Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ

6521

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг тус тусад нь хүлээн авч уулжээ.

Эх сурвалжуудын хэлж буйгаар УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулахгүй байх ажлыг  хийж чадаагүй гэж үзэн дээрх хоёр байгууллагын удирдлагад хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн аж.

Энэ тухай хэвлэлийн мэдээнд:

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнтэй уулзаж, Монгол Улс FATF-ын (Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага) “саарал жагсаалт”-д орсон нөхцөл байдал, FATF болон  APG-гээс (Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага) ирүүлсэн нэмэлт зөвлөмжид тусгасан шаардлагыг хэрэгжүүлэх болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хийж, гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн асуудлыг хөндөж ярилаа.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх асуудлууд болон Банк бус санхүүгийн байгууллагууд, Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд тавьж буй хяналт, мэргэжлийн холбоодоос Санхүүгийн зохицуулах хорооны даргад хариуцлага тооцуулах талаар УИХ-ын даргын нэр дээр хоёр ч удаа ирүүлсэн гомдол, гомдлын мөрөөр ажилласан УИХ-ын Ажлын хэсгийн шалгалт, зөрчлийг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн байдал зэрэг асуудлаар асуулт асууж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хариулт өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. Тиймээс зохих хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Энэ шаардлагыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхантай өнөөдөр уулзахдаа ч тавьсан.

Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага FATF-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх болон улсын эдийн засгийг тогтворжуулж, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасан боловч гадаадад болон дотооддоо итгэл хүлээлгэхүйц орчин нөхцөл бүрдүүлж, үр дүнд хүрч чадсангүй.

Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зэх зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байна гэж үзэж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтад эрс шинэчлэл хийх зайлшгүй нөхцөл үүслээ.

Тиймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Танд хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна хэмээн мэдэгдэв.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.