Үндэсний номын сангийн үнэн төрх

712-1571788515hkghkhgk351hj5h1kj5hk“Дээвэр шувууны сангасаар дүүрч, ажлаа хийж байхад заримдаа толгой дээрээс унадаг. Бороо орох үед дээврээс ус гоождог тул шалны алчуураа бариад өнждөг” хэмээн Үндэсний номын сангийн ажилтан ярилаа. Дээврийн хур тунадасны ус ханын дагуу нэвтэрснээс шавардлага ховхорсон, барилгын хана гадна талаасаа хагарч цуурсан, тоосгон багануудын шавардлагад хэвтээ чиглэлтэй ан цавууд үүссэн, шувууны сангас их хэмжээгээр хуримтлагдсан байдалтай дүр зураг биднийг  угтав. Тухайн ард түмний оюуны суурь дархлаа, өвөрмөц дүр төрхийн тодорхой илрэл болсон бичиг соёлын их өв, үнэт бүтээлийг хадгалан хамгаалдаг Үндэсний номын сан руу сурвалжлага бэлтгэхээр очиход ийм дүр зурагтай нүүр тулав. 1951 онд энэ барилгыг 500 мянган номын даацтайгаар тооцоолж ашиглалтад оруулж байсан бол өнөөдрийн байдлаар гурван сая орчим номтой болж өргөжжээ.  Даац 5-6 дахин нэмэгдсэнээс барилгын төв хэсгийн ачаалал хэтэрчээ. Дан ганц Өрнө дахины номын танхим гэхэд 600 мянга орчим номтой болсон байна.

Төв даацын хэсэг дээрээс гоожсон ус хана руу нэвчээд урсгал засвар хийсэн ч будаг нь ховхорч унадаг байна.
Ашиглалтад ороод 68 жил болоход нэг ч удаа засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээгүй.  Тиймээс барилгын ашиглалтын явцад 1970-1980 оны үед хойд, урд талын жигүүрийн номын фондын 4.6 м өндөртэй өрөө танхимуудыг өндрийн дагуу хуваан модон тавцан буюу хучилт хийснээр гурван давхар хэсэг нь ашиглалтын явцад зургаан давхар болж хучилтад ирэх ачааллыг хоёр дахин нэмсэн. Гэтэл үүнтэй уялдуулан барилгын даацын үндсэн хийц бүтцэд нэмэлт бэхэлгээ хүчитгэл хийгээгүй байна. Гаднаасаа гурван давхар харагдах энэ барилга  номын фондуудаа өөрсдөө зургаан давхар болгон өргөжүүлж гурван сая орчим ном хадгалж байна. Энэ талаар Үндэсний номын сангийн маркетингийн менежер Г.Гүнжинлхам “Манай номын сан найман сан хөмрөгт таван хэлтэстэй үйл ажиллагаа явуулж байна. Өдөрт ойролцоогоор 300-500 уншигч хүлээн авдаг. Хоёр талын номын фондын даац хэтэрсэн учраас төв хэсэг рүүгээ ачаалал өгөөд нуралт үүссэн. Барилгын даац хэтэрснээс 200 хүний суудалтай нийтийн уншлагын танхим  цонхоороо сийгэж, уншигчдын тав тухыг алдагдуулдаг.Төв даацын хэсэг дээрээс гоожсон ус хана руу нэвчээд урсгал засвар хийсэн ч  будаг нь ховхорч унадаг.  Дээврээс гоожиж байгаа усыг хана руугаа нэвчүүлэхгүйн тулд дээвэр дээр хулдаас тавьсан. Ус зайлуулах найман цоргоос тав нь хагарсан” гэлээ. Үнэхээр гадна талаас нь харвал дээвэр дээр хулдаас унжуулсан байх аж. Харин дотор талын зарим танхимын ханын будаг ховхорч унасан байв. Зарим хананд ан цав үүсч, цуурсныг засч янзалжээ.Үндэсний номын сан жилд 4000-5000 мянган шинэ ном, хэвлэлээр сан хөмрөгөө бүрдүүлж, 60-аад мянган уншигчид 150 мянга гаруй ном хэвлэлээр үйлчилдэг.
Дээврээс гоожиж байгаа усыг хана руугаа нэвчүүлэхгүйн тулд дээвэр дээрээ хулдаас тавьсан. Ус зайлуулах найман цоргоос тав нь хагарчээ.
600 орчим номтой Өрнө дахины номын фонд руу орлоо. Бетонон шал нь ховхорсон, чийг үнэртэж байлаа. Өөрсдийн гараар модон тавцан хийж нэлээд өндөрт зарим номоо тавьжээ. Энэ нь номын тоо олширсон ч өрөө, фондын багтаамжаа сайжруулаагүйг илтгэнэ. “Өрөө танхим чийгтэй, тоосжилт ихтэй учраас ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Цахилгааны монтаж нь ил учраас галын аюулын эрсдэлтэй. Биднийг ийм орчинд ажиллаж байгаа гэдгийг хүмүүс мэдэхгүй. Ховхорсон шалаа будсан ч будаг тогтохгүй юм. Дэлхийд байхгүй алт, мөнгө, шүр, сувдан дээр бичсэн үнэт ховор олдворууд хадгалагддаг номын сан шүү дээ” гэж Үндэсний номын сангийн маркетингийн менежер Г.Гүнжинлхам ярьж байлаа.
