарсан засгийн газар хэмээх үлгэр төгсөв.

Чөлөөт зах зээлийн эдийн засаг нь хяналттай зах зээл болон зохицуулалттай зах зээлүүдээс эрс ялгаатай, учир нь эдгээр тохиолдлуудад төрийн оролцоо байдаг. Чөлөөт зах зээлийн эдийн засаг ёсоор бүхнийг нээлттэй болго гэсэн бодлого нь улс оронд эмх замбараагүй эдийн засгийн харилцааг үүсгэдэг. Мөн хувийн өмчийг наагуураа дэмжсэн дүр үзүүлээд цаагуур нь улс үндэстнийг эдийн засгийнх нь хувьд цөлөмдөг. Үндэстний, улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтууд хийгддэггүй, яг л Оюутолгойн ажилчдын байр шиг гэр, майхан зэрэг нь чөлөөт зах зээлийн эдийн засгийн хамгийн том бүтээн байгуулалтууд. Нэгэнт үндэстний хэмжээний бүтээн байгуулалт хийгдэж, аж үйлдвэрлэл босохгүй учраас, тухайн улс орон өрөндөө баригдаж өтөндөө идэгдэнэ.  Төрийн зохицуулалт байхгүй бүх зүйл нээлттэй учраас гадны мэргэжилтэн, биенесмен нэртэй луйварчид дураараа авирлаж эхэлнэ. Үнэндээ эдийн засгийн алуурчдад нээлттэй, чөлөөтэй эдийн засгийн бодлого хамгийн таатай орчин нь юм. Яг л голын эрэг дээр олзоо хүлээн буй загасчин шиг ядуу буурай орнуудыг өлөн нүдээр ширтэнэ. Одоо ч гэсэн хэзээ миний дэгээнд Монгол хэзээ орох бол гэж хаа холын Америкаас шүлсээ савируулан суугаа даа. Тэдний хамгийн үнэнч шадар туслахууд нь Монголын бирд сэтгэлтэй, хувиа бодсон мэдлэггүй, эх орноо хэзээд худалдахад бэлэн улс төрчид юм.

Монголчууд бид чөлөөт зах зээлийн эдийн засгаар явсан 22 жилд 9.1 тэрбум ам долларын гадаад өртэй ( ДНБ-ээсээ 2 дахин их гадаад өртэй), ХАА болон уул уурхайд суурилсан дэндүү хоцрогдсон эдийн засагтай, авлига, шударга бус байдалд идэгдсэн улс төртэй, баталгаагүй амьдралтай болжээ. Чөлөөт зах зээлийн эдийн засгаар хөгжинө гэж яваад бид өрөндөө баригдсан, хоцрогдсон техник технологитой хэдэн жижиг дунд үйлдвэртэй, утаандаа хордсон Төв азийн цээжин дахь буурай хөгжилтэй улс болоод үлдвээ хөөрхий. Монгол улсын 9.1 тэрбум ам долларын гадаад өрний бараг 70% нь хувийн хэвшилд ноогдож байгаа ч, Монголд аж үйлдвэрийн нэг ч төсөл хэрэгжээгүй шүү дээ.  Олон улсын түвшинд гарах чадвартай нэг ч компани Монголд алга. Бандааш, оймсоо ч хийж чадахгүй байгаа үндэстэн 21-р зуунд байж болох уу. Монгол улсын нэг хүнд 3500 ам долларын гадаад өр ноогддог. Та төрөхдөө өртэй, амьдрал тань нил өр, үхэхдээ бас өртэй. Нэг л өдөр Монгол улс өрөө дарж дийлэхгүй учраас хоосон хүний хоёр чихийг ав гэдэг шиг байгаа ганц зүйл болох газар нутгаа өгөх л дутаад байна. Монгол улсын 3 тэрбум ам доллар гадны банкинд жилийн 1%-ийн хүүтэйгээр хадгалагдана, харин Монгол улсын иргэн дотооддоо жилийн 24%-ийн хүүтэй зээлэнд шулуулна. Энэ бол зүгээр солиорол, галзуурал. Ерөөсөө Монголын төр гадныхны төлөөл ажилладаг болж.

Төр эдийн засагт оролцохгүй байснаар улс оронд томоохон хэмжээний хямрал болдогийг 1930, 2007 оны АНУ-ын санхүү, эдийн засгийн хямрал гэрчилдэг. АНУ төрийн зохицуулалттай хамтын эдийн засгийг хэрэгжүүлсэний үндсэн дээр их хямралуудаасаа гарч байсан. АНУ чөлөөт зах зээлийн эдийн засаг улс орныг хоосруулдаг гэдгийг нь мэдсээр байж ядуу буурай орнуудад үүнийг сурталчилдаг бас хэрэгжүүлдэг. Ингэснээр тэд колончлолын эдийн засгийн бодлогоо маш амжилттайгаар хэрэгжүүлдэг. Африк, Латин америкийн олон ч орныг энэ загвараар цөлмөсөндөө. Үүний нэг хохирогч нь Монгол улс юм. Монголчууд бид дэлхийн банк тэглээ, азийн хөгжлийн банкны мэргэжилтэн ирлээ гээд л байдгаа барьж далдагнаж гүйж байгаад  сан хөмрөгөө сэгсэрүүлчихдэг нь гэм биш зан болжээ.

Чөлөөт зах зээлийн эдийн засаг бол ортодокс үзэл. АНУ, Герман, Япон зэрэг улс орнуудыг чөлөөт зах зээлийн эдийн засагтай гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ хамтын зах зээлийн эдийн засгийн системтэй байдаг. АНУ-ын томоохон эдийн засагч Милтон Фридман чөлөөт зах зээлийн эдийн засгийн гол төлөөлөгч боловч өөрөө эдийн засгийн энэ тогтолцооны алдааг хүлээсэн байдаг. Тэр ч бүү хэл АНУ, Герман зэрэг улсуудад либерализмийн идеологитой улс төрийн нам гэж байдаггүй. Барууны чиглэлийн идеологитой намууд нь бүгд консерватив намууд байдаг. Харин Монгол мэт буурай хөгжилтэй орнуудын оюуны болон, улс төрийн нүүр царай болсон хүмүүст чөлөөт зах зээлийн эдийн засаг, либериализм гэх зэргийг сурталчлан итгүүлж, тэгсэнээрээ өөрсдийн атгаг санаагаа хэрэгжүүлнэ. Нөгөө хэд нь учраа мэдэхгүй, ард түмнийхээ эсрэг зүйл хийж байгаагаа мэдэлгүй өөрсдийгөө од болгож хөөрцөглөнө. Либериализмийн идеологи төрийг хүчгүй болгож, үндэстний үнэт зүйлийг устгадаг маш аюултай үзэгдэл гэдгийг анхаарах хэрэгтэй.

Баримт: Австраличууд чөлөөт зах зээлийн эдийн засгийг маш урам зориг дүүрэн хэрэгжүүлж бүх зүйлээ хувьчлаад, бүх татвар эдийн засгийн орчноо чөлөөтэй, уян хатан болгожээ. Үүнийхээ үр дүнд аж үйлдвэрийн газрууд нь устаж гадаад өр нь асар их нэмэгдэж, хувийн өмч дээр суурилсан, татвар төлдөггүй эрлийз эдийн засаг болон хувирчээ. Ажилгүйдэл нэмэгдэж, үүнийг дагаад санхүү, эдийн засаг, нийгмийн хямралууд гарч, эх орон ч сэтгэлгүй жижиг дунд үйлдвэрүүдтэй л үлдсэн түүх байдаг.

Монголчууд бид одоо ухаарах цаг нь ирж, хангалттай алдлаа одоо алдах эрх ч, хугацаа ч байхгүй, Монголд ухрах зам байхгүй.

Монгол улсын хөгжлийн гарц
Хамтын зах зээлийн эдийн засаг

Америк чөлөөт биш хамтын зах зээлийн эдийн засагтай, харин яагаад  Монголд чөлөөт зах зээлийн эдийн засгийг сурталчина вэ???
Дэлхийн түүхэнд улс төр эдийн засаг хоёр салангид явж ирсэн түүх нэгээхэн ч байдаггүй. Улс төрийг ярьвал заавал эдийн засаг, эдийн засгийг ярьвал заавал улс төр яригддаг. А.Смитээс, Кейнс хүртэлх бүхий л эдийн засгийн томчууд эдийн засаг дахь төрийн оролцоог байх ёстой гэж үзсээр ирсэн. Төр эдийн засаг хоёрын харилцааг хамгийн сайн хангадаг эдийн засгийн онол бол хамтын зах зээлийн эдийн засгийн онол юм.

