УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:2012 онд би нэр дэвшихгүй, нийгмийн зүтгэлтэн болно

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-АН хамтарсан Засгийн газраас гарсан гэсэн шиг тун амархан сөрөг хүчний дүрд хувирч байна шүү. Танай намын дарга Засгийн газрын шинэ сайдуудын томилгоон дээр ямар нэг хаалт хийхгүй гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр байдал тэс өөр болчихлоо. Уг нь хэлсэн ярьсандаа л байх ёстой биш гэж үү?
-МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн хэлсэн мэдэгдлийг сайтар анхаарвал тун ноцтой асуудлыг хөндсөн. Монгол улсын Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийнхнийг авч ирж шоудлаа гэсэн байдлаар зэмлэн буруушааж бүрэн эрх рүү нь халдсан өнгө аястай зүйлийг ярьсан.УИХ дахь намын бүлгийн дарга ийм зүйл ярих ёсгүй. Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг ил тод нээлттэй байхыг УИХ шаарддаг. Ерөнхийлөгчийн хуульд ч тэр, саяхан баталсан Нийтийн албыг ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд ч тодорхой заасан. Тэнд ч Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байлгана гэсэн үг бий. Нэн ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзсан, тэдэнтэй хэлэцэж ярилцсан зүйл хуулийн дагуу заавал ил тод байна гэж заасан. Ерөнхийлөгчийн үйл ажиллагаагаа ил тод нээлттэй явуулсных нь төлөө УИХ-ын бүтцийн байгууллагын нэг намын бүлэг олон түмэнд маш буруу ойлголт төрүүлэхээр буруушааж, ил тод нээлттэй байсан үйл ажиллагааг нь яллах байдлаар ярьж болохгүй шүү дээ.
-Тэгээд л танай намынхан хусмаа чамласан хүүхэд шиг зан гаргаад байгаа хэрэг үү?
-АН-ын бүлэг эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллаж байна. Гэтэл манай намын үйл ажиллагаа руу дайрсан. УИХ-ын хуулиар бол хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа бүлгийг олон түмний өмнө дайрч, доромжилж болохгүй. Хуулиар хориотой.
-Жишээ нь?
- Засгийн газрыг байгуулахгүй байгаа гол буруутан нь бидэнд байгаа юм шиг л ярьсан. Засгийн газраа байгуулах асуудлаа хурдан шийдье гэж байгаа бол Ерөнхийлөгчтэй сайтар зөвшилцөөд зөв хүмүүсээ оруулж ир. Асуудалгүй сайд нараа оруулж ир. Сайд томилно гэдэг тоглоом биш. Бид хариуцлаггүй хэл ам дагуулсан сайд нарыг үзэхээрээ нэг боллоо. Яагаад боловсон хүчин дутсан юм шиг ийм сайд нар оруулж ирж байгаа юм бэ. Бид ийм л асуудал хөндсөн.Зохисгүй үйлдлийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.
-МАНын бүлгийн даргын хийсэн мэдэгдэл төрийн институци хоорондын гацаа үүсэх асуудл хүргэсэн гэж танай намын бүлэг үзээд байгаа нь ямар учиртай юм бэ?
-МАН-ын бүлэг зүгээр нэг мэдэгдэл хийх биш сүүлдээ заналхийлэх өнгө аястай ярих боллоо. Хамгийн наад захын жишээ гэхэд Ерөнхий сайдыгаа буруутгаж “Ерөнхийлөгчийн өмнө хүүхэд шиг загнууллаа” гэж байна. Төрийн хоёр өндөрлөг гүйцэтгэх эрх мэдлийнхээ хүрээндхамтарч ажилладаг номтой. Үндсэн хуульд тэгж заасан. Ийм байхад Ербнхий сайдаа шууд Ерөнхийлөгчтэй үзэлц гэж маш ноцтойгоор турхирсан өнгө аясаар мэдэгдлээ. Бид ийм байдлыг яагаад ч зөвшөөрөхгүй. Хариуцлагггүй байдлыг өөгшүүлэх юм бол Ерөнхийлөгчийг дороо байлгах гэсэн санаархал гэж үзэж байна.
-Нэгэнт таньтай уулзсных олон сонирхолтой асуулт байх юм. Ингэхэд таныг ирэх сонгуулиар тойргоо солино гэж яриад байгаа. Хэнтий аймгаас нэр дэвших бодолтой байгаа гэл үү?
-Үндэслэлгүй яриа байна. Миний хувьд нэр дэвшихгүй тухай ч бодож байна.
-Яагаад?
-Нэр дэвшихгүй ч байж болно. Надад хийх ажил байна.
-Нэр дэвшихгүй гэдэг чинь ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө сэмхэн бэлдэж байгаатай холбоотой гэж ойлгож болох уу?
-Миний нэр дэвшихгүй гэдэг нь улстөрийн карьеэрээ өндөрлөлөө гэж ойлгож болно.
-Арай ч эрт улстөрөөс зодог тайлж байгаа юм биш үү. Аль эсвэл ямар нэг шалтгаан байна уу?
-Энд хувийн шалтгаан байхгүй. Тов тодорхой шалтгаан нь миний хувьд цаашдаа нэлээд том нийгмийн зүтгэлтэн болъё гэж бодож байна. Өөрөөр хэлбэл залуучуудаа, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг зохион байгуулах гээд байна. Энэ хөдөлгөөнийг зохион байгуулахдаа би улстөрийн ямарч үйл ажиллагаанд зориулахгүй. Өөрөөр хэлбэл ард түмнийг би хэзээ ч улстөрд ашиглахгүй.
