Ц.Оюунбаатар: МАНАН-гийн захиалгаар З.Баянсэлэнгийг ангуучилж байна

712-1572219894c7b2f714a614c1e7original“Хүний эрх, шударга ёсны хөгжлийн төв”-ийн тэргүүн, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг улс төрийн золиос болж шоронд хоригдсон гэсэн мэдээлэл, ийм ойлголт нийгэмд байна. Мөн  түүний  эрхийг зөрчиж,  үндэслэлгүйгээр ял шийтгэл ногдуулах гэж байна гээд шуугих боллоо. Хүний эрхийн хуульчийн хувьд та энэ үйл явдлыг юу гэж харж байна вэ?
-2015-2016 онд Эвслийн Засгийн газарт БХБ-ын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн шүүх хэд хоногийн өмнө шүүх хуралдааны ажиллагаанд саад болсон гэсэн шалтгаанаар цагдан хорьсон байна. Энэ нь олон нийтийн анхаарлыг  татахаас аргагүй. Учир нь тэр хүн шүүхээс оргон зугтаах юм уу, шүүх хуралдааны ажиллагааг тасалдуулсан зүйл  байхгүй. Гэтэл яагаад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах болов гэдэг асуулт гарна.  Өнөөдөр нийгмийг бухимдуулсан 60 тэрбумын хэрэг, Оюутолгойн гэрээ тойрсон олон улс дамжсан, үндэстэн дамнасан хээл хахууль, авлигын хэрэг, Дубайн гэрээний асуудал, УИХ-ын 49 гишүүн  ЖДҮ-ийг дэмжих сангийн 137 тэрбум төгрөгийг хуваагаад цохьчихсон, тэр бүү хэл эрх мэдэл албан тушаалаа ашигласан эрүүгийн гэмт хэргүүдийг шалгах ажлыг огт явуулахгүй байж ядарсан нэг эмэгтэйг хэрэгт холбогдуулж байгааг хүмүүс асууж байна. Мэргэжлийн хуульчийн хувьд, хүний эрхийн салбарт ажиллаж байгаагийн хувьд хэдэн зүйл хэлье.
Нэгдүгээрт, тухайн үед эрх барьж байсан АН-ын мөрийн хөтөлбөрт орсон Түрээсийн орон сууцны заалтыг Засгийн газар нь хэрэгжүүлсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Түрээсийн орон сууцанд иргэдийг оруулах ажлыг БХБЯ хариуцан зохион байгуулсан байдаг. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газраас  2016 онд гаргасан  298 тоот тогтоолын дагуу гүйцэтгэсэн. Тэр  тогтоол нь  маш тодорхой, ердөө гуравхан заалттай. Түүнд “Түрээсийн 223 айлын орон сууцыг өөр хэнээс ч биш “Бэрэн” компаниас ав” гэж БХБ-ын сайдад үүрэг болгосон.
Өөрөөр хэлбэл, тендер зарлах, сонгон шалгаруулалт хийх, аль нэгэн байрыг сонгох бололцоог хаасан. “Бэрэн” хэний, ямар компани болохыг улс төрийн хүрээнийхэн бүгд мэдэж байгаа. Энэ бол З.Баянсэлэнгэд падлий ч байхгүй, МАХН-тай  ямар ч холбоо хамааралгүй. Зөвхөн “Бэрэн” компаниас ав гээд түүнд  зориулагдсан 15 тэрбум төгрөгийг векселээр олгохыг Сангийн сайд Б.Болорт үүрэг болгосон. З.Баянсэлэнгэ Засгийн газрын тогтоолыг үг дуугүй даган биелүүлсэн. Тухайлбал, 220 айлыг биш 223 айлыг орон сууцанд оруулж. “”Бэрэн” компаниас “Хангай хотхонд ав” гэсэн газраас нь аваад өгчихөж. Засгийн газрын тогтоолыг биелүүлснийхээ төлөө өнөөдөр тэр хүнд ял шийтгэл ногдуулна гэдэг байж боломгүй зүйл.
-Засгийн газрын тэр тогтоолыг биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн хариуцлага хүлээнэ биз дээ? 
