АН хандив нэрийн дор авилгын үр суулгаж байна

Хуучин оноо халж, шинэ оноо угтах торгон агшнаас эхлээд өнөөдрийг хүртэл улстөрийн амьдрал халуухан үргэлжилж байна. Цаашид ч улам л халуун гал дунд үргэлжлэх нь мэдээжийн хэрэг биз ээ. Өөрөөр хэлбэл хоёр он улстөрийн дүрэлзсэн гал   дундуур мэнд зөрөөд одсон нь цаашид ямар байхыг төвөггүйхэн илтгэж байгаа. Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарч, удсангүй ҮЗХ-ны хурлаа олон ургальч үзэл бодол, олон фракцуудын хүсэл сонирхол дунд хийлээ. Эдгээр фракцуудын хүсэл сонирхлын гал намдсан мэт ойлголт төрж байгаа ч ихэд хортойгоор далд шатсаар байна. ҮЗХ-ны хурлаас хойш уур нь гараагүй “түхэлзэж” яваа Х.Баттулга тэргүүтэй Монголын ардчилсан холбоо, эв нь таарвал Н.Алтанхуягийн эсрэг турхирч мэдэхээр хааш хаашаа ашигтай байрлал эзэлсэн З.Энхболд тэргүүтэй Монголын ардчилсан хүчний холбоо, хуучин МҮДН фракцийг идэвхтэй үйл ажиллагаанд оруулна гэж намын даргаа айлгаж, өөрийнхөө амийг хоохойлж байгаа Р.Амаржаргал, тал засахгүй л бол яаж ч мэдэх залуусын фракцууд гээд хөөрхий даргаа айлгах бүлэглэл энэ намд олон бий.

Тэрбээр ҮЗХ-ны хурлыг өөрсдийнх нь хэлснээр “азаргалах” маягаар явуулж, “дээсэн дөрөөн дээр” суудлаа хамгаалж үлдсэн. Суудлаа хамгаалахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь тойргийн мандат байлаа. Улстөрд санаархагчид, горьлогчдын цувааг тэр өөрөөдөө эргүүлж чадсан учраас тэр. Эдгээр асуудлын шилийг дараад босго мөнгөний асуудал далдхан шатаж байсан галыг ил гаргалаа. Өнгөрөгч жил АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, 2012 оны сонгуульд намаасаа нэр дэвшигчид тус бүрээс 50 сая төгрөгийн босго мөнгө авах журам батласан билээ. Үнэн хэрэгтээ улстөр санаархагчдын дунд 50 сая байтугай таван сая ч үгүй хүн олон бий.

Тиймээс Н.Алтанхуяг халаасандаа мөнгөгүй улстөр зүүдлэгчдэд боломж олгоно гэсэн амлалтаар ҮЗХ-ны хурлын галыг намдааж, суудлаа хамгаалсан царай нь энэ. Гэтэл өчигдөр энэ мөнгийг хурааж авах эцсийн өдөр байлаа. АН-аас нэрээ дэвшүүлэх 150 хүний жагсаалт бий. Үүний гуравны нэг хувь нь босго мөнгөө тушаагаагүй намынхаа даргад ацагласан маягтай сууж байдаг. Намын удирдлагууд Гүйцэтгэх зөвлөлөөсөө гаргасан шийдвэр, нөгөө талд намын санхүүжилтээ зузаалах талаар бодлого барьж байхад намын дарга нь суудлаа хамгаалах гээд энэ намд багагүй хэрүүл дэгдээд байна. 150 хүний гуравны нэг нь болох 50 хүний 1.5 тэрбум төгрөгөөр суудлаа хамгаалах гэсэн Н.Алтанхуягийн санаархал талаар болж мэдэхээр байна.

Намын дарга үүн дээр нэмээд тойргийн мандатгүй, жийгдсэн нөхдөд тойрог амлачихсан байдаг. Гэтэл намынх нь акулууд энэ хэн ч мэдэхгүй, юу ч чэдахгүй нөхрийг хаанаас гаргаад ирэв гээд мань даргад асуудлаас их юм алга. Нэг удаа үлдсэн юм чинь гээд намынхаа бодлогыг дагах гэхээр тун удахгүй ҮЗХ-ны хурал, цаашилбал намын Их хурал ч болох тухай яриа газар авсан. Тиймээс Н.Алтанхуяг “Хадын завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг л болжээ.

Уг нь улстөрийн намуудын тухай хуулийн 18.3-т “намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгуулагад жилд хоёроос дээш хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” гэж заажээ. Угтаа бол АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад энэхүү улстөрийн намуудын тухай хуулийн 18.3 хэмээх заалтыг ил тодоор зөрчлөө. Хуулийн заалт зөрчсөн Гүйцэтгэх зөвлөлийн хурал болсны дараа 50 сая төгрөгөө өгсөн хүмүүсийн эхний 10-т Х.Баттулга, З.Энхболд, С.Баярцогт, Лу.Болд, Ч.Сайханбилэг, Г.Батхүү, Л.Гансүх, дэд сайд асан Д.Нямхүү, Б.Ариунсан, Х.Золжаргал нар орсон байна.