Хамтын зах зээлийн эдийн засаг нь ( social market economy) улс төрийн социал демократ (social democracy) идеологи дээр суурилдаг. Тиймээс социал демократ идеологитой намууд л үүнийг хэрэгжүүлж чадна гэсэн үг. Ардчилсан нам өөрсдийгөө либерализмийн идеологитой гэдэг үүнийгээ ч амжилттай хэрэгжүүлж Монголын төрийн өмчийг төмрийн хогонд өгөөд дууссан. Харин өнөөдөр либерализм Монголд хэрэггүй харин социал демократ идеологи л хамгаас хэрэгтэй байна. Өнөөдрийн хөгжилтэй гэж байгаа дэлхийн улс орнууд бүгд хамтын  зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой.

Хамтын зах зээлийн эдийн засаг нь хувийн өмчийг дэмждэг ба ингэхдээ мөн төрийн оролцоог зохих хэмжээнд байх ёстойг анхааруулдаг. Учир нь бүхнийг хувийн хэвшилд даатгаад зөнд нь хаявал улс оронд эмх замбараагүй дураараа авирласан нөхцөл байдал үүсдэг. Жишээ: Өнөөдөр Монгол улсад нэг өглөө сэрхэд талх, бензиний үнэ яаж нэмэгддэг билээ. Харин АНУ, Германд талхны болон шатахууны үнийг төрөөс татаас өгөх замаар барьдаг.

Хамтын зах зээлийн эдийн засагтай улс орнуудад үндэстний хэмжээний бүтээн байгуулалтууд өрнөж, үндэстний хэмжээний өрсөлдөхүйц корпорациуд бий болдог учраас ажилгүйдэл маш бага түвшинд байдаг. Мөн хөдөлмөрийн болон нийгмийн хамгаалалыг өндөр хэмжээнд хангадаг. Эдийн засагт төрийн оролцоо ( төрийн зохицуулалт гэдгийг зөвөөр ойлгох, төр ард түмнээ, иргэдээ хамгаалах үүрэгтэй) зохих хэмжээнд байдаг учраас инфляци, бодлогын хүү, үнийн хөөрөгдөл зэрэг нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзээд тодорхой стандартуудыг тогтоодог. Тухайн улсын төр ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллахаас биш Монголын төр шиг чөлөөт өрсөлдөөн гээд хаядаггүй.

Хамтын зах зээлийн эдийн засагтай орнуудад монополь болон олигополиуд үүсч улс төрчидтэй хамтран хуйвалдаж ард түмний баялагийг өөрсдийн хувийн эрх ашигт зарцуулах явдал үүсдэггүй. Энэ системд компани болон корпорацууд нь хувь хүний биш нийт үндэстний эрх ашгийн төлөө байдаг. Nokia, Samsung, Toyota шиг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц корпорацууд үүсч ажлын байр, улсын ДНБ болон ҮНБ-д үзүүлэх нөлөө нь асар өндөр түвшинд очдог. Хамтын зах зээлийн эдийн засагт нэг аж ахуйн нэгж хоршооны талаар ярьдаггүй, харин үндэстний ажил эрхлэлт, үндэстний байгууллагууд, үндэстний асуудлуудыг ярьдаг.

Чөлөөт зах зээлийн эдийн засагт эдийн засгийн өсөлт нь маш их хэлбэлздэг ба нэг жил 7% байснаа дараа жил нь 2% болтлоо буурдаг. Харин хамтын зах зээлийн эдийн засагт эдийн засгийн өсөлт нь маш тогтвортойгоор өсөх хандлагатай байдаг. Хамтын зах зээлийн эдийн засаг чөлөөт зах зээлийн эдийн засагт буй хувийн өмч, чөлөөт өрсөлдөөн гэх зэрэг ойлголтуудыг дэмждэг ба ингэхдээ үндэстний хэмжээний асуудлуудыг, ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг. Инфляцийг дураар нь тавих биш төрийн зохицуулалттайгаар барьж чаддаг. Учир нь инфляци бол зохиомол хулгай гэдгийг мэддэг учраас, төрөөс ард түмнээ хамгаалахын тулд инфляцийг үйлдвэрлэгч байгууллагуудыг хянадаг. Монголд инфляцийг үйлдвэрлэгчид нь Монгол банк, шунахай бас мэдлэггүй улс төрчид мөн тэдний гар хөл болсон монополь компаниуд л байгаа  юм. Инфляци бол ард түмний мөнгийг хулгайлах луйварчдын сонгодог арга, тиймээс ч Монголын луйварчид инфляцыг хий хөөрөгдөн, ард түмнээс өгсөн мөнгөө саадаг.

Хамтын зах зээлийн эдийн засагт зээл гэдгийг ойлгохдоо ард түмний сайн сайхны төлөө гэж ойлгодог. Тиймээс урт хугацааны, хүү багатай зээлийг санал болгодог. Харин чөлөөт зах зээлийн эдийн засагт зээлийг яг л хулгай, дээрэм шиг ашиглан, ард түмнийг шулж, цөөхөн хэдэн банкны эзэд баяжаад дуусдаг. Зээл гэдэг бизнесийг дэмжигч хөшүүрэг болхоос, дампууруулдаг арга хэрэгсэл огтхон ч биш.

Хамтын зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлсэнээр: эдийн засгийн өндөр өсөлт, амьдралд хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлс, ажилгүйдлийг бага төвшинд, импортлогч биш экспортлогч орон болно,  амьдралын өндөр стандарт тогтооно мөн эдгээр нь маш тогтвортой байдаг. Глобалчлагдсан, мэдлэгжсэн, технологижсон эдийн засагтай болно. Хамтын эдийн засаг өөрөө өндөр мэдлэг боловсрол, ёс суртахуун дээр тогтдог. Гадны биш дотоодын компануудыг татвар болон эрх зүйн орчноор дэмждэг.  Харин тухайн үндэстний эсрэг тогтвортой байдлын гэрээ гэх мэт луйврын аргыг хэрхэвч зөвшөөрдөггүй.

Улс орны эдийн засаг хэдхэн хүний амьдралын төлөө биш улс орны нийт хүн амын баталгаатай амьдралын төлөө. 21000, 70000 зэрэг нь халамжийн бодлого биш зүгээр л улс төрийн үр дүнгүй шоунуудын нэг. Хамтын зах зээлийн эдийн засагтай орнуудад халамж гэж: Үндсэн хуулиндаа Герман хүн бүр хамгаас эрхэм гээд заагаад өгчихсөн. Тиймээс тухайн улсын иргэн амьдрахад шаардлагтай бүх стандартуудыг хангаж өгдөг. Ажилгүйдлийн тэтгэмж, хүүхэд төрсний тэтгэмж, тахир дутуугийн тэтгэмж зэрэг нь хэлбэр төдий зүйл биш харин тухайн хүн хэвийн амьдралаа аваад явахад хүрэлцэхээр хэмжээнд байна. Идэх хоол, өмсөх хувцас, орох оронтой байх нь тухайн хүний үндсэн хуулиар олгогдсон эрх учраас төрөөс хангаж өгдөг. Нэг ч Герман хүн гудамжинд даарч, хоолгүй хонож, шалдан гүйж болохгүй гэж төрөөс анхаардаг.

Хамтын зах зээлийн эдийн засагтай оронд эдийн засгийн бүхий л харилцаанууд мэдлэг боловсрол, ёс суртахуун дээр суурилдаг учраас хулхидана, залилан хийнэ гэсэн ойлголтууд байдаггүй. Эдийн засгийн үр ашгийг нийт үндэстэн, улс орноороо хүртдэг учраас нийгэмд баталгаатай амьдралтай дундаж давхраа үүсдэг.

АНУ-д микро түвшинд чөлөөт зах зээлийн эдийн засаг үйлчилдэг бөгөөд харин макро түвшинд гараад ирхээрээ хувьцаат компани хэлбэрээр хамтын зах зээлийн эдийн засгийн дүрмээр тоглодог. Хамтын зах зээлийн эдийн засаг хувийн хэвшилийг ерөөсөө үгүйсгэдэггүй харин ч улсаас дэмжиж хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжуудаар татаас олгодог. Харин юунд төрөөс татаас өгч, татварын орчныг нь хөнгөлөх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал юм. Монгол шиг архи, тамхи зэрэг хорт зүйлд дэмжлэг өгдөггүй, талх, сүү зэрэг хүн амын үндсэн хэрэгцээнүүдэд дэмжлэг үзүүлдэг.

Хамтын зах зээлийн эдийн засаг глобал, дэлхийн хэмжээнд гарч улс орны эдийн засгийг үсрэнгүй хөгжилд аваачдаг. Ингэхдээ хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулан, түүндээ тодорхой хэмжээний хөрөнгийг байршуулж, түүнээсээ томоохон төсөл, аж үйлдвэрийн парк, үндэстний корпораци зэрэгт санхүүжилтийг хийдэг. Нэгэнт глобал эдийн засаг нь өөрөө өндөр мэдлэг боловсрол, техник технологийг шаарддаг учраас үүнийг дагаад улс орны боловсролын систем, амьдралын түвшин эрс сайжирдаг.

Д.Санчир


URL:

Сэтгэгдэл бичих