-Засгийн газрын тогтоол бол хууль. Хуульчилсан акт гэж явдаг. Үндсэн хууль, хууль, Засгийн газрын тогтоол энэ бүгдийг хэн ч заавал биелүүлэх ёстой. Хэрэв энэ буруу байна гэвэл Засгийн газар өөрөө хүчингүй болгоно. Эсвэл УИХ хүчингүй болгоно. Өөр хэн нэг хүн Засгийн газрын тогтоолыг зөрчих эрхгүй. З.Баянсэлэнгийн биелүүлсэн Засгийн газрын тэр тогтоол бол танхимын гишүүдийн хамтын  шийдвэр. Түүн  дээр Ерөнхий сайд болон тухайн салбарын сайд гарын үсэг зурна. Түрээсийн орон сууцны 298 дугаар тогтоол дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ нар гарын үсэг зурсан. Эндээс дүгнэлт хийхэд, З.Баянсэлэнгэ Засгийн газрын тэр тогтоолыг л  даган биелүүлсэн. Хоёрдугаарт, тэр 15 тэрбум төгрөгийг векселээр /бэлэн мөнгөөр биш/  хийсэн, тэр мөнгө БХБЯ руу  ороогүй,  З.Баянсэлэнгийн дансанд ч ороогүй. Шууд “Бэрэн” компани руу шилжсэн байдаг. Тэгэхээр БХБ-ын сайд энд албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулсан гэж буруутгах ямар ч үндэслэл байхгүй.
-Гэтэл З.Баянсэлэнгийг  эрх мэдлээ ашиглан санхүүжилтийн хөрөнгөнөөс 972 сая төгрөгийг  хувьдаа аваад  ашиглачихсан гэж АТГ анх  шалгасан байдаг. Түүнээс эхлээд хэрэг үүсгэсэн гэж ойлгогддог. Тэр нь ямар учиртай юм бэ?
-Түрээсийн  223 орон сууцыг ийм үнээр худалдан авч болохгүй юм байна, зах зээлийн үнээс  972   сая төгрөгийн зөрүү гарч байна гэж ярьдаг юм байна лээ. Хамгийн сүүлд 15 тэрбум төгрөг үрэгдүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан гэсэн. Өнөөдөр шинжээч нар гэж тоглоомын хүмүүс болчихсон. Шинжээч гэж хууль сануулсан боловч эрх барьж байгаа хүчний гар хөл бологч нар байна. Саяхан С.Зоригийн аллагын хэрэг дээр л гэхэд ийм зүйлүүд харагдлаа.
БНХАУ-ын удирдах  албаны хүн надад ярьж байсан, Монголд томоохон зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа “ZTE” компанийн хүмүүсийг АТГ-ын ажилтнууд татварын байцаагч нарыг хажуудаа суулгаж байгаад дүгнэлт гаргуулж байсан байгаа юм. Түүн шиг шинжээч нар гэж тоглоомын баахан  хүмүүс гараад ирсэн. Хэн нэгний захиалгаар бусдыг буруутгаж,  тухайн хүнийг хэлмэгдүүлж гэмт хэрэгт орооцолдуулдаг. 1930-аад оны их хэлмэгдүүлэлт явж байхад “Тэр Японы тагнуул, надад тэр тэгж хэлсэн” гээд гэмгүй хүмүүсийг барьж аваачаад буудаж алаад  байсан. Түүн шиг сөрөгч хүчнийхээ улс төрийн зүтгэлтнийг ангуучилдаг тэр л аргыг өнөөдөр шинжээч нар  гэх хүмүүсийг ашиглаж, цөөнгүй тохиолдолд  дарамталж,  айлган сүрдүүлэх замаар гаргуулан  ашиглаж байна. БХБЯ-нд  мөнгө  орж ирээгүй, З.Баянсэлэнгийн гараар  нэг ч төгрөг ороогүй. Энэ нь санхүүгийн баримт, бусад бичиг баримтаар нотлогдож байгаа. Тиймээс энэ бол зохиомол хэрэг.
-Эрх барьж байгаа, өрсөлдөгч улс төрийн хүчнүүдийн зүгээс өнгөрсөн хугацаанд МАХН-д байнга  чөдөр занга тавьж ирсэн. Өнөөдөр тэр нь З.Баянсэлэнгэ дээр хэрэгжиж байна гэсэн үг үү?
-Яагаад  З.Баянсэлэнгийг үүнд холбогдуулж шалгаад байна гэвэл сөрөг хүчнийхээ бие төлөөлөгч, улстөрчийг,  ялангуяа “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг анх гаргаж ирж нийгэмд цацсан, ард түмний өмчид авах ёстой гэж мэдэгдсэн.
Өнөөдөр монголчууд бүх нийтээрээ орон сууцтай байх ёстой. Олигархиуд,  луйварчдын хулгайлсан нүүрс, алт, зэсийн баялгийг орон сууцанд зарцуулъя гэсэн  хөтөлбөрийг МАХН-аас олон түмэнд танилцуулж байгаа. Үүний хариуд өгч байгаа том дохио, сануулга нь З.Баянсэлэнгийг ангуучилж байгаа улс төрийн бохир үйл ажиллагаа юм.  Эндээс харахад  өнгөрсөн жил  бидний 50 мянган хүн жагсаасан жагсаал, түүнд оролцсон надтай хамтарч ажилладаг 20 гаруй ТББ-ын нөхдүүд МАНАН-г хэвээр нь байлгаж байгаа юм байна. Харин ч нөгөө нөхөд маань  дээш дэвшээд, бидний хамтарч ажилласан УИХ-ын таван гишүүн маань бүгд сайд, дарга болж, зарим нь өөр нам байгуулаад явчихлаа. Үнэхээр шударга ёсны төлөө тэмцэлд улс төрийн нам, үзэл бодол ялгарахгүйгээр тэмцэх ёстой. Харамсалтай нь МАНАН бүлэглэл хэвээрээ байгаа юм байна. Түүний захиалгаар ажиллаж байгаа юм байна. Шүүх, прокурорын  байгууллага  ийм байдлаар  ажиллаж,  тухайн хэрэг  Улсын Дээд шүүх дээр очоод  бүрэлдэхүүн байхгүй байна, гэмт хэргийн асуудлыг шалгаж тогтоогоогүй байна гээд хүчингүй болгож, анхан болон давах шатны  тогтоолыг хүчингүй болгож буцаасан.  АТГ дахиж хэргийг аваад өнөөх “Хонгил”-ынхоо шүүхээр   шүүх ажиллагаа  явуулж байгаа нь харагдаж байна. Яагаад гэвэл, асуудал дэндүү тодорхой байгаа шүү дээ.
-Ялын дүгнэлт маш нууцын зэрэглэлтэй гэх юм. Дээр нь БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгийг  БНХАУ-ын “Шинжаан Жин пан” гэх компанитай холбогдуулан шалгах болсон  гэсэн мэдээлэл байгаа нь ямар учиртай юм бол?
– БНХАУ-ын  “Шинжаан Жин пан” компанийн нэр дээр  Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зургадугаар сарын 23-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгч болон Сангийн сайдын шийдвэрээр гаргаж МАН-ын нэр дэвшигчийг санхүүжүүлсэн байдаг. Тэр хэрэгтэй хамтруулан З.Баянсэлэнгэд холбогдуулсан асуудлаа Монгол Улсын нууцын зэрэглэлд оруулчихсан байгаа юм. Энэ бол хоорондоо ямар ч холбоогүй, дээр нь З.Баянсэлэнгэд холбогдуулаад байгаа асуудал нь ямар ч үндэслэлгүйг би дээр хэлсэн. Хэрэв үнэхээр   “Шинжаан Жин пан” компанийн 20 тэрбумын хэргийг З.Баянсэлэнгэтэй холбож байгаа бол тэр хүнийг хэлмэгдүүлэхийн тулд захиалгаар хийж байгаа үйл ажиллагаа гэж харагдаж байна. Үүнийг өнөөдөр нуугаад яах юм бэ. Бүх зүйл ард түмэнд ил байгаа шүү дээ. Энэ бол сайд байсан нэг эмэгтэйг дээрэлхэж байгаа л  үйл ажиллагаа.
МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүнийг Монгол Улсын хуульд байхгүй гэмт хэрэг хийсэн гэж хилс ял хүртэл өгч, ард түмнийг тэмцэлд дуудсаныг монголчууд  мэдэх байх. Энэ үйл явдал З.Баянсэлэнгэд ч бас том тэмцлийн дохио  болж байж мэднэ. Яагаад гэвэл, тэр хүн өмнө нь жагсаал тэмцэл хийж явсан. Харанхуй  өрөө, хаалттай хорихоос айхгүй дайчин эмэгтэй. Тиймээс энэ нь өөрөө олон түмнийг тэмцэл хөдөлгөөнд дуудсан дохио болох байх гэдгийг хөндлөнгөөс, хүний эрхийн хуульчийн хувьд харж байна.
