Ц.Хосбаяр: Манай баг олимпын дөрвөн эрх авах том зорилготой

712-1571877962487B1C1C-691A-4989-8B16-59117177A95E15-18 настай болов уу гэмээр охид өөрийн жингээсээ хүнд штанг өргөнө. Тэд нэг үйлдлээ хэд хэдэн удаа давтах бөгөөд амжилтгүй өргөсөн нэгэндээ “Хүчтэй” хэмээн зориг өгөх ажээ. Охидын зарим нь гарын алгаа боосон харагдана. Штанг өргөсөөр байгаад эвэршсэн гар нь хүнд төмөр өргөхөд шарх нь сэдэрснээс гарын алгаа боохоос аргагүйд хүрдэг байна. Тэглээ гээд тэдний хэнийх нь ч царайд зовиур үл ажиглагдана. Харин өмнөө байгаа штангаа амжилттай өргөхийн тулд анхаарлаа төвлөрүүлэн зогсох ажээ.

Энэ бол Монголын хүндийн өргөлтийн тамирчдын өдөр тутмын бэлтгэлээ хийж байхад нь хэдхэн минут ажигласан миний сэтгэгдэл юм. Агаар муу, тоосжилт ихтэй зааланд 20 гаруй тамирчин бэлтгэлээ хангана. Тамирчид ээлжээрээ штанг өргөхдөө дасгалжуулагчийнхаа заавар бүрийг анхааралтай сонсох ажээ. Тэдэн дунд дэлхийн аваргын хошой хүрэл медальт М.Анхцэцэг болон Г.Ануужин нарын тамирчин бэлтгэл хийх ээлжээ хүлээн биеэ халааж зогсоно. Төд удалгүй Монголын үндэсний шигшээ багийн, дасгалжуулагч Ц.Хосбаяр орж ирлээ. Бэлтгэл хийх ээлжээ хүлээсэн тамирчид багштайгаа мэндлэн хүндэтгэл илэрхийлэх бөгөөд түүний дараа Ц.ХОСБАЯР дасгалжуулагчтай Монголын хүндийн өргөлтийн тамирчдын амжилт, хэтийн зорилгынх нь талаар ярилцсан юм.
-Тайландад болсон дэлхийн аваргаас хойш тантай уулзсангүй. Энэ хугацаанд Монголын хүндийн өргөлтийн тамирчид олимпын оноогоо ахиулж, чансаагаа нэмэгдүүлж чаджээ?
-Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Паттайя хотод өнгөрсөн сард болж, 126 улсын 800 гаруй тамирчин хүч чадлаа сорилоо. Энэ удаагийн дэлхийн аваргад Монгол Улсаас миний удирдлага дор дөрвөн тамирчин оролцсон. Мөн “Хүч” спорт хорооны тамирчин Э.Мөнхдөл оролцсон ч өргөлтөө гүйцэтгэж  чадаагүй. Харин Э.Билэгсайхан жиндээ 15 дугаар байрт шалгарч олимпын оноогоо ахиуллаа. Г.Ануужин тэмцээний өмнөх өдөр бэлтгэлийн үеэр нуруугаа бэртээсэн учраас санасан хэмжээнд дэлхийн  аваргад оролцож чадсангүй. Ч.Нямзулын хувьд тэмцээнд сайн оролцож, олимпын оноогоо ахиулсан. М.Анхцэцэг маань дэлхийн аваргын хошой хүрэл медальт тамирчин боллоо. Энэ дашрамд, М.Анхцэцэгийн гаргаж байгаа амжилт бол түүхэн амжилт гэдгийг онцолмоор байна. Учир нь, хүндийн өргөлтийн дэлхийн аваргад хүссэн тамирчин болгон оролцож чаддаггүй, шаардлага өндөртэй байдгаараа онцлогтой. Жишээлбэл, М.Анхцэцэгийн жинд хамгийн багадаа 200 кг өргөсөн тамирчин өрсөлддөг. Ингэж шаардлагаа нэмэгдүүлсэн нь өнгөрсөн онд Туркменистанд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой. Уг тэмцээнд 1300 орчим тамирчин оролцсон. Үүнийг харгалзаж, хүндийн өргөлтөөр хичээллэдэг хүмүүсийн тоо өссөнтэй уялдуулан шаардлага, шалгуураа өндөрсгөсөн юм.
-М.Анхцэцэг ээж болоод удаагүй мөртлөө амжилтаа бататгаж чадлаа. Мэдээж хөхүүл эх жин хасахаас эхлээд амаргүй зүйл олон байсан байх?