Хойд, урд талын жигүүрийн номын фондын 4.6 м өндөртэй өрөө танхимуудыг өндрийн дагуу хуваан модон тавцан буюу хучилт хийснээр гурван давхар хэсэг нь ашиглалтын явцад зургаан давхар болж хучилтад ирэх ачааллыг хоёр дахин нэмжээ.
1921 оноос хойшх бүх тогтмол хэвлэлийг хадгалдаг фонд руу алхах үед хажууханд нь байрлах ариун цэврийн өрөөнөөс эвгүй үнэр гарч байв. Номын фонд, уншлагын танхим, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаанд байгаа ердийн таталттай салхивчны систем нь бохир агаарыг хэвийн хэмжээнд сорж зайлуулах таталт муу, агааржуулалтын хоолойгүй, засвар хийсэн ч цаанаа бөглөрөл үүссэн учир муухай үнэр гардаг юм байна. Тогтмол хэвлэлийн номын фондын өрөө үнэхээр бүгчим байв. Мөн л модон тавцан шинээр нэмэн номын тавиуруудаа өндөрлөжээ. Агааржуулалт муу, чийгтэй, тоостой, харин фондын шалыг саяхан будсан бололтой, ховхорсон зүйл харагдсангүй. Номын фондуудын бодит байдал ижил тул бид дараа нь сантехникийн өрөөг сонирхоход шатсан кабель утасных шиг үнэр үнэртлээ. Сантехниктээ 2011 онд урсгал засвар хийжээ. “Анх ашиглалтад орсноос хойш халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн  усны шугам хоолой хаалт, арматур дулаалгад их засвар бүрэн шинэчлэл хийлгүйгээр 60 гаруй жил ашиглаж байгаагаас шугам хоолой зэвэрч элэгдэж хуучирч муудсан. Цоорсон шугам хоолойнуудаа нөхсөн ч  ус алдах эрсдэл өндөр. Энд байгаа паарыг манайхаас өөр газар ашигладаггүй байх. Хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд өдөр бүр ээлжээр бэлэн байдалд байдаг” хэмээн сантехникч хэллээ.
Ашиглалтад орсноос хойш халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам хоолой хаалт, арматур дулаалгад их засвар бүрэн шинэчлэл хийлгүйгээр 60 гаруй жил ашиглаж байгаагаас шугам хоолой зэвэрч элэгдэж хуучирч муудсан байв.
МХЕГ-ын дөрвөн удаагийн шалгалтаар ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Тус дүгнэлтэд “Эрдэм шинжилгээний уншлагын танхимын хучилт, гуравдугаар давхрын зарим хэсгийн хана таазны уулзвар, нэгдүгээр давхрын каталогийн өрөөний хамар хана хэвтээ болон босоо чиглэлд ан цав үүссэн. Барилгын урд талын жигүүрийн зоорийн тэнхлэг дэх багана зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хазгай цутгагдсан, номын фондын өрөөнүүдийн бетон шал элэгдсэн, ховхорч унасан, ханын шавардлага суларсан, шатны хонгил болон шалны плита ховхорч унаснаас шалтгаалан өрөөнүүдэд тоосжилт үүсч байгаа учир цаашид ашиглалтын шаардлага хангахгүй” хэмээн дурдсан байна.
Өрөө танхим чийгтэй, тоосжилт ихтэй учраас ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
Номын сангийн шинэ барилга Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа. Барилгын явц 70 гаруй хувьтай явж байгаа тухай сайхан мэдээ дуулгав. 2008 онд Ерөнхийлөгчийн зарилгаар шинэ байр барина гэсэн боловч төсөв санхүүгийн асуудал шийдэгдэхгүй байсаар өдий хүрчээ. Барилгын А, Б, В  хэсгийн зоорь, 1-4 давхрын үндсэн хийц угсралтын ажил, А,В хэсгийн техникийн давхар, гадна барилгын ажлыг бүрэн хийсэн. Ирэх оны наймдугаар сард ашиглалтад орох юм байна.Харин тус барилгын шинэчлэлд зарцуулах байсан дөрвөн тэрбум төгрөгөөр Үндэсний номын сангийн төв байр буюу бидний зочилсон одоогийн барилгад Монгол судлал, гар бичмэл номын сан хөмрөг, Төвөд номын сан хөмрөг, Архивын номын сан хөмрөгүүд үлдэж, тэдгээрийг дижиталчлах, сэргээн засварлах, ном судлал, номын сангийн эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Монгол судлалын, эрдэм шинжилгээ, судалгааны төв” болгон хөгжүүлэхээр зорьж байжээ.
1951 онд энэ барилгыг 500 мянган номын даацтайгаар тооцоолж ашиглалтад оруулж байсан бол өнөөдрийн байдлаар гурван сая орчим номтой болжээ.
Элэгдэж, хуучирч, будаг нь халцарсан шатаар буун сантехникийн өрөөнд орвоос шатсан кабель утасных шиг үнэр хамар цоргино.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих