Үндэсний аюулгүй байдлын тэг зогсолт ба Монголд төвхнөсөн хятад троллчид

-10 мянган ухаалаг утас, хамгийн сүүлийн үеийн 1000 орчим компьютерийг Монгол Улсын хил, гаалиар хэрхэн давуулчихав аа-

Монголын тагнуул, эрүү, цагдаагийнхан бужигнаж байна. Монгол Улс Засгийн газрын хэмжээнд түргэн авч хаалттай хуралдаж, иргэд болон сэтгүүлчдэд асуудлыг өөр өөрийнхөөрөө тунгаах бололцоог нээлттэй үлдээв. Юуны талаар ийн бичиж байгааг уншигч та мэдэж байгаа биз ээ.

Untitled

Энэ сарын 29-30-нд шилжих шөнө ТЕГ, Эрүүгийн цагдаа, ЦЕГ бүрэлдэхүүнээрээ дөрвөн хэсэгт ажилласан. Гэтэл энэ ажиллагаа хэтэрхий нам гүм болж орхив. 48 орчим цаг үргэлжилж байгаа ч цахим орчинд 10 мянган гар утас, 1000 ширхэг компьютер, дөрвөн том зочид буудал, тооны хувьд хэд хэдэн байдлаар зөрүүтэй яригдах гадны иргэний зураг бүхий мэдээлэл л хаа сайгүй  хөвөрлөө. Үүнээс өөрийг хэн ч нэмж ярьсангүй, мэдээлсэнгүй. Яг л их аадрын өмнөх бүүдгэр тэнгэр шиг нэг л тийм нам гүм байсаар өчигдрийг дуусгав. Байгаа онохгүй нум, сумтайгаа ноцолдох харваачид шиг цахимд амьдрагсад эцэстээ дээрх зорилго, чиглэл нь тодорхойгүй гадныхныг монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулагсад хэмээн өргөмжлөөд эхэллээ.

Тухайлбал, мянган хүний хоол хүнсийг хангах, өрөө, буудлаа зарах нь юу нь буруу юм. Үүрэн телефоны операторуудад ч нэлээд хэмжээний орлого оржээ.10 мянган ухаалаг утас, энэ хэмжээний сим карт, дата хэрэглээг борлуулж байна шүү дээ” гэсэн тархи угаалт хийж эхэлснийг харж болно. Яг энэ мессэжэд ямар утга агуулагдана вэ. Ямар гэнэн, хөөрхийлөлтэй сэтгэлгээг нийгэмд сэм шургуулж байна вэ. Гэтэл ТЕГ-ын д.гэрэл дарга аа, энэ бидний айх ёстой, болгоомжлон, сэрэмжлэх үйл явдал мөн. Яагаад хэн ч монгол Улсын үндэсний аюулгүй байдал хэмээн ам нээхгүй байна вэ. Мэдээж олон нийтийг айдаст автуулахгүйгээр энэ мэт томоохон баривчилгааг хийх ёстой л байх. Гэхдээ үнэн үнэнээрээ байвал бид ядаж л элдэв болзошгүй эрсдлээс сэрэмжлэн, болгоомжлох сэтгэлийн бэлтгэлтэй байна шүү дээ. Мянга орчим иргэн маш нууцын зэрэглэлд хэний ч анхаарлыг татахгүйгээр хоёр сар гаруйн хугацаанд юу хийж байв аа. 10 мянган ухаалаг утсаар ямар ажил амжуулав. ТЕГ-ын дарга Д.Гэрэл таны мэдээлснээр бол цагдаагийн байгууллага энэ ажлыг өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн гэсэн. Эхлээд 80 хүнийг олж тогтоогоод байтал энэ тоо гэнэт өсөөд 800-д хүрчихсэн гэв.

Монголд тэр тусмаа хамгийн үнэтэй, зэрэглэл өндөртэй зочид буудлуудын хонгил болон нууц өрөөнүүдэд мянга орчим гадныхан хоёр сар гаруйн хугацаанд үүрлэн амьдарч байхад монголчууд юу ч болоогүй юм шиг тайвуухан амьдарч байж. Өнөөх л шахмал түлш, угаар, утаа, ханиад томуу, төсөв, томилгоо, сонгуулийн пиараа тойрон ам хуурайгүй хэрэлдэж байжээ. Гэтэл бүхэл бүтэн улс үндэстэн дотор нь мянган хүн 10 мянган ухаалаг утастай ороод ирчихсэн юу ч юм нууцаар хийж байжээ. Гэхдээ одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас эдгээр “жуулчид” олны хэлдгээр тролл ажиллагаа өрнүүлсэн үү, терроризм зохион байгуулж байв уу гэдэг нь тодорхой бус байна. Одоогоор ТЕГ болон ЦЕГ-ын дарга нарын өгч байгаа мэдээллээр дөрвөн том зочид буудалд байрласан иргэдэд тушаал өгч үүрлүүлсэн ажиллагааг “БНХАУ-ын дөрвөн иргэн, монголын нэг иргэн зохион байгуулсан” гэж байгаа. Ингэхдээ “Энэ бол айх зүйл биш.Асуудал бүрэн хяналтад байгаа” гэсэн. Айхгүйгээр асуудлыг хэд хэдэн өнцгөөс нь бодож үзлээ.

