Үндсэн хуулийг өөрчлөх гээд байна уу, өөрсдийгөө эрх баригчид дархлах гээд байна уу

olloo_mn_1567730461_olloo_mn_1567037901_Undsen-huul“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт зохиолч, судлаач С.Лочин, гавьяат эдийн засагч Б.Осоргарав, Өргүй Монголын төлөө ТББ-ын тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, эрхзүйч Т.Хасбаатар, МАХН-ын мянгатын дарга С.Орхонбаяр нар оролцож, Үндсэн хуулийг өөрчлөх гээд байна уу, өөрсдийгөө эрх баригчид дархлах гээд байна уу сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Зохиолч, судлаач С.Лочин: Сонгогчдын хариуцлагыг өндөр болгох хэрэгтэй

-Үндсэн хууль бол хэн ч байсан дагаж мөрдөж байх учиртай. Гэвч Монголд Үндсэн хуулийг уландаа гишгэдэг зүйл моданд орж байна.

-Үндсэн хуулийг төр засгийн удирдлагаас эхлээд жирийн наймаачин хүртэл тунхаг төдий болгож, араар нь хууль бус зүйл хийж байна. Энэ бол өнөөдрийн Монголын эмгэнэл.

-Сонгогчдын хариуцлагыг өндөр болгох хэрэгтэй. Одоогийнх шиг хариуцлагагүй хүмүүсийг сонгодог байж болохгүй.

-Төрийн өндөр албан тушаалд олон жил суудаг байдлыг халах хэрэгтэй.

-Монгол Улс сонгодог парламентыг хөгжүүлэх ёстой. Парламентаас өөр зам бидэнд байхгүй.

-Сонгодог парламентыг хөгжүүлэхэд Ерөнхийлөгчийн эрх мэдэл саад тээг болж байна. Парламентын өөдөөс явуулга хийх эрх Ерөнхийлөгчид бий. Энэ бол мухар олгой шиг илүү эрхтэн.

-Ерөнхийлөгчийн эрх мэдэл гишүүдийн шударга бус үйлдлийг улам дэврээж өөгшүүлж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн институцийг устгах хэрэгтэй.

-Засгийн газрыг захирч чаддаг парламенттай байхад хангалттай.

Гавьяат эдийн засагч Б.Осоргарав: Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг зогсоох ёстой

-Үндсэн хууль бол аливаа улс орны урт удаан хугацаанд хөдөлшгүй мөрдөх бүхий л харилцааг зохицуулсан цогц баримт буюу тунхаг юм. Үндсэн хуулийг олон жилээр мөрдөх учиртай.

-Дэлхийн талыг эзэлсэн морио бөгс, цээжээр нь хуваагаад төрийн сүлдэндээ залчихсан улсыг юу гэж ойлгох вэ.

-Үндсэн хуулиа өөрчлөх дээрээ тулчихаад байгаа бол төрийн сүлднээсээ эхлэх ёстой.

-Үндсэн хуулийг ард түмнээс эхэлж асуух ёстой. Үүнээс үндэслэж Их хурлын гишүүд, нам эвсэл, ТББ-ууд бүгд хамт сууж байгаад хэлэлцэх хэрэгтэй.

-Одоо бол цөөн хэдэн хүн Үндсэн хуулийг ингэж өөрчилнө гэж ард түмэнд тулгаж байна. Ард түмнээр хэлэлцүүлсэн гээд байгаа мөртлөө зөвхөн ойрын хүрээллийн хэдэн хүнээ л оролцуулж байна шүү дээ.

-Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг зогсоох ёстой. Тодорхой хугацааны дараа дахин ярилцаж болно.

-Өвөг дээдсийнхээ үлдээсэн газар нутгийг ухуулаад дуусах нь. Сүүлдээ хэдэн ухсан нүхтэй л хоцрох нь. Ийм зүйл хийж байгаад хэлэх ч үг алга.

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: Оюутолгойн загвараар Монголыг луйвардах гэж байна

-Их засаг хуулинд заасан газар бол улсын үндэс юм гэдэг ганц өгүүлбэрийг ч Үндсэн хууль гэж тооцож болохоор.

-Үндсэн хууль бол ард түмний оршихуйн үндсийг тодорхойлж өгдөг. Үндсэн хууль бол улс орны эзэн, амьдрах эрх, ард түмний ахуй амьдралыг зохицуулах төр засгийг “төрүүлсэн” ойлголт юм.

-Үндсэн хууль бол ард түмэн сайхан амьдрахын тулд дундаасаа бий болгосон төр хэмээх бүтэцийг хянах, хариуцлагажуулах хэн ч зөрчиж болохгүй суурь зарчим юм.

-Тухайн ард түмний газар нутаг, амьдралдаа эзэн байх эрхийг баталгаажуулсан төр, хувийн хэвшлийн гэрээ бол Үндсэн хууль юм. Эндээс иргэд бүхний эх сурвалж гэдгийг ойлгож болно.

-Өнөөдөр газар нутаг, баялаг, барилга байшингаа бүгдийг хувьчилснаас болж одоогийн ард түмний үзэн ядаад байгаа МАНАН бүлэглэл бий болсон.

-Органик хуулиар Оюутолгой маягаар луйварддаг байсан бол Оюутолгойн луйврыг Үндсэн хуулиар баталгаажуулж загвараар нь улсыг цөлмөх гэж байна.

-Оршихуйн үндэс болсон газрыг 1997 онд Ашигт малтмалын хуулиар авсан. Ард түмэн дургүйцэхээр дээд бүлэглэл хуурч хуулиар баталгаажуулах гэж байна.

-Гадны гар хөл болсон урвагчид газраа зарахын тулд оюутолгойн загвараар мөлчиж гэж байна.

-Гадны захиалгатай бүлэглэл газрыг цөлмөж монголчуудыг дааж давшгүй өрөнд оруулах гэж байна.

Эрхзүйч Т.Хасбаатар: Үндсэн хуулийн өөрчлөлтөд эрх баригчид дүрэмгүй тоглож байна

-Их Монгол Улс байгуулагдсанаар Их засаг хууль буюу одоогийн Үндсэн хууль бий болсон гэж хэлж болно.

-Хэлзүйн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл өнөөгийн Үндсэн хууль гэсэн хэллэг нэлээн бодитой. Олон улсын хэмжээнд авч үзвэл Үндсэн хууль бол иргэд болон төр хоорондын гэрээ юм.

-Үндсэн хуульд хандаж байгаа бидний хандлага бол амьдрал ахуй, бүрэн эрхт байдал, хойшид оршин тогтнохын үндсэн суурь ойлголт юм.

-1992 онд халуун ам бүлээрээ сууж байгаад өөрөө өөртөө засаглах эрхээ баталгаажуулсан нь гайхамшигтай юм гэдгийг одоо мэдэрч байна. Үндсэн хуулийг өөрчлөх талаар олон хэлбэрээр ярьж байгаа нь зөв.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд өнөөдрийн эрх баригчид дүрэмгүй тоглож байна.

-Косметик засварын ард заавал хардлага байдаг. Өнөөдрийн байгалийн баялагтай холбоотой өөрчлөх заалт бол үүний жишээ.

-УИХ-н зарим гишүүд хууль мэдэхгүй. Гарц гаргалгаа ярихгүй худал яриад сууж байна. Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэгт шилжих боломжгүй.

МАХН-ын мянгатын дарга С.Орхонбаяр: МАН-д Үндсэн хуулийг өөрчлөх ёсзүй, эрхзүйн чадамж байхгүй

-Үндсэн хууль бол ард түмний зөвшилцөл буюу нийгмийн гэрээ гэж ойлгож болно. Ардын хувьсгалаас хойш 3-4 гэрээг өөрчилж байна.

-Төрд мэдлэг боловсролтой мундаг хүн гарсан ч хулгайч болчихдог тогтолцоог өмнөх Үндсэн хуулиар бий болгосон.

-Байгалийн баялгийг тэр чигт нь хулгайлсан нөхөр шүүхээс ял авдаггүй. Ийм болтлоо ялзарсан.

-1992 оноос хойш баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэж байгалийн баялаг олгиархиудын гарт шилжсэн.

-Үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлт хэлбэрээр засах биш шинэ Үндсэн хуультай болох хэрэгтэй. МАХН шинэ Дээд хуулийг боловсруулсан.

-Ард түмэн өөрсдөө Үндсэн хуулийг батлах ёстой. Гэтэл одоо ард түмнээс асуухгүй байна. Мөн МАН-д Үндсэн хуулийг өөрчлөх ёсзүй, эрхзүйн чадамж байхгүй.

-Төрийн албыг наймаалцаж 60 тэрбумын схемээр хууль бусаар гарч ирсэн МАН-д Үндсэн хууль өөрчлөх байтугай гар хүрэх эрх байхгүй.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.