“Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй”

6607

УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийг хэт тэлсэн гэж эдийн засагчид шүүмжилж буй.

Учир нь, нэгдүгээрт, дэлхий дахинд өрнөөд буй технологи, худалдааны дайнаас үүдэн түүхий эдийн ханш хаашаа ч эргэж мэдэх эрсдэлтэй тул зардлаа дагаж тэлсэн төсвийн орлого биелэх боломж хомс гэдгийг анхааруулж байгаа юм. Тэгвэл бас нэгэн эрсдэл нь Монгол Улсын ойрын хугацаанд хийх гадаад төлбөр тооцоо төсвөө тэлж болохгүй гол шалтгааны нэг гэдгийг нэмсэн. Үүнээс хоолойд тулаад буй нь Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцэлийн төлбөр юм.

Ирэх оны долоодугаар сард БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монголбанкны своп хэлцэлийн хугацаа дуусна. Анх 2014 онд байгуулсан 15 тэрбум юань буюу 5.4 их наяд төгрөгийн своп хэлцэлийн хугацаа 2017 оны наймдугаар сард дууссан. Тухайн үед манай улсын эдийн засаг хасах циклээс өндийхгүй, гадаад валютын албан нөөцөө шавхаад ч энэ өрөө төлж чадахгүй хэмжээнд байсан. Энэ үед урд хөршөөс хэлцэлийг дуусгавар болгох шахалт хүчтэй байсан гэдгийг ч тухайн үеийн албаны эх сурвалж байсан. Харин сэхээнд байсан эдийн засгийг ОУВС “эмчлэх” эрх авснаар дээрх хэлцэлийг шинэчлэн баталж, гурван жилээр сунгасан нь өмнө дурдсанчлан 2020 оны долоодугаар сард дуусах юм.

Тиймээс ч  Төв банк болон Засгийн газрын түвшинд своп хэлцэлийг дуусгах уу, дахин шинэчлэх үү гэдэг асуулт хэдийнэ яригдаад эхэлсэн. Одоогоор Төв банкны зүгээс хэлцэлийг сунгах санал тавьсан. Хэрэв асуудал бишдвэл хэлцэлийг Засгийн газрын өр рүү шилжүүлэх “Б” төлөвлөгөөний талаар ч яриа өрнөөд буй. Гэвч “Хэлцэл бол Төв банкны асуудал Засгийн газрын өр рүү шилжүүлэх боломжгүй” гэдэг тайлбар ч байна.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Хятадын Ардын банкны своп хэлцэл 2020 оны долоодугаар сард дуусна. Үүнтэй холбоотойгоор бид шаардлагатай бэлтгэл ажлуудыг хангаж байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард би БНХАУ-д айлчилж, Төв банкных нь ерөнхийлөгчтэй уулзаж, тодорхой асуудлуудаар ярилцаж, ойлголцсон. Тэгэхээр энэ асуудлаар бид цаашид анхаарч ажиллах болно. Гэхдээ энэ асуудлын хувьд цаашдаа Сангийн яам, Гадаад харилцааны яамны чиглэлээр бидэнд нэлээд дэмжлэг, туслалцаа авах шаардлага бий” гэж байр сууриа илэрхийлсэн байдаг.

Тэгвэл своп хэлцэлийг концесс руу шилжүүлэх саналыг долоодугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишаний айчлалын үеэр хөндсөн юм. Тодруулбал, БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монголбанкны своп хэлцэлийн төлбөрийг хөгжлийн зээл, концесс зэрэг боломжтой хэлбэрээр замын бүтээн байгуулалтад ашиглах саналыг анхааралдаа авахыг хүссэн. Хариуд нь Ван Чишань “Своп хэлцэлийн төлбөрийг бүтээн байгуулалтад ашиглах саналыг хоёр орны Төвбанк харилцан ярилцаж шийдэх боломжтой” гэдгийг хэлсэн байдаг.

Харин нөгөө талаас төлөх нийт төлбөрийг ам.долларт шилжүүлбэл, 1.2 тэрбум болж байгаа. Монгол Улсын гадаад валютын нөөц одоогоор 3.7 тэрбум ам.доллар. Байгаа нөөцөөрөө төлбөрөө хийлээ гэхэд дараагийн эрсдэл хэрхэх нь асуудалтай. Ямартай ч энэ хэлцэлийн төлбөр Монгол Улсын ойрын жилүүдэд хийх төлбөрүүдийг сануулж байна. Гэвч “Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэдэгчлэн төлбөрийн хугацаа нь УИХ-ын сонгуулийн дараа, дараагийн танхим бүрдээгүй байхад таарч байгаа тул энэ УИХ уг асуудалд анхаарахгүйгээр зардлаа нэмэн нэмэн төсвөө кнопдох нь мэдээж.

ЕAGLE.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.