МАН-ын удирдлагууд Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох хувилбар ярьж эхэлжээ

712-1571702998306abeba-7c52-410d-825c-8aef95635fe2Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагын Саарал жагсаалтад Монгол Улс орсон билээ.

Үүнтэй холбоотойгоор давын өмнө хэрхэн Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагын зөвлөмжийг биелүүлэн, уг жагсаалтнаас гарах, мөн уг байгууллагын зөвлөмжийг цаг тухайд нь биелүүлэлгүй “Саарал жагсаалт”-нд багтаасан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн асуудлууд тулгараад байна.
Үүнтэй холбоотойгоор өчигдөр эрх баригчид буюу УИХ дахь МАН-ын бүлэг, Монгол банк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж нартай хамт мэдээлэл хийв.
Энэ үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: ” ФАТФ-ын есөн хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсын 2013-2016 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийгээд 2017 оны тавдугаар сард ФАТФ-ын хяналтад оруулсан. Харин аравдугаар сарын 18-нд өмнө нь хяналтад оруулснаа албан ёсоор зарласан юм. Хяналт бол 2017 оноос явагдаж байгаа. ФАТФ-аас үндсэндээ дөрвөн шаардлага тавьсан. Тус байгууллага нь өөрийн гишүүн орнуудад хүргүүлсэн мэдэгдэлдээ Монгол Улс хяналтад орсон, гэхдээ аливаа нэг хориг авахыг гишүүн улсуудаас шаардахгүй гэсэн.
Ийм учраас олон нийтийн яриад байгаачлан картын болон олон улсын төлбөр тооцоо зогсох вий гэсэн болгоомжлол үндэслэлгүй.
Мөн ханшан дээр дарамт учрахгүй, төгрөгийн ханш сулрахгүй.” хэмээв.
Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: ”СЗХ-ноос өнгөрсөн өдрүүдэд “Найман шарга” валют арилжааны зах дээрх ханшийн хэлбэлзлийг судалж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдээд ханшийн хэлбэлзэл бага зэрэг байсан. Өнөөдрөөс байдлаар 2,700-гаас доошоо ороод, хэлбэлзэл тогтворжих байдалтай байна гэдэг судалгааг гаргасан.
Манай улсын хувьд 2013-2016 оны хооронд ФАТФ-аас авсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг 2017 онд төдийлөн сайн биш гэж үнэлж байсан бол 2019 оны үнэлгээгээр хурдацтой дэвшил гарсан улсуудын жагсаалтад орсон.” хэмээсэн юм.
Өөрөөр хэлбэл тэдний хаяагаа манасан тайлбараар ханш хийгээд мөнгөний бодлогод асуудал гарахгүй гэнэ.
Гэвч нөхцөл байдал эсрэгээрээ болохыг өчигдөр Япон улсад болсон нэгэн уулзалт нотлов.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо энэ сарын 21-ний өдөр Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзсан билээ.
Энэ үеэрээ  Японы Ерөнхий Сайд Абэ Шинзо Монгол улс мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж, банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Япон Улсын Засгийн газраас олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна хэмээн ямар ч хоёрдмол утгагүй үгүйгээр илэрхийлсэн аж.
Өөрөөр хэлбэл Монголбанкны удирдлагуудын тайлбар яриа худлаа бөгөөд Монголын мөнгөний бодлого, банкны салбарт ихээхэн асуудлууд хуримтлагдаад буйг Японы Ерөнхий Сайд нотлов.
Н.Баяртсайхан тэргүүтнүүд Японы Ерөнхий Сайд Абэ Шинзог улс төржлөө гэж арай мэтгэхгүй байлгүй.
Ийм яриаг өөрөө сонссон Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ч ихэд бухимдсан гэх агаад эх сурвалжуудын өгүүлж буйгаар “Саарал жагсаалт”-тай холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох хувилбар МАН-ын удирдлагуудын түвшинд хэдийн яригдаж эхэлсэн байна.
Э.Мягмар
Sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих