2020 оны мөнгөний бодлогын эрсдэл нь төсөв

12_nuur_ediin_zasag_mah_binzen

  • Мөнгөний хатуу бодлого хэрэгжих жил айсуй
  • Мөнгөний бодлогын төсөл эдийн засгийн өсөлтөөс илүү тогтвортой байдлыг тэргүүнд авч үзжээ
  • Эдийн засагч С.Болд төсвийн өндөр зарлага мөнгөний бодлогын үр нөлөөг бууруулахаар байна
  • Инфляцыг “уургалах” мөнгөний бодлого хатуу нөхцөлийг зах зээлд, өрхийн төсөвт тулгаж ирсэн

Инфляц энэ оны зорилтот түвшнээс давсан, төгрөгтэй харьцах ам.долларын ханш огцом өссөн, олон улсын санхүүгийн хоригт Монгол Улс орсон таагүй цаг үед ирэх жилийн мөнгөний бодлогын хэлэлцүүлэг өрнөхөөр байна. Ихээхэн хүнд нөхцөлд төв банкны удирдлагууд бодлогоо хамгаалж үлдэх, эсвэл өөрсдөө “явах” баргар уур амьсгал хэдийн бүрдлээ. Сонгуулийн өмнө улстөрч болгон эдийн засагч болж, тэд инфляц, ханш, эдийн засгийн өсөлтийн талаар нухацтай нь аргагүй ярьж, хэлдэг. Тэр жишгээр 2020 оны мөнгөний бодлогыг хэлэлцүүлэг халуухан бас халгаатай болж мэдэх нь. Төсвөөс илүү мөнгөний бодлого улстөрчдөд тодрох боломж олгодог. Ам.долларын ханш, инфляц аль аль нь улстөржих сэдэв. Ялангуяа, ам.доллар олон хүний анхаарлын төвд байдаг учраас манайхан улстөржсөн өнгөөр хандах нь бас түгээмэл. Доллар хүн болгонд таалагддаг боловч үүнийг ярьсан улстөрч болгон сонгогчдын сэтгэлд торж үлдээд байдаггүй. Гэвч эдийн засагт энэ бүхэн нь эрсдэл тарьж, алдагдалд хүргэх нь бий. Хамгийн болгоомжтой хандах зүйл эдийн засагт өнөөдөр ам.доллар болж байна. Жил жилийн мөнгөний бодлого инфляцыг онилдог. 2020 оны мөнгөний бодлого ч үүнээс гажсангүй. Хуучин зорилтоо ахин дэвшүүлсэн гэж болно. Инфляц нэг оронтой тоонд байна. Гэхдээ өсөлт нь хурдсаж буй. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд инфляц есөн хувьтай гарсан. Энэ оны турш инфляц тасралтгүй өссөн бөгөөд махны үнийн өсөлт нийт өсөлтийнх нь 30 хүртэлх хувийг бүрдүүлсэн. Тэгвэл ирэх жилийн мөнгөний бодлого инфляцыг найман хувьд тогтворжуулж, эдийн засагт ирэх дарамтыг бууруулахад чиглэжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн орлогыг хадгалж үлдэхэд шинэ мөнгөний бодлогын үзэл баримтлал оршиж байна. Энэ нь эдийн засагт ирж болзошгүй хүндрэл, бэрхшээлийг бага зардлаар даван туулахад мөнгөний бодлого ажиллана гэсэн үг. Мах, шатахуун, цахилгаан, ус дулааны үнэ, валютын ханш ирэх жил инфляцыг тодорхойлохоор байна. Төрийн зохицуулалттай бараа бүтээгдэхүүний үнэ энд мөн хамаарна. Инфляцыг “уургалах” мөнгөний бодлого хатуу нөхцөлийг зах зээлд, өрхийн төсөвт тулгаж ирсэн. Энэ нь бодлогын хүүгээ бууруулах бус эсрэгээрээ нэмэх эсвэл хэвээр хадгална гэсэн үг. Үүнийг мөнгөний хатуу бодлого гэж нэрлэх бөгөөд ийм нөхцөлд зээлийн хүү буурах, зээл олголт нэмэгдэх талаар ярих боломжгүй. Хэрэглээний зээл улам ховордох, банкны системийн хэмжээнд зээл олгох сонирхол тэр хэрээр багасахад хүрдэг. Товчхондоо, мөнгөний нийлүүлэлт буурна гэсэн үг. 2020 оны мөнгөний бодлогын төсөл эдийн засгийн өсөлтөөс илүү тогтвортой байдлыг тэргүүнд авч үзжээ. Хэдий тийм боловч ирэх жилийн төсвийн өндөр зарлага мөнгөний бодлогын зорилтыг хад мөргүүлж мэдэхээр байна. 13.9 их наяд төгрөгийн зарлагатай төсөв импортыг дэмжиж, хэрэглээг тэлэх тусам инфляц, ханшид ирэх дарамт, нөлөө идэвхжих талтай билээ. Эдийн засагч С.Болд төсвийн өндөр зарлага мөнгөний бодлогын үр нөлөөг бууруулахаар байгааг тэмдэглэсэн юм. Мөнгөний бодлогын арга хэрэгслийн нэг нь бодлогын хүү. Хөтөч хүү болох бодлогын хүү өндөр хэвээр байвал гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ саарч, нөгөө талдаа хэрэглээг энэ нь хязгаарладаг. Дэлхийн улс орнууд ч мөн адил инфляцтай тэмцэхдээ бодлогын хүүгээ нэмж, инфляцыг нам тогтвортой түвшинд хадгалах гэж зорьдог билээ. Манай улс энэ жишгээр замнаж буй. Төв банкны бодлогын хүү 11 хувьтай байна. Мөнгөний бодлогын хороо удаа дараагийн хурлаараа бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Эндээс бодлогын хүүгээ бууруулах сонирхол маш бага гэдэг нь анзаарагдах биз ээ. ДНБ энэ оны хоёрдугаар хагаст 7.3 хувиар өссөн. Төсвийн орлого төлөвлөгөөнөөс давсан боловч алт тушаалт өнгөрсөн жилтэй харьцуулахад буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт улам хумигдсан. Ийм нөхцөл байдал мөнгөний бодлогыг хүлээж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засагт гялтайх, гялалзах найдвар тун бага байгааг дээрх байдлаас харж болох юм. МУИС-ийн багш Б.Эрдэнэбат ирэх жилийн мөнгөний бодлогын эрсдэлийг валютын ханш гэж тодорхойлсон бол эдийн засагч Б. Шинэгэрэл улс төр, сонгууль хэмээн   нэрлэсэн юм. 2020 оны мөнгөний бодлогын хүрээнд банк санхүүгийн салбарт тулгарах бэрхшээлд чанаргүй зээл орж байна. Чанаргүй зээлийн хэмжээ дорвитой буурахгүй байгаа. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст хоёр их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45.1 хувиар өссөн билээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.9 хувийг эзэлж байна. Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгаагаар, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжтой үе гэж иргэдийн 18.6 хувь үзэж байхад 12.4 нь тохиромжгүй үе гэжээ. Инфляц хэрэглэгчийн зан төлөв, худалдан авалтаас ихээхэн шалтгаалдаг. Тохиромжтой гэж үзсэн өрхийн тоо жилийн өмнөхөөс буурчээ. Төсвийн бодлого сонгуулийн өмнө тэлсэн бол мөнгөний бодлого агших дүр зурагтай байна.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.