Эхнийх нь мэдээж албаны эх сурвалжуудын ам бардам хэлээд байгаа “Энэ бол айдас биш” гэх төөрөгдүүлсэн, хэтэрхий мөлгөр мэдэгдэл. Гэтэл яг энэ үед ФАТФ-аас ирүүлсэн мэдэгдэл тархи, зүрх рүү зурсхийв. Монгол Улсыг “Саарал жагсаалт” гээч рүү оруулахдаа тэд юу хэлснийг яг энэ мөчид санахад илүүдэхгүй. Тэд биднийг их хэмжээний мөнгө угаасан болон терроризмыг санхүүжүүлсэн байх магадлалтай хэмээн хардсан. Гэтэл бид яг энэ хэсгийг нь үл тоомсорлосон. Монгол санхүүгийн гэмт хэрэгтнүүдийнхээ толгойг илээд өнгөрөөдөг учраас үүнээс л хамаг юм боллоо хэмээн хэт өнгөц, туйлын гэнэн байдлаар ам уралдуулан ярьцгаасан. Гэтэл ФАТФ гэдэг бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцдэг байгууллага. Тэд монгол Улсыг дээрх төрлийн бүхий л үйл ажиллагаа хэдийнэ нууц байдлаар үйлдэгдээд байгааг анзаарчээ. ФатФ энэ бүхнийг мэдсэн учраас манайхыг “саарал жагсаалт”-д орох ёстой орон хэмээн зарласан байжээ.

Тэгэхээр дэндүү өнгөцхөн дүгнээд эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулаад байгаа гэх үй олон харийнхан монгол Улсыг дээрх гэмт хэргийг чимээгүйхэн хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой газар болгон ашиглажээ гэсэн бодол эрхгүй төрж байна. Гэтэл бид чинь бүхэл бүтэн тусгаар улс шүү дээ. Яагаад тэд хэнд ч анзаарагдахгүйгээр арван мянган утас, сим карт бүхий хэрэгслүүдийг ашиглаж байв аа. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр яагаад одоо л үүрэн телефоны операторуудыг шалгаж хариуцлага хүлээлгэнэ хэмээн ажиггүй ярина вэ.

Улаанбаатараар дүүрэн сүндэрлэн дүнхийх хятад эзэдтэй зочид буудлуудыг юунд дурсахгүй байна вэ. Дахиад ч ийм хэмжээний хүмүүс нуугдчихсан ч юм бил үү. Асуудлыг өнгөцхөн илбээд дуусгах биш гүн рүү нь ороод “дэлбэлчихээч”. Нийслэлийн хэмжээнд хэчнээн хятад “ у г с а а т а й ” б у у д л у у д сүндэрлэчихээд байгаа юм бэ. Тэдэнд хэн буудал барьж байгуулах газрыг нь бүрэн эрхийн зөвшөөрлийг нь олгов. Ямар хэм хэмжээ, эрх ашиг үйлчлээд улсын нийслэлд үй олноороо үүрлэж болох данхар буудлыг хэдэн зуугаар нь урд хөршийн иргэд бариад байгаа юм бэ. Тусгаар улсынхаа бодлогод бид харийнханд элдэв үйлчилгээний газар барьж байгуулах зөвшөөрлийг өгч болох, болохгүйн тухай заасан байдаг уу. Энэ бүхнийг хөөгөөд бодохоор ФатФ-д баярлахгүй байхын арга алга. ЦЕГ-ын дарга С.Баатаржав, гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт аа, монголд байхгүй хүчин чадалтай 1000 компьютерийг тэд хэрхэн хил давуулж оруулж ирсэн бэ.

10 мянган ухаалаг нь хэрээс хэтэрсэн утсыг тэд ямар замаар монголд оруулаад ирсэн бэ. “мобиком”, “Юнител” зэрэг үүрэн телефоны компаниудын дугаарын борлуулалт гэнэт эрчээ авсанд тэд яагаад чимээгүй байв. “ТЭДИ” зэрэг томоохон гар утасны худалдаа эрхлэгчид юу ч мэдээгүй юм гэж үү. Мэдээж сургууль, цэцэрлэгийн үед гар утасны худалдаа, борлуулалт ихэсдэг нь үнэн ч гэлээ энэ намар гайхмаар мөнгө энэ зах зээлд эргэлдсэн биш гэж үү. Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын төхөөрөмж борлуулалт суга өссөн байхад бас л юу ч мэдээгүй юү. Тэгэхээр энэ бүхнээс нь иш мухарлан хөөвөл асуудал эдийн засгийн өсөлт гэж ер харагдахгүй байна аа. Энд ямар нэгэн терроризмын шинжтэй үйл ажиллагаа явагдаж байжээ гэсэн хар төрөөд болдоггүй ээ.

Юутай ч Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа хятад иргэдийн эзэмшил бүхий зочид буудал, ресторан, мөрийтэй тоглоомын газар, баар зэргийг шалгая. Мянга орчим иргэнийг орогнуулж байсан дээрх томоохон зочид буудлуудын гурав нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан гэх албаны эх сурвалжийн мэдээлэл бидэнд байна. Тусгаар улсын төв нийслэлд ямар ч зөвшөөрөлгүйгээр харийн эзэнтэй томоохон зочид буудлууд зөвшөөрөлгүй ажиллаж байжээ. Ийм байж болох уу. Энэ чинь өнөөх үндэсний аюулгүй байдал биш юм уу.

М.МӨНХТУНГАЛАГ, NPost.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.