Би ямар нэгэн тэмцэлд уриалаагүй, турхираагүй, байгаа байдал ийм л байна. Жишээ нь таныг өдөр тутмын сэтгүүлчийн ажлаа хий гэж шийтгэвэл та няцах уу. Тэгэхээр анхнаасаа шударга ёсны төлөө тэмцэж ирсэн  З.Баянсэлэнгийн  хувьд тэмцлээсээ ухрахгүй байх гэж бодож байна. Ингэж байж тэмцэгчид гарч ирдэг,  хувьсгалчид төрдөг.
  -Улсын нууцад хамааруулаад байгааг нь олон нийт гайхаж бас  эргэлзэж  байна л даа?
-Ялын дүгнэлт дээр нь З.Баянсэлэнгийг  “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.1 болон 1.2 дахь хэсэгт заасанчлан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь  төрийн байгууллагын үндсэн зарчим мөн гэсэн хэм хэмжээг зөрчсөн гэмт хэрэгт яллаж байна” гэсэн байгаа юм. Тэгвэл Үндсэн хуулийг зөрчсөн асуудлыг хэн тодорхойлох вэ. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2-ын 3-т “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, УДШ-ийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор нь Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлыг Цэц хянан хэлэлцэж дүгнэлт гаргана” гэж бий. Шүүхэд өгөхөөсөө өмнө АТГ, прокурор нь энэ асуудлыг Цэцэд өгч шалгуулах ёстой. Гэтэл шууд хэрэг үүсгээд, ял оноож  явсан тохиолдол Монгол Улсын түүхэнд байгаагүй. Хамгийн харгис бурангуй 1930-40 оны хэлмэгдүүлэлтийн үед ч гэсэн Үндсэн хууль зөрчсөн гэж цаазалсан тохиолдол үгүй. 30-40 мянган хүний хэргийг шүүж үзэж, цагаатгах ажлыг удирдсан хүний хувьд үүнийг би хариуцлагатай хэлье. Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудал төрийн өндөр албан тушаалтантай холбоотой. Гэтэл ийм эрхзүйн мэдлэгтэй хуульч, “Хонгил”-ын  шүүх ажиллаж байгаа нь харамсалтай Тэр хүн өнөөдөр шүүхээс зайлсхийгээгүй, тэнд байж л байсан. Бид харж л байсан.
Монгол Улс ийм замаар явж болохгүй, эрхзүйн шинэчлэл нь яаж яваад байгаа юм бэ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар  маань юу харж байгаа юм бол. МАНАН гэх харгис бүлэглэлтэй тэмцэнэ гэчихээд улстөрийн сөрөг хүчний нэг идэвхтэй гишүүн рүү Монголын эрхзүйн түүхэнд байгаагүй, соёлт хүн төрөлхтний түүхэнд байгаагүй ийм зүйл яриад, түүнийгээ албан тушаалын гэмт хэрэг гэж тайлбарлаад  сууж байж болох уу. Энэ гажуудал залруулагдах байх.
-Өөр нэг асуудал бол З.Баянсэлэнгэ Засгийн газрын өгсөн үүрэг, тогтоолын эхийг үндэслэл муутай гаргаж ирсэн гэсэн буруутгал яваад байх шиг байсан?
