Хоцрогдсон нийтийн тээврээс болж иргэд туйлдаж байна

5da2b02d8ad831e6d2b8b9e16f783b6dУлаанбаатар хот үүсэн байгуулагдаад 380 жилтэйгээ золгож байна. Анх байгуулагдахад нь нийтийн тээвэр ихэвчлэн иргэдэд үйлчилдэг байсан гэдэг. Гэтэл өдгөө нийслэл хотдоо хүн амын хэт төвлөрөлт явагдсанаас үүдэн нийтийн тээвэр нь хоцрогдсон хэмээж хэдэн жилийн өмнөөс ухаалаг системд шилжсэн.

Автобусны кондукторгүй болж, мөнгө хураах хайрцагтай болгов. Удалгүй бүх нийтийн тээврээр зорчдог иргэдийг  U-Money карттай болохыг зөвлөсөн. Иргэд уг картыг нь худалдан авч нийтийн тээврээрээ зорчих дүнгээрээ цэнэглэлд хийнэ. Гэхдээ энэхүү картыг нь цэнэглэдэг нь ТҮЦ нь ховор нэг хэсэгтээ л иргэдэд ихээхэн чирэгдэл учруулсан. Хөгжил рүү явж байгаа юм болов уу гээд иргэд ч зүтгээд л байлаа. Дамжин суулт нь эхний 30 минутад үнэгүй гэхээр нь иргэд их л баяртай хүлээж авсан. Гэвч өнөөдрийг хүртэл буухад U-money карт уншдаг төхөөрөмж нь ажиллахгүй олон автобус үйлчилгээнд явж байгаа юм. Үйлчлүүлэгчдээ карттай болгох гэж нэлээдгүй цаг хугацааг зарцуулсан. Энэ хооронд нийтийн тээврийн жолооч нар мөнгө завшсан үйлдэл удаа дараа гарав. Ийнхүү хөгжилд хөтлөх гэж зүтгүүлсэн үйлчилгээ нь өнөөдөр хоцрогдоод байна. Учир нь өглөө, оройдоо нийтийн тээвэрт багтаж суух гэдэг бол шандас сорьсон зүйл болсон гэхэд хилсдэхгүй. Ганцхан хаалгаараа хүмүүсээ суулгана. Автобусны хойд талаар зай байгаа ч зорчигчид амин хувиа бодох нь энүүхэнд.  ”Чихэлдээд байна. Одоо хүмүүс нэмж суулгахаа боль” гэж уцаарлана. Бууж, суух бүхий л хаалганд ухаалаг гэгдээд байгаа смарт карт нь уншдаг байхад энэ асуудал шийдэгдчих юм. Хүүхэд, хөгшид автобусны хаалганд хавчуулагдаж үзэгдэл хаа сайгүй л харагдана.

Кондукторыг жолоочтойгоо нийлж мөнгө завшдаг хэмээж ухаалаг системд шилжсэн ч орлого нь нэмэгдсэнгүй. Автобусны орох хаалганы төхөөрөмж л зөвхөн мөнгийг уншина. Нэг ёсондоо кондукторын ажлыг гүйцэтгэж байгаа нь энэ. Өглөө, оройдоо иргэд амжиж суухын тулд хойд хаалгаар нь ч хамаагүй багтаж суухын төлөө зүтгэдэг. Гэтэл буухдаа картаа уншуулдаг төхөөрөмж нь нөгөөх нь “смарт карт уншигчид уншуулна уу” гээд уншихгүй. Үүний улмаас нэг хаалгаараа чихэлдэж ороод ч багтахгүй үлддэг нь иргэдийг туйлдуулж байна. “Мөнгөгүй дээ хойд хаалгаар суух гээгүй урд хаалгаар чинь сууж багтахгүй байна” гэж бухимдах хүмүүс олон.

Дээрхээс харахад нийтийн тээврийн шинэчлэл хэдийнээ хоцрогдсон болох нь харагдаж байна. Тэгвэл одоо яах вэ? Автобус баазууд нь орлогогүй улмаас үйлчилгээнд цөөн тооны нийтийн тээвэр явж байгааг мэдэгдлээ.