-Ямар нэг зорьж байгаа зорилгоо биеүүлэхийн тулд тодорхой хөшүүрэг хэрэгтэй. Түүний тулд улстөрд, тэр тусмаа шийдвэр гаргах түвшинд байхгүй бол монголд иргэний зоригоор ажил хийнэ гэдэг бүтэхгүй ажил юм биш үү?
-Заавал албан тушаалд улстөрд байлгүйгээр нийгэмд юм бүтээх бололцоотой шүү дээ. Ардчилсан нийгэмд ийм бололцоо байдаг. Мэдээж хэрэг гайхмара л даа. өнөөдөр би нэг л юмыг тодорхой ойлгож аваад байна. Өнөөдөр манйа хүрэхгүй байя гэвэл сүүлийн 20 гаруй жил ярьсан ажилгүйдэл ядуурлыг байхгүй болгоё гэвэл ерөөсөө монголбн бүх айл өрхүүдийг орон сууцжуулах хэрэгтэй байна. Орон сууц гэж гал түлдэг орон байр яриаггүй байна шүү дээ.Орчин цагийн тохилого орон сууцыг хэлж байна. Орон сууцжуулах том үйл ажиллагаа хэрэгтэй байна. Ядуурал ажилгүйдлийн асуудлыг шийдчихнэ. Улс орныг үйлдвэржүүлчихнэ.Баялгын хараал бид хүрэхгүй. Тэр утгаараа орон сууцжуулах хөтөлбөр эргэлтийн шинж чанартай зүйл. Улиг болтол ярьсан зүйлүүдийг байхгүй болгох өмнөд Солонгос, Сингапур шиг болъё гэвэл орон сууцжуулах хувьсгал хэрэгтэй болоод байгаа юм. Залуучууд гэр хорооллынхонд лекц уншаад явж байна. Ард иргэд ч зөв алхам байна. Маш их сэтгэл хөдөлж байна.Биднийг битгий улстөрд ашиглаарай гэдэг ганцхан баталгааг л надаас нэхэж байгаа юм. Үүнийг илэрхийлэхийн тулд би нэр дэвгихгүй гэдгээ илэрхийлж байна. Угаасаа ямарч улстөрийн албан тушаалд би нэр дэвшихгүй.
-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг асуултад хариулсангүй ?
-Үгүй ээ, би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй.
-Нөгөө талаар Сэлэнгэ аймаг сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгаар хоёр мандаттай болсон нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн үү?
-Сонгуулийн хууль төрөөгүй байхад би намын бүлэг дээр энэ талаар мэдэгдсэн. Аль эртнийх шүү дээ. Нийтэд хэлэхгүй явсаар байгаад өдий хүрсэн болохоос өнгөрсөн намрын чуулганаар шийдсэн шйидвэр байлаа.
-Харамсалтай биш үү?
-Харамсах зүйл алга.
-Гэхдээ нийгмийн зүтгэлтэн Улсын баатар Э.Бат-Үүлийн үг гудамжнаас хэр хүчтэй сонсогдох бол ?
-Орон сууцжуулах гэдэг тэр шидэт саваа, шидэт дохиурын үр дагаварыг та бүхэн мэдэхгүй учраас ингэж асуугаад байна.Үнэндээ орон сууцжуулах хөтөлбөр шидэт дохиур болно. Олигархиудыг ч зайлуулна.Гайхалтай юм болно доо. Гол нь энэ тэмцэлд олон түмнээ зохион байгуулж, хувьсгалаа хийнэ. Олон түмэн маань юуны төлөө тэмцэж байгаагаа маш сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсыг цаашид ийм байдлаараа аваад явах юм бол 1990 оны ардчилал ч будаа болоход хүрчихээд байна шүү дээ.
-Орон сууцжуулах хувьсгал гэдэг нь угтаа барилгын компанийн бизнесийг дэмжих гэж байгаа хэлбэр үү?
-Өөрөөр хэлбэл орон сууцжуулах хувьсгал гэж юуг хэлээд байна вэ гэхээр орон сууцгүй айл өрхөд орон сууц авах мөнгийг нь өгнө.
Тэрнээс компаниуд орон сууц бариад зарах биш. Сонголтыг иргэд хийнэ. Ийм бололцоогор иргэдийг хангах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл Тавантолгой, Оюутолгой гээд асар их баялагтай болсны үр дүнг монголчууд бүгдээрээ амсъя. Баялгийн хараал хүрэхгүй байцгаая. Иргэд маань орон сууцтай болоход бид Тавантолгой Оюутолгойгоо үр дүнтэй хэрэглэсэн юм байна гэж бодох бодит биелэлийн төлөө би зүтгэх болно.
-Иргэдэд гар дээр бэлэн мөнгө өгчихөөр орон сууцжуулж чадах уу?
-Орон сууц авахгүй бол өгөхгүй. Барих компанитай нь гэрээ байгуулна.Тийм хэлцэл хийж байж орон сууцны мөнгө авах эрх нээгдэнэ.Түүнээс яалаа гэж утга учиргүй бэлэн мөнгө тараах билээ.
-20 гаруй жил ардчилсан, засагалалын төлөө зүтгэсэн бүхэн тань ингээд дуусгавар болж байгаа хэрэг үү. Ажилгүйдэл ядуурал ийм амархан шийдэгдчихнэ гэж үзэж байгаа хэрэг үү?
-Тэгнэ. Орон сууцаар хангахын тулд Хөтөлийн цементийн үйлдвэрийг 10 дахин нэмэхээс өөрцгүй болно. Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ажилгүйдэл арилна. Ажилгүйдэл байхгүй болохоор ядуурал байхгүй болно. Орон сууцжуулах хөтөлбөр бүх үйлдвэрлэлийн эрэлтийг нэмэгдүүлдэг байхгүй юу. Тиймээс л би зориуд шидэт дохиур гэж хэлээд байгаа юм шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих