Оффшортой хатуу тэмцэхийг FATF зөвлөлөө

saaral_jagsaalt_1_B0STnCq

  • Оффшортой хатуу тэмцэхийг FATF зөвлөлөө
  • Саарал жагсаалтд орсон ч валютын ханш огцом сулрахгүй гэж төв банк мэдэгдлээ
  • Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкууд өөрийн хөрөнгөө нэмсэн нь саарал жагсаалттай ямар ч холбоогүй” гэв
  • Төв банкны гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь 2016 оноос хойших хамгийн өндөр дүн
  • Цаашид мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай болов
  • ОУВС-гийн хөтөлбөртэй дээрх жагсаалтыг хольж хутгах, өөрсдийн буруутай байдлаа эргэж харах бус хувийн хэвшилд наах сонирхол ч түгээмэл байна 

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (FATF)-ын саарал жагсаалтад Монгол Улс орсон талаар манай сонин анх мэдээлж байсан. Тэгвэл уг жагсаалтад албан ёсоор орсныг баасан гарагт FATF мэдэгдэж, албажууллаа. Ингэснээр Монгол Улс хоёр дахь удаагаа олон улсын санхүүгийн байгууллагын хяналтад байна. Өмнө нь 2013 онд саарал жагсаалтад орж, 2014 онд гарч байсан эмгэнэлт түүхтэй. Монгол Улс хяналтад орсноор улс хооронд хийх мөнгө гуйвуулга удаашрах, их дүнтэй валютын гүйлгээ буцах, гадаадад олон улсын картаа ашиглахад илүү зардал гарах эрсдэл үүсэж байна. Саарал жагсаалтад манай улсаас гадна Исланд, Зимбабве улс шинээр орсон. Албан мэдэгдэлд “Эдгээр орнууд нь FATF-ын зөвлөмжийг биелүүлж, ноцтой дутагдлаа арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан. Мөн энэхүү төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэнэ” гэжээ. Хэдий тийм боловч саарал жагсаалтаас энэ удаад мултарч чадсангүй. УИХ-ын дарга Г.Занданшатар захидал илгээж, төрийн зүгээс уг асуудалд онцгой анхаарч ажиллахаа хүртэл уламжилсан ч нааштай үр дүнд хүрсэнгүй.Арилжааны банкнаас болж дээрх жагсаалтад орсон мэтээр зарим хүн ярьж, хэлж буй. Гэтэл олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын мэдэгдэл үүнийг үгүйсгэж, төрийн байгууллагын уялдаа холбоо сул, хуулийн хэрэгжилт шат шатанд хангалтгүй байгааг цохон тэмдэглэжээ. Шууд хэлэхэд, саарал жагсаалт руу ороход Засгийн газрын яам, агентлаг, тэдний идэвх санаачилга тааруу байсан нь нөлөөлжээ. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкууд өөрийн хөрөнгөө нэмсэн нь саарал жагсаалттай ямар ч холбоогүй” гэж албан ёсоор мэдэгдсэн билээ.Тэрбээр “Банкууд өөрийн хөрөнгөө олон тэрбум төгрөгөөр нэмсэн. Гэтэл тэрхүү нэмэлт эх үүсвэрийг чухам хаанаас хэрхэн хангасан талаарх шалгалтыг Олон улсын валютын сангаас явуулж, энэ асуудалтай холбогдуулан төв банкнаас хуулийн дүгнэлт тайлбар гаргаж өгөхийг хүссэн. Энэ нь манай улсад хэрэгжүүлж буй ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийж буй ажил. Түүнээс FATF болон мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажиллагаатай ямар ч холбоогүй” хэмээн нэмж тайлбарласан юм. ОУВС-гийн хөтөлбөртэй дээрх жагсаалтыг хольж хутгах, өөрсдийн буруутай байдлаа эргэж харах бус хувийн хэвшилд наах сонирхол түгээмэл байгаа нь эндээс харагдана. Тэр тусмаа уг мэдээллийг ашиглан олны танил болох, сонгуульд нэр дэвших үүднээс нийгмийн дэмжлэг олох, өөрсдийн гаргасан алдаа дутагдлыг өрөөл нэгэнд тохох гэсэн хандлага гаарах боллоо. Мөн саарал жагсаалтаар дамжуулан валютын ханшийн зөрүүнээс богино хугацаанд ашиг олох, бараа, бүтээгдэхүүний үнээ далимдуулан өсгөх, нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгох үзэгдэл ч энэ өдрүүдэд эрчимжлээ. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2679 төгрөгтэй тэнцэж байна. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг өнгөрсөн долоо хоногт 20 гаруй төгрөгөөр суларч, дээрх түвшинд хүрэв. Валютын захад гарсан ханшийн хөдөлгөөнийг сааруулах үүднээс төв банк дуудлага худалдаа зохион байгуулж, 70 гаруй сая ам.доллар зах зээлд нийлүүллээ. Төв банкны гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь 2016 оноос хойших хамгийн өндөр түвшин юм. Үндэсний статистикийн хорооны ээлжит  тайлангаар, төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, ашигтай гарч эхэлсэн нь валютын ханшид өмнө нь ирдэг байсан дарамтыг чөлөөлж буй. Мөн төсвийн орлого давж, өнгөрсөн сард гэхэд 484.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан билээ. Саарал жагсаалтад орсон ч валютын ханш огцом сулрахгүй гэж Монголбанкны зүгээс мэдээлсэн. Анхааруулга ирснээс хойш гүйцэтгэл дутуу 20 зөвлөмжөөс 16-г нь, хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс долоог нь манай улс богино хугацаанд ахиулсан байна. Гэсэн хэдий ч дөрвөн үзүүлэлт хоцрогдолтой хэвээр буй. Мөнгө угаахтай холбоотой дорвитой хэрэг шийдэгдээгүй, банк бусын салбарт хяналт шалгалтын хүч дутмаг, нягтлан бодогчдын институт зэрэг мэргэжлийн байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийдэггүй, Хойд Солонгос буюу үй олноор хөнөөх зэвсэгтэй улстай хөдөлмөрийн харилцаатай байгаа, зэвсэг техник наймаалц-сан нь манай улсыг хойш татахад хүргэсэн нь албан ёсоор ил боллоо. Мөнгө угаахтай холбоотой дорвитой хэргүүд дотор төрийн албанд нүүрлэсэн авлигын гэмт хэрэг голлож байгаа юм. Авлигатай тэмцэх газрын мэдээлснээр, манай улсад 11 их наяд төгрөгийн хохирол учирчээ. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризм той тэмцэх тухай хуулийг манай улс баталсан. Гэвч авлигын хэргүүд шийдэгдэхгүй, хуулийн хариуцлага хүлээхгүй удааш рах, замхрах нь саарал жагсаалт руу улсаараа орох үндсэн шалтгаан болжээ. Цаашид мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, мөнгө угаах мөрдөн шалгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гарахаар ажиллахыг FATF зөвлөсөн байна.

