ТАТАТУНГАА-тай өдрүүд буюу НАЙМАН ХОШУУ

6576

Л.МӨНХТӨР /сэтгүүлч, яруу найрагч, Хэлбичгийн ухааны доктор/

Намрын шар өдрүүд үргэлжилсээр…Тэнгэр газраар ээлжлэн явсаар Тунлюо /уулын Жирим аймаг/ хотын Найман хошуунд дөрөө мулталлаа. Хангай нутаг шиг моддын шугуй дундуур давхисаар ойн цоорхойд  суурьшсан тосгонд хүрээд ирлээ. Хаашаа л харна мод. Бас  саяхан хураасан тариалангийн шаргал сүрэлтэй талбай. Зам дагуу бэлчээрийн  зэлүүд талбай ер харагдсангүй. Таримал модод,  түүний завсар чөлөөгөөр тариалангийн талбай үзэгдэнэ. Найман хошуу  саяхан болтол  Зуун-Удын чуулганд хамаарч байж, Тунлюогоос  Жарууд найман хошуу хоёр  Зуун-Удын чуулганд байсан. Зуун-Уд бол одоогийн Улаанхад хот. Тийм ч болохоор Улаанхад хотоос 200 км л зайтай юм билээ. Найман хошуу гэдэг нэрийн тухай тоймтой тайлбар үгүй ч Оросын түүхч Лев Гумилёв Найманы нэрийг Киданы эртний нэгэн ноён 8 хүүтэй байсантай холбон тайлбарлажээ. Кидан улс унасны дараа баруун тйиш нүүн Хар Кидан улсыг байгуулсан юм. Хар киданчуудын зарим нь найман аймаг болсон гэж Гумилёв үзсэн байна. Алан Саундерс тэднийг монголжсон түрэгүүд гэж үзжээ. Мөн Казахстаны зарим эрдэмтэн судлаачид найманчуудыг монгол аймаг гэсэн үзлийг дэмждэг. Казахстаны history.kz сайт тэдний нутаглаж байсан газарзүйн байршилд нь үндэслэн найманчууд үргэлж монгол овог аймгуудын дунд хүрээлэгдэн оршиж байсан монгол аймаг гэж бичжээ.

Мөн Түрэг улсын үед Монголын төв хэсэгт байсан секиз огуз аймаг хожим Найман болсон, МНТ-нд гардаг найман хүмүүсийн нэр түрэг үг гэсэн онол бий. “Секиз” нь 8 гэсэн түрэг үг юм. Огуз нь одоогийн туркмен, салар түрэг, БНТУ-н туркуудын өвөг түрэг аймаг бөгөөд казах, киргиз зэрэг бусад түрэгүүдийн бүрэлдэхүүнд төдийлөн ороогүй. Энэ бүхэн бол үнэндээ  12 дугаар зууны үед  тэмдэглэгдсэн зүйл л дээ. Найманы ханлигийг 1211 онд Чингис хаан мөхөөсөн. Тэгтэл 14-20 зууны үеийн  Найман хошуу чухам энэ нэртэй холбоотой эсэхийг тэгтлээ нотолсон зүйл үгүй. Манж эрхшээлдээ авсан монголчуудыг өөрийн  захиргааны бүтцэд хуваахаас өмнө бүр тодруулвал Даян хаан /1460-1544/ буюу 14-15-р зуунд Цахар  найман отгийн нэгэнд Найман хошуу багтаж байсан нь их ойрын жишээ билээ. Энэ бол түүх цаг хугацааны бичээсүүд.

Найман хошуу өнөөдөр  элст нутгаа их ногоон төгөл шугуй  болгоод аж төрж сууна. Өнгөрөгч жилүүдэд далай мэт уудам цөл нь Найманы ард түмний сэтгэлийн угт яаж шүүхэн ургамал ногоо тарьж, мод бут ургуулж нутгаа засах билээ гэх хөндүүр бодол тээсэн он жилүүд  байжээ. Хорчины цөлд байрлах Өвөр Монголын Түнляо хотын Найман хошууны нийт нутаг дэвсгэрийн 62 хувь нь цөл бөгөөд ядуу хошуу байлаа. 40 шахуу жилийн турш Найман хошуу нь хөгжих арга замаа ухаалагаар  өөрчлөн, экологийн үр өгөөжтэй арга замыг сонгож, элст манхан нутгаа (цөлжилтөөс) сэргийлэх, засах болон орон нутгийн эдийн засгаа хөгжүүлэхийг нарийн уялдуулан, экологийн бүтээн байгуулалт болон малчид тариачдын орлогыг зэрэг нэмэгдүүлсэн хөгжлийн арга замыг сонгож чадсан юм. Үүний үр дүн гарч шинэ шинэ ололт, шинэ шинэ хөгжлийн гарцыг нээж өнөөдөр амьдрал ахуй, ажил үйлс нь  жигд өсөн нэмэгдсэн байна. Үүнийг чухамдаа “Ногоон хувьсгал”-ын үр дүн гэж хамгийн өргөн утгаар нь үнэлж болно. Түүнийг нь нүдээр үзсэн хэн боловч үнэмшин бахархахаар юм билээ. Үүнийг нь гэрчлэх мэт замын хоёр талаар элст нутгийн уугуул бөгтөрхөн хайлааснууд наран зүг залбирч,  хүдэр бадар ишин дээрээ нялх намиа эрхлүүлэн уйтгартай нь аргагүй бөхөлзөхийг олж үзлээ. Энэ бөгтөрхөн хайлааснууд эргэн тойрон ургасан нялх мододоо энхрийлэх шиг, үлгэр түүх, өнгөрсөн үеэ дурсан суух өвгөд мэт  л санагдсан шүү.

Найман хошууныхан 1984-2014 он хүртэлх 30 жилд   “Ногоон хувьсгал”-аас улбаатай  нийт 400 сая юаний хөрөнгө гарган 6 сая гаруй акр талбай элсийг засжээ…гэсэн мэдээ олж уншсанаа санаж байна. Үүнээс хойшхи 5 жилд  илүү их газрыг ногоон бүсийн жагсаалтад оруулсан гэдэгт итгэхээс өөр гаргалгаа алга.  1950-иад оны үед бүх газар нутгийнх нь 5.9 хувь нь л ой модтой гэж  бүртгэгдсэн энэ газар одоо бараг 50 хувь нь ой модтой болжээ.  Экологийн нөхцөл байдал сайжрахыг дагаад Найман хошуу цөлд зохицсон таримлыг тарьж ургуулан, ахуй амьдралаа өөд нь татах шинэ замыг нээжээ. Энэхүү цөл нутаг нь нарны гэрлийн тусгал сайн, температурын зөрөө их, газар доорх усны нөөц элбэг, бохирдолгүй зэрэг давуу талтайгаараа экологийн цэвэр газар тариаланг идэвхтэйгээр эрхэлж байна. Бидний явах замд  мододын чөлөөгөөр цухас цухас үзэгдээд байсан тариа ногооны талбайд газар нутагтаа зохицсон  сортын тариалан эрхэлжээ. Үүний нэг тод илрэл нь намрын  хонгор салхин доор  шаргалтах   их ургац хураалт буюу. Тэдний ярьдгаар бол “элбэг хураалт” ажээ. Гацааны айлуудын хашаа хүрээнд  нар  асгачихсан юм шиг  шаргал шаргал  эрдэнэшиш /ноён шиш/-ийн овоонууд алтарна. Энэ л гэрчлээд өгнө дөө. Тэд энэ намрын ургацаа хашаандаа оруулжээ. Будааны үнэ ханш гарахыг хүлээгээд түр  ажиглаж байна. Өнгөрсөн жил нэг жин эрдэнэ шиш 0.7 юань хүрчээ. Нэг жин гэдэг нь манайхаар 500 граммтай тэнцэнэ. Сайн цутгалттай  хоёр ширхэг  эрдэнэ шиш л бараг хагас кило болно. Нэг айл дундажаар  20-30 тонн эрдэнэ шиш хураадаг гэж байна. Ингээд бодохоор нэг өрх айлын орлого аандаа баримжаалагдана. Сүрлийг нь  хураагаад тэжээл хийчихнэ. Суурин маллагааны үхэр  голдуу мал нь түүнийгээ иднэ. Хаягдалгүй технологи гэж л энэ дээ.

Найман хошууны намрын тэнгэр доор нэг дурсгалтай ч гэмээр, шинэ түүх үүдсэн ч гэмээр, түүхэн үйл явдал ч гэмээр арга хэмжээ боллоо.  Энэ бол Тататунгаа нэрэмжит  Монгол үсэг бичгийн музейн нээлтийн арга хэмжээ. Монгол бичиг үсгийн музейгээ тэд анхных гэж тодотгож  байна. Арга ч үгүй биз.

Тэд энэхүү музейгээ вангийнхаа ордонд нээлээ. Тус музейд 500 гаруй  үсэг бичгийн дурсгал тавигджээ. Музейг Найман хошуунд байгуулсан учир юун гэвээс түүхэн хүн Тататунгаа  найман хүн байсан гэдэгт очиж зангидагдаж байна. 1204 онд Чингис хаан Найманы ханлигийг дайрахад Найманы тамгач түшмэл Тататунгаа  алтан тамгаа барин зугтаж яваад олзлогдсон. Үнэндээ бол тэр уйгар хүн. Хүмүүс амь зулбан  зугтааж ахуйд тэр түшмэл гагцаар тамгаа аван  зугтаж явсан нь  ихээхэн анхаарал татсан байж мэднэ. Чингис хааны холыг харах ухаан энэ хүн яавч зүгээр хүн биш гэж бодсны үндсэн дээр түүнийг дэргэдээ аван талархаж  хойчис  ах дүүдээ бичиг үсэг заалгажээ. Түүний гавьяа бол тухай үед хэрэглэж байсан уйгар бичгийг  монгол  авиа бичигт зохицуулан  уйгаржин монгол бичгийг дэлгэрүүлэн төрийн бичиг үсэгт хэрэглэх нөхцлийг бүрдүүлж чадсан гавьяа  буюу. Чухамхүү энэ л цагаас эхлэн уйгар бичгийн суурин дээр  зохиосон  уйгаржин монгол бичиг ихэд дэлгэрчээ. Ийнхүү  тэртээх найман ханлигийн үеийг нааш нь татан нутаг усандаа  бичиг үсгийн музей нээсэн нь монголчуудын хувьд нэг л шинэ зүйл боллоо. Ер нь Найман хошууныхан  оточ Жамбалдорж тойн, эрдэмт мэргэн Бөхөөхишиг гээд алдартай хүмүүсийн нутаг ус гэдгээрээ бахархдаг юм билээ.  Өнгөрсөн жил Жамбалдорж тойныхоо алдрыг таниулах зорилгоор  музейг нь  мөн л вангийн ордныхоо нэгээхэн хэсэгт нээсэн.  Бөхөөхишиг гэх эрдэмтнийхээ тухай ном дурсгал бичиж байгаа хүмүүс ч байна билээ. Тэрээр “Улаанбарс” сэтгүүлийг Бээжинд хэвлэн гаргасан гэдгээрээ бичгийн мэргэдийн дунд ихээхэн алдаршсан нэгэн. Монгол хэлээ дархлан хамгаалах үйлсэд өөрийн гэсэн байр суурьтай ийм нэг музей  Найман хошуунд үйл ажиллагаагаа эхэлж өргөн олонд  үйлчилж эхэллээ. Намайг дагуулж нутгаа үзүүлсэн  эрхэм нөхөр маань  “энд чинь зүгээр л манхан элс байсан газар даа” гэж хошууныхаа төвийг цаагуураа магтаж байлаа. Найман хошуу намрын шар нарныхаа доор нэгэн шинэ музей өлгийдөөд шаргалтаж хоцорлоо. Энэ хошууны эртний угсаа Найман ханлигийн нутгийг Оросын түрэг судлаач Н.Аристов Монголын нууц товчооны мэдээнд үндэслэн Найманы нутаг Эрчис мөрнөөс Монголын Тамир гол хүртэлх газрыг хамарч байсан гэж үзжээ. Монголын нууц товчооны 198-р зүйлд “Найманы Хүчүлүг хан улсаа алдаад цөөн хүнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж, Эрчис мөрний Бүхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ” гэж дурьдсан нь түүхийн хуудсанд тодорсоор л …Тататунгаатай өдрүүдийг  үдэхдээ Найман хошууны  зочломтгой ард зоныг сэтгэлдээ тээсээр буцлаа.


URL:

Нэр: зочин Огноо: 28 October 2019

Сайхан аян замын тэмдэглэл байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.