-Тийм ээ. М.Анхцэцэг маань ээж болоод удаагүй мөртлөө энэ жилийн Азийн аваргаас мөнгө, дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа. Дэлхийн аваргаас 10 хоногийн дараа болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд түрүүллээ. Тэмцээнд оролцохын тулд тэр ес орчим кг жин хассан. Хөхүүл хүн жин хасах амаргүй ч ясны тамирчин учир зорьсондоо хүрч чадсан. Ялангуяа “Дэлхийн цом”-ын тэмцээнд олон орны шилдэг баг тамирчид оролцсон. Энэ нь манай тамирчдад мэдрэгдсэн байх. Уг тэмцээнд Ч.Нямзул олимпын оноогоо нэмж, тавдугаар байрт шалгарлаа. Г.Ануужин мөнгө, Э.Билэгсайхан хүрэл медаль хүртлээ. Удахгүй тамирчдын тэмцээнд оролцсон амжилтаар нь чансаа гаргана.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө М.Анхцэцэг уг чансаагаар 47 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан. Тэмцээний дараа 27 руу дэвшиж чансаагаа ахиулсан. “Дэлхийн цом”-д түрүүлсэн амжилт одоо гарах чансаанд нөлөөлж, нэлээд дээгүүр жагсах байх.
-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм бэ?
-БНХАУ-ын Тяньжинь, Катарын нийслэл Дохад ирэх арванхоёрдугаар сарын дундуур болох “Дэлхийн цом’’-ын тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.
-Токиогийн олимп хаяанд ирлээ. Та бүхэн олимпын хэдэн эрх авах зорилго тавиад байна вэ?
-2016 оны есдүгээр сараас бид олимпын бэлтгэлээ, хийж эхэлсэн. Олимпын бэлтгэлийг дөрвөн жилээр л ярина шүү дээ. Одоо бидэнд 10 сар бэлтгэл хийх хугацаа үлдлээ. Манай баг олимпын дөрвөн эрх авах том зорилготой.
-Тамирчин амжилт гаргахад сэтгэл зүйгээ бэлтгэх нь маш чухал. Энэ тал дээр та хэрхэн анхаарч, ажиллаж байна вэ?
-Сэтгэл зүйчтэй ажиллахад нэг цагийн хөлс нь 50-60 мянган төгрөг байдаг. Бидэнд эдийн засгийн хувьд ийм хэмжээний мөнгө гаргах боломж байхгүй. Шигшээ багийн тамирчин 320 мянган төгрөгийн цалинтай. Сарын цалингаараа сэтгэл зүйчээс зөвлөгөө авчихаад дараа нь яах билээ. Ямар мөнгөөр уургаа авч уух вэ гэхчилэн асуудал байна. Тиймээс миний үүрэг юм чинь чадлынхаа хэрээр тамирчдынхаа сэтгэл зүйг бэлтгэдэг. Хамгийн сайшаалтай нь, Монголын үндэсний олимпын хорооноос сэтгэл зүйчийн баг хөлсөлж, эмэгтэй тамирчдаас тест авсан. Одоогоор хариу нь гараагүй байна.
Миний хувьд тамирчидтайгаа ярилцахыг илүүд үздэг. Аав, ах, эмч, багш нь болно. Заримдаа загнана, уурлах үе ч гарна. Тэмцээний үед сэтгэл санааг нь амраахын тулд гар утсыг нь хураахаас эхлээд ажил их бий. Ер нь аль болох тамирчдаа цахим орчноос хол байлгахыг хичээдэг. Интернэтэд хүмүүс элдэв зүйл бичдэг шүү дээ.
-Биеийн тамир спортын газраас хэрхэн тусалж дэмждэг бол?
-Биеийн тамир спортын газрын Спорт анагаах ухааны төв гэж бий. Тэндээс бидэнд боломжийн хэмжээний уураг өгч, эм тариагаар хангадаг. Бусад улстай харьцуулахад хаана нь ч хүрэхгүй. Гэхдээ бид байгаа боломжоо ашиглах ёстой. Би энд нэг зүйлийг дурдмаар байна. Миний бодлоор монгол эмэгтэй хүний ген үнэхээр гайхалтай. Энэ жилийн дэлхийн аваргад манай улсаас хэдэн эрэгтэй, хэчнээн эмэгтэй тамирчин оролцож, тэдний хэн нь медалийн эзэн болов. Багахан тооцоолол хийхэд дүн нь дорхноо харагдана. Үр дүнгээс нь үзэхэд манай эрэгтэй тамирчид тэмцээнд үр дүн муутай оролцож байна. Энэ юунаас шалтгаалж байгааг багш дасгалжуулагчид нэг дор уулзаж ярилцах хэрэгтэй гэж боддог. Дээхнэ үеийн Монголын эрэгтэй шигшээ багийнхан ямар гайхалтай байлаа. Өнөөдөр хэдэн охид маань л дэлхийд бидний нүүрийг тахалж явна. Ингэж хэлэхээр зарим нь гомдох л байх. Гэхдээ бодит байдал ийм байхад яах билээ.
-Тамирчдын тэмцээнд оролцох зардал мөнгийг хаанаас зохицуулдаг вэ? 
-БСШУСЯ тамирчдын тэмцээнд  оролцох зардалд тодорхой төсөв гаргана. Түүнийг нь танасаар тун бага мөнгө ирдэг. Энэ жилийн хувьд таван тэмцээний  дараа манай тамирчдад багахан мөнгө үлдсэн. Ирэх арванхоёрдугаар сард болох “Дэлхийн цом”-ын тэмцээнд яаж оролцох талаар толгойгоо гашилгаад сууж байна. Ард түмэн биднийг өөр өнцгөөс хардаг. Сайхан амьдардаг, улсын мөнгөөр жаргадаг гэж. Тийм зүйл даанч алга. Бидэнтэй нэгдээд өглөө, орой гурван цаг манай зааланд бэлтгэл хийгээд үзээрэй. Энд байгаа охидын гар нь улаан нялга болчихоод зогсч байна. Үүнийг мэдэхгүй байж биднийг муулдаг болохоор заримдаа гомдмоор байдаг юм.
-Танд хүндийн өргөлтийн эрэгтэй баг бэлтгэх бодол бий юү. Яагаад өнөөг хүртэл дорвитой баг гаргаж чадахгүй байна вэ?
-Эрэгтэй баг гаргахаар бэлтгээд л байна. Монголын эрчүүдэд эхнэр хүүхдээ тэжээх их ажил байна. Хэдийгээр хүндийн өргөлтөөр хичээллэмээр байвч цалингүй. Бас нэг асуудал нь өндөр зэрэглэлийн эрэгтэй тамирчдын сахилга бат маш муу байна. Миний үед багшийн үг бол хууль байлаа. Бэлтгэл 10.00 цагт эхлэх бол тамирчид 9.30 цагт зааланд бэлэн байдаг байсан. Өнөөдрийн тамирчдад тэр үеийн хатуу шаардлага үгүйлэгдээд байна. Тиймээс тамирчдадаа цагаа барих шаардлага тавьдаг. “Хүний хэн байх нь хамаагүй хүндлэх ёстой” гэж хэлдэг. Би тамирчдадаа “Бүгдээрээ олимп, дэлхийн аварга болохгүй. Гэхдээ та нар бүгд хүн болно. Тиймээс бусдыгаа хүндэлж, хайрладаг хүн шиг хүн болох хэрэгтэй” гэдэг.
-Тамирчид агааржуулалт муу, тоосжилт ихтэй нөхцөлд бэлтгэлээ хийж байна. Үүнийг хэлээд шийдвэрлүүлэх боломжгүй байдаг юм уу?
-Хэцүү зүйлийн талаар яривал дуусахгүй. Гэхдээ монгол хүн амны билгээр гэдэг. Би тийм зүйлийн талаар ярихыг хүсдэггүй. 2012 оноос хойш хувиараа хоёр удаа засвар хийсэн. Хүндийн өргөлтөөр хичээллэх хүсэлтэй хүүхдийн тоо маш их өссөн. Түүнээс үүдээд заалны багтаамж, эрүүл ахуйн байдал хэцүү болчихоод байгаа юм шүү дээ.
-Нууц биш бол та хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Өөрөөсөө мөнгө гаргаж энэ том заалыг засварлах боломжтой гэхээр сонирхмоор санагдлаа?
-Би сард 454 мянган төгрөгийн цалин авдаг. Гэхдээ яаж ийж байгаад л болгодог юм.
-Гурван улсаас танд хамтарч ажиллах санал тавьсан. Цалин, хангамжийнх нь талаар дурдаад ч хэрэггүй. Гэхдээ та тэдний саналыг хүлээж аваагүй?
-Сарын 5000 долларын санал тавина. Өнөөдрийн авч байгаагаа хэдэн арав нугалж авна. Гэхдээ чи заал руу гараад хар даа. Энэ олон нүд надад итгээд энд байж байгаа. Олимп, дэлхийн аварга болох мөрөөдөл тээгээд хичээж байгаа тамирчдаа хаячихаад би яаж мөнгөний төлөө явж чадах юм бэ. Би тийм хүн чанаргүй хүн биш шүү.
-Допингийн асуудалд хэрхэн анхаарч байна. Тамирчдадаа энэ талаарх мэдээллийг ямар байдлаар өгдөг вэ?
-Биеийн тамир, спортын газрын Анагаах ухааны төвийнхөн бидний бүх зүйлийг хариуцдаг учраас допингийн асуудлаас бид айхгүй байгаа юм. Яагаад гэвэл, бид буцах эзэнтэй. Дээр нь Булгаа гээд манай багийн эмч бий. Бидний төлөө нойр хоолгүй явдаг түүнд баярлалаа гэж хэлье. Ийнхүү бид ярилцлагаа өндөрлүүлэхээр боллоо. Заалнаас тамирчид үе үе ирж, бэлтгэлээ хэрхэн хийх талаар асуух аж. Үүнд нь Ц.Хосбаяр дасгалжуулагч хариулж, тамирчин бурт шаардлагатай зүйлийг нь сануулж, хийлгэнэ. Тамирчид ч багшийнхаа хэлснийг хичээнгүйлэн сонсч, чадахгүйгээ чадах хүртпээ мэрийж байгаа нь харагдана. Монголын хүндийн өргөлтийн заалнаас гарч байгаа дасгалжуулагч, тамирчин болгон мэхийн ёсолно. Ийм их хүндлэл, шаргуу хөдөлмөрийн дүнд энэ заалнаас тун удахгүй олимпын аварга төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.