БНХАУ-ын 759 иргэнийг Монгол Улсын хилээр гурван жил нэвтрүүлэхгүй

207“Амар”,”Кентавр”, “Орентал” зочид буудал, “Юнион бьюлдинг” оффист байрлаж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн хэлсэнчлэн “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдэж байсан БНХАУ-ын 759 иргэнийг баривчилсан дуулиан өнгөрсөн долоо хоногт дэгдсэн. Тэднийг удирдан зