АН барьцаа ахиулж, унасан гурван саналаа “босгож” ирэх нь

15721822265db598d2d5783Төрийн байгуулалтын байнгын хорооны боловсруулсан  “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар   гишүүдийн  69 хувь нь  дэмжиж баталсан.  Тогтоолд ҮХОНӨ-ийн төслийг  гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг энэ сарын 25-наас ирэх сарын 11-ний өдрийг хүртэл байхаар тогтлоо.

Олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ирэх сарын 11-15-ны хооронд  нэмэлт,  өөрчлөлтийн  гуравдугаар хэлэлцүүлэг хийнэ  гэдгийг тодотгосон. Тэгэхэээр ирэх сарын хоёр дахь долоо хоног бүхэлдээ хэлэлцүүлэгт зориулагдаж, эрх баригчид зорьж зүтгэсэн Үндсэн хуулийн нэмэлт , өөрчлөлтийнхөө ард нь гарахыг чухалчилж байгаа ажээ.

Төдийгөөс өдий хүртэл тодорхойгүй байсан гурадугаар хэлэлцүүлгийн тов ийнхүү тогтож байгаа нь зөвшилцөл тодорхой хэмжээнд үр дүнд хүрч байгааг илэрхийлж байна.  Зөвшилцөлийн явцад АН барьцаа ахиулж,   унасан гурван саналаа зүтгүүлж, санасандаа хүрч байгаа нь бараг тодорхой.  Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн холимог тогтолцооны талаархи мессеж нийгэмд хэдийнэ  цаг хугацаатайгаа тодорхой болчихсон.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад 57 гишүүний  саналын дэмжлэг авсан 35 санал байгаа.  Үүнийг хөндөхгүй”  гэж байгаа ч гуравдугаар хэлэлцүүлэг өмнөх унасан заалтуудыг эргэн шигшиж шүүж таарах байх. Тэгээд ч олонхийн бүлэг энэ явцад саналаа бүрэн дүүрэн нэгтгэж чадах эсэх нь эргэлзээтэй.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч  хоёр хуульд өөрчлөлт оруулснаар хоёрдугаар шатанд унасан заалтуудыг  гишүүдийн 2/3-ын саналаар эргэж босгож болох  хуулийн гарц нээгдчихсан байгаа. Энэ шалтгаанаар хамгийн түрүүнд амилж мэдэх заалт бол Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлгүй байх тухай юм. Энэ заалт Ерөнхийлөгчийн институцийн зүгээс нэлээд нэхэл хатуутай байсан билээ.

Түүнчлэн Ерөнхий сайд нь  танхимаа бүрдүүлдэг байх заалт баараггүй босч ирнэ.  Энэ хоёр асуудал гүйцэтгэх эрх мэдлийг хангах, Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан гэгдэж байв.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “ Гуравдугаар хэлэлцүүлгээр төслийн зүйл, хэсэг, заалт бүрээр санал хураалт явуулах бөгөөд эцэст нь хуулийг бүхэлд нь батлах саналыг хураах хуулийн зохицуулалттай” гэдгийг  хэлсэн. Харин энэ явцад урьд нь 57-оос дээш гишүүний саналаар дэмжигдсэн заалт  унавал яах вэ гэсэн асуулт эргэлзээ төрүүлэх шалтгаан болж байгаа юм. Хэрэв ингэж харвал мөнөөх “хөдөлшгүй” гээд  байгаа 35 заалт ч бас  дархлаа  нь сул болж мэдэхээр байна.

М.Нэргүй

http://www.zaluu.com/read/3fe31bh0g


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.