-Засгийн газрын тогтоол бол хамтын шийдвэр. Танхимын хуралдаанаар хэлэлцэж, багаараа шийддэг. Гарын үсэг зурснаараа хариуцлагыг Ерөнхий сайд, тухайн үеийн салбарын сайд хариуцна. Гэтэл үүнд Ерөнхий сайд нь ямар ч хамаагүй гэсэн байна. Ерөнхий сайд шийдэж байж л  Засгийн газрын  хуралдаанд оруулж байгаа шүү дээ. Тэгээд эцэст нь бүх бурууг  ганц эмэгтэйд үүрүүлэх юм гэнэ.  Ийм завхрал, дампуурал, бүдүүлэг алдаагаа өөрчлөх хэрэгтэй. Энэ бол Монголын эмгэнэл. Түүнээс нэг  шүүгч З.Баянсэлэнгэд дургүй нь хүрээд хувийн дургүйцлээ илэрхийлээд хорьсон юм биш. Цаанаасаа даалгавартай байгаа. Энэ байтугай аюултай гэмт хэрэгтнүүд өнөөдөр сул чөлөөтэй алхаж яваа шүү. Дандаа зохиомол, хиймэл, хууль зөрчсөн зүйлүүдийг хийж байгаа учраас Монголын хууль, шүүхийнхэнд эмгэнэл илэрхийлье. Хүний эрхийн төлөөх байгууллагууд унтаж байгаад харамсч байна. Монголчууд шударга ёсын төлөө тэмцэх ёстой. Эцэст нь хэлэхэд, З.Баянсэлэнгэ улсад 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан юм бол “Хангай” хотхоны 223 айлын орон сууц тэр хүний өмч бололтой, тэгж ойлгогдож байна. Тэр хүмүүсийг орон сууцнаас  гаргаад  байрыг нь  буцааж өгөхгүй юу. Ийм дампуу үйл явдал байж таарахгүй. Үндэслэлгүй ял тулгана гэдэг хууль шүүхийн байгууллага нь дампуурсны илэрхийлэл. Мэтгэлцээн хийгээд шалгаад, буруу зөвийг нь тогтоо л доо.
1930-1940  оны хэлмэгдүүлэлт дандаа гадныхны даалгавраар явсан. Өнөөдөр тийм л үйл явц хэрэгжиж байна. Өнөөдөр хэн нь хэн бэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэмт хэрэгтэн нь мөрдөгч, прокурор, шүүх, цагдаа болоод хувирчихсан, шударга ёсыг шаардсаныг нь аваачаад хэрэгтэн болгодог болчихсон. Ийм завхрал маш их байна. Засгийн газрын тогтоолд нэг сайдыг сугалж хариуцлага тооцох аваас цаашид хуулийн төсөл боловсруулсан болон өргөн барьсан УИХ-ын хэн нэг гишүүн, аль нэг яамыг буруутгах эхлэл тавигдана.
-Судлаачийн хувьд та бодит жишээ хэлэхгүй юу?
-Тухайлбал, мөнгө угаах гэмт хэргийн жишээ, баримтуудыг хүмүүс одооноос сөхөж ярьж байна. Судалгаа сөхвөл, гар утасны код гаргуулах гээд авчирч өгснийг 20 төгрөгийн хөлстэйгээр гаргаж өгсөн гар утасны засварчныг мөнгө угаасан гэж зургаан сарын хорих ялаар шийтгэж, техник хэрэгслийг нь хурааж авсан тохиолдол саяхан давтагдсан. Тэгвэл мөнгө угаах гэдгийг өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Эрхүүгийн хуулиас үзвэл  Монгол Улсын төрийн мөнгийг, тодруулбал ЖДҮ-ийн 137 тэрбум төгрөгийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан УИХ-ын 49 гишүүн хувааж авсныг мөнгө угаах гэмт хэрэг гэж хэлнэ. Сая манай улс саарал жагсаалтад энэ асуудлаараа орлоо.  20 төгрөгийн засварын ажил хийж, гар утасны код гаргасан хүнийг мөнгө угаах гэж шийтгэсэн шившигтэй үйлдэл хийсэн  Монголын хуульчдын мэдлэг, мэргэшилд харамсал төрж байна. Дахин сургалт, мэргэжил дээшлүүлэх сургалтууд ямар ч чанаргүй байгаагийн илрэл энэ. УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-гаас 137 тэрбум төгрөг хувааж аваад цааш 30 хувийн хүүтэй зээл өгч мөнгө хүүлж байгааг мөнгө угаах гэмт хэрэг гэхгүй юм бол өөр юуг гэмт хэрэг гэх юм бэ. Энэ мэт бохир зүйлүүдээ Монголын төр засч залруулахгүй бол болохгүй боллоо. Ийм харанхуй бүдүүлэг завхарлыг 1930-аад оных шиг хийж байгаа хэлмэгдүүлэлт явуулж байгаа харгис явдлыг залруулах зам руу улс орон маань  явах ёстой гэдгийг  хүний эрхийн хуульчийн хувьд  хэлэхийг хүсч байна.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.