Б.Баяртогтох

ЗГМ


URL:

Нэр: зочин Огноо: 21 October 2019

СЭТГҮҮЛ МӨНХБАЯСГАЛАН БИЛ ҮҮ ТЭР ХҮН ГХЯ-НЫ САЙДЫГ ОФФШОРТОЙ ГЭЭД БАЙСАН. ТЭГВЭЛ FAFTҮҮНЭЭС БОЛООД СААРАЛ ЖАГСААЛТАН МУ-гОРУЛЛАА. ЦОГТБААТАР САЙД ЧИНЬ НҮБ-ИНДЭР ДЭЭРЭЭС ҮГ ХЭЛЛЭЭ ГЭХ юм. УЧИРЫГ БҮР ОЛОХОО БАЙЛАА. НЯМДОРЖ САЙД БАРАГ ОДООХОН ГАРНА ГЭНЭ. ЯАЖ? ЗАРИМ ХҮМҮҮС ЭНЭ АЙМАР ЗҮЙЛ БИШ ГЭХ ЮМ. НЭГ Л ЮМ ОЙЛГОЛОО ЗАСАГЛАЛ МАШ МУУ ГНЭСЭН ҮНЭЛГЭЭГ ГАДНЫ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ӨГЧ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Сэтгэгдэл бичих