АН-аас УИХ-ын сонгуульд горилж байгаа 150 хүний 50 сая төгрөгийг үржүүлэх юм бол 7.5 тэрбум төгрөгөөр дунджаар 200 айлын орон сууц барьж болно. Өнөөдөр бидний хөгжилд түлхэц болж буй жижиг дунд үйлдвэрлэл байгуулахад 7.5 тэрбум нэлээд хүний ар гэрийг аваад явчихна. Өнөөгийн тооцоолж байгаагаар бол нэг жижиг дунд үйлдвэрлэл бүрэн ажиллуулж эхлэхэд 150-200 сая төгрөгөөр хангалттай босгодог гэсэн тооцоо бий. Тэгэхээр 50 орчим жижиг дунд үйлдвэрлэл эхлүүлж болох нь. 50 орчим жижиг дунд үйлдвэрлэлийн ар”талд хэдэн зуугаар” тоологдох ам бүл, бас төдий тооны ажилчдын аж амьдрал байгааг ч дурдах нь зүйн хэрэг. Өнөөдөр зам барилгын ажилд ямар их мөнгө хэрэгтэй байна, нэг километр хатуу хучилттай зам тавихад 400 сая төгрөг зарцуулдаг.

Тэгэхээр 7.5 тэрбум төгрөгөөр нийслэлд шинээр өргөн зам тавихад 20 километр зам тавина. Зөвхөн нэг хүний намд өгч байгаа 50 сая төгрөгөөр 10 хүн такси авахад цаана нь зуугаар тоологдох ам бүлийн хоногийн хоол болж өгнө гээд багагүй зүйл хийх мөнгө ийнхүү зүгээр л авлигын шинжтэй намын дансанд орж байгаа нь харамсалтай. Цагаан cap хаяанд тулж, 150 мянган төгрөгийн тэтгэвэртэй өндөр настангууд 150-200 мянган төгрөгийн үнэтэй ууцаа ч авч чадахгүй сууж байна. Шинэ залуу гэр бүл бологсод халаасны өрөө дамжин хөөгдөж туугдаж явна. Орон гэргүй өч төчнөөн ам бүл гудамжинд осгох шахаж байна гээд улс орон, нийгэм дүүрэн асуудал байхад Н.Алтанхуягийн үүдэнд хандив нэртэй авлигын 50 сая төгрөг бариад оочёрлож байгааг юу гэх вэ.

Хэтдээ төрийг авлигад идүүлэх, мөнгөөр албан тушаал солилцох ийм л зүйлийн хөрс суурийг нэн эртнээс бэлдэж байна. Зөвхөн нэг хүний намд өгч байгаа 50 сая төгрөгөөр 50 хүнд гэр бариад өгчихөж болно. Монголын улстөрд ийм авлигын шинжтэй хөрс суурийг шууд ил цагаан хийж байгаа хүмүүс ирээдүйд яах вэ гээд асуудал зөндөө бий. Мэдээж хэрэг энэ 150 хүн бүгдээрээ нэрээ дэвшүүлэхгүй, тэр ч бүү хэл сонгуульд оролцсон хэдийн ихэнх нь ялагдал хүлээнэ. Гэтэл үүнийгээ мэдсээр байж яагаад намын даргын үүдэнд мөнгө барин оочёрлоод байна вэ. Хэзээ нэгэн цагт төрийн өндөр дээд албан тушаалд очих авлигаа өгч байна гэсэн үг. Магадгүй нам нь ялалт байгуулбал яам агентлагийн дарга, дэд сайдын суудал горьлогчид шүү дээ.

Төрийн албыг завхаруулах алс хэтийн бодлого энэ 50 сая төгрөгийн цаад талд байгаа юм. Уг нь бол АН-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө энэ талаар ихээхэн дуугарч, нам ихээр мөнгө татахыг хориглодог л хүн дээ. Одоо л дуугарах цаг нь мөн гэж хэлмээр байна. Өөрийнх нь халаасанд байдаг хэдий ч АТГ энэ байдлыг шалгамаар юм. Өнөөдөр жирийн нэг хөдөлмөр хийгээд явж байгаа хүн намд 50 сая байтугай 50 мянган төгрөг өгөхөд ч хэцүү нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Энэ их мөнгийг зүгээр л гаргаад өгч байгаагийн цаана ямар бизнес, ямар булхай луйвар байдгийг АТГ шалгаж байх учиртай.

За яахав, хувьдаа архи дарсны бизнестэй Г.Батхүү мэт нь ч 50 сая бүү хэл цацах байх. Яагаад гэхээр ард түмнээ спиртээр хордуулж, удмын санд нь хүртэл нөлөөлж байгаа энэ хүнд спиртээр орж ирсэн асар их мөнгө бий. Л.Гансүхийн хувьд салбар яам тэргүүлж байсан хүн, тэр зэргийн мөнгө яамнаас шуучих байлгүй дээ. Сая долларын хаус авлигад авсан дуулиан одоо ч намдаагүй, илрүүлсэн сэтгүүлчийг шүүхэд өгчихөөд байна. Х.Баттулгын хувьд бол ойлгомжтой, бизнестай хүн. Бусад нь чухам хаанаас мөнгө олоод байна вэ гэдгийг шалгах цаг болсон биш үү. Өнөөдөр толгой даран 50 сая төгрөг нэхэж авч байгаа нам маргааш 500 сая төгрөг нэхэх нь мэдээж.

Тэр хэрээр мөнгө олох гэсэн луйварчид энэ төрд дүүрэх хөрс суурь тавьж байна шүү. Хүн тус бүр 500 сая төгрөгийн эрэлд мордвол Монголын эдийн засаг болон төрд ямар их хөнөөл учрах талаар нэг сайн бодох цаг болжээ. Мэдээж энэ их мөнгийг хулгай хийж, худлаа хэлэхгүй бол дэлхийн хамгийн баян оронд хөдөлмөрлөөд ч олохгүй.

С.УУГАНБАЯР


URL:

Сэтгэгдэл бичих