Тайлангаа тавина уу, Э.Бат-Үүл нараа?!

olloo_mn_1542521669_79721НИТХ дахь АН-ын бүлгээ санаачилсан нийтийн сонсгол ирэх сарын 4-нд болох гэнэ. Сэдэв нь сайжруулсан түлш ажээ. Энэ бүлгийн дарга Ц.Баатархүү “…Албан тушаалтнуудын ярьж байгаа мэдээллүүд бүгд зөрүүтэй байна. Нэгдсэн мэдээлэл өгөөч гэж дүүрэг, дүүрэг дэх иргэдээс санал, гомдол ирсээр байна. Эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс, албаныхныг цуглуулсан нийтийн сонсголыг хийх ёстой” гэсэн байна.

Зөв л дөө. Төрийн бүх мэдээлэл нээлттэй байх учиртай. Иргэд мэдэх эрхтэй. Гэхдээ сонгууль тулсан. Тэд улс төр хийж, “ажиллах” ёстой. Тиймээс НИТХ дахь АН-ын бүлгийнхэн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар НИТХ-ын анхны сонсголыг санаачилсан байгаа юм. Гэвч энд нэг асуудал бий. МАН-ынхан “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, Улаанбаатарыг сайжруулсан шахмал түлшээр хангаж байна. Янз бүрийн юм сонсогдож байгаа. Гэхдээ сайжруулсан шахмал түлш яг ямар үр д үн үзүүлэхийг өнөөдөр дүгнэхэд эрт байгаа юм. Тун удахгүй хэдхэн хоногоос байгаль өөрөө шалгачихна.
Тэртэй тэргүй, НИТХ дахь сөрөг хүчний улс төртэй, улс төргүй чанар, үр дүнг нь шалгаад дүгнээд өгчихнө. Харин үүнээс өмнө 2012-2016 онд нийслэлд засагласан АН-ынхан утааг бууруулахад зориулагдсан хөрөнгийг яаж зарцуулснаа тайлагнах хэрэгтэй. Өнгөрсөн жил Үндэсний аудитын газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудад өгсөн дүгнэлтээ танилцуулсан.
Түүгээр “…2012-2016 онд хэрэгжсэн Дэлхийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар цэвэр агаар” төслөөс 4.5 сая ам.доллар, “Цэвэр агаар” сангаас 2011-2015 онд нийт 32.2 тэрбум төгрөг зарцуулсан. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 2016 оны тооллогын бүртгэлд 111.7 мянган сайжруулсан зуух бүртгэгдсэн байхад аудитаар тогтоосон дүнгээс 65.2 мянгаар зөрүүтэй. Гэрээгээр 2012-2013 онд 18.9 мянган тонн түлш нийлүүлэхээс гүйцэтгэлээр 8000 тонныг нийлүүлсэн. Улаанбаатар хотын утаанд эзлэх хорт бодисын агууламж 2012 онд 30 хувь, 2016 онд 70 хувиар багасна гэжээ. Тэгвэл 2016 оны байдлаар 70 хувиар буурах биш таван хувиар өссөн үзүүлэлт гарсныг ЦУОШГ-аас авсан мэдээллээр аудитад дүгнэжээ. Төслийн зуух борлуулах ажилд 2012-2016 онд хэрэгжсэн Дэлхийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар цэвэр агаар” төслөөс 4.5 сая ам.доллар зарцуулсан. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 2016 оны тооллогын бүртгэлд аудитаар тогтоосон дүнгээс 65.2 мянгаар зөрүүтэй” гэсэн дүгнэлтүүд гарсан байна. Энэ бол ил болсон тоо барумт бүхий мэдээлэл.
Харин “Э.Бат-Үүлийн баг”-ийн 2012 оны сонгуульд  дэвшүүлсэн амлалт нь Улаанбаатарыг утаанаас салж, хашааныхныг паартай байшинд, халуун хүйтэн устай жаргаан суулгах байв. Энэ амлалттайгаа холбоотой гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөлт хийж эхэлсэн. Гэвч энэ ажилд нь хүү нь орж ирээд, сүүлдээ шүүх цагдаа болоод явчихсан. Хамгийн гол нь 2012-2016 онд утаа арилаагүй юм. Энэ бол бодит үнэн. Гэтэл өнөөдөр НИТХ дахь АН-ын бүжийн 11 төлөөлөгч МАН-тай хийх улс төрөө утаагаар үргэлжлүүлжээ.
2016 онд Баянгол дүүргээс Л.Нарантуяа Ц.Одонтунгалаг, Баянзүрх дүүргээс Т.Батцогт, М.Тулгат, Сүхбаатар дүүргээс Д.Баттулга Д.Бадарсан, Хан-Уул дүүргээс Ё.Цацралтуяа, П.Батчимэг, Б.Түвшин, Э.Бат-Үүл, Чингэлтэй дүүргээс Ц.Баатархүү гэсэн АН-ын 11 хүн сонгогджээ.Эдний олонх нь хоёр дахь удаагаа, түүнээс ч олон удаа НИТХ-д сонгогдож ажиллажээ. Хамгийн гол нь 2012-2016 онд НИТХ-ын дарга байсан Д.Баттулга, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар 2016 онд дахин сонгогдож орж ирсэн. Тэд ийм улс төр хийж байгаа хэрэг. Тиймээс энэ хүмүүс эхлээд 2012- 2016 онд утааг бууруулахаар улсын, төслийн хэчнээн тэрбум төгрөгийг яаж зарцуулсан бэ гэдгээ нийслэлийн иргэдэд тайлагнах хэрэгтэй юм. Иргэд мэдэх эрхтэй билээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.