Нийтийн тээврийн хөгжлийн “Оч” ассоциац ТББ-ын гүйцэтгэх захирал О.Баатархүү “Нийтийн тээвэр хүрэлцэхгүйн улмаас иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч ажиллах үүрэг нь нийслэлийн удирдлагуудад бий учраас хурдан ажлаа хийхийг хүсэж байна. Автобус хүрэлцдэггүй учраас иргэд өглөө эрт гарсан ч унаандаа сууж чаддаггүй эсвэл удаан хугацаагаар хүлээж байгаад суух шаардлага гардаг. Хоцорсноосоо болж ажлаасаа халагдахгүйн тулд такси барих гэхээр такси нь ч олддоггүй, дээрээс нь санхүүгийн хувьд зардал ихтэй. Алхаад явъя гэхээр ажил нь хол учир аргагүйн эрхэнд цалингийн зээлээр автомашин худалдан авч байна. Тэгэхээр яаж түгжрэл нь буурах юм бэ. Ийм байхад төр аж ахуйн нэгж, ард түмэн хоёрыг хооронд нь зодолдуулчихаад зүгээр хараад сууж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явах боломжтой 1,200 орчим автобус бүртгэлийн санд байдаг. Өмнөх жилүүдэд өвлийн улиралд өдөрт 900-950 орчим автобусыг шугамын үйлчилгээнд гаргадаг байсан бол одоо бол 850 орчим болгож багасгасан. Өөрөөр хэлбэл, гараашид нь 200-300 автобус шугамд явахгүйгээр зүгээр зогсож, иргэд нь автобусанд сууж чадахгүй алхаж байна. Үүний шалтгаан нь:

Нэгдүгээрт: График, маршрут төлөвлөлт нь шаардлага хангахгүй байгаа.

Хоёрдугаарт: Цахим төлбөрийн системийг хэрэгжүүлэхэд алдаа гаргасны улмаас хот ард иргэдээс хурааж авах ёстой мөнгөө бүрэн авч чадахгүйд хүрсэн. Энэ нь нийслэлийн төсөвт дарамт учруулж, төсвөө хэмнэхийн тулд ард түмний эрхийг уландаа гишгэж автобусны гаралтыг хассан. Үнэхээр л санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа юм бол ил тод зарлаад ард түмнээсээ “бид нийтийн тээврийн үйлчилгээгээ явуулж чадахгүй байгаа тул та бүхэн дулаан хувцаслаад алхаарай” гэж уучлалт гуйх хэрэгтэй юм биш үү. Тэгсэн мөртлөө парк шинэчлэл гэх нэрээр төр бизнес хийх гэж байгааг бид эсэргүүцэж байна. Хотын дарга энэ асуудалд хариу өгөх ёстой” гэлээ.

Уг нь нийтийн тээвэрт цэвэр цэмцгэр автобус үйлчилгээнд явуулах нь зүйн хэрэг ч манайд нөөц бололцоо байгаа ч үүнийгээ ашиглахгүй байгаа аж. Гаднаас л автобус оруулаад ирвэл асуудал шийдэгдчих мэтээр харж байгаа нь харамсалтай.

Нийтийн тээврийн үйл ажиллагааг бүгдийг нь хотоос хянадаг болсон тул аж ахуйн нэгжүүд ямар ч хамаагүй болсон. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг анх оруулж ирээд өнөөдрийг хүртэл хэрүүл нь дуусаагүй байгаатай адил парк шинэчлэл нэрээр Хятадаас цахилгаан автобуснууд оруулж ирвэл мөн л хэрүүл нь тасрахгүй. Одоо байгаа боломжоо ашиглахгүй байж гаднаас автобуснууд оруулж ирэхийг би хувьдаа дэмжихгүй байна. Иймд аж ахуйн нэгжүүдийн хүсэж байгаа зүйл бол шударга ажиллуулж өгөх юм. Хотын дарга өөрөө манлайлж оролцооч гэж хэлмээр байна гэдгийг “Атибус” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай онцлон дуулгав.

 http://dorgio.mn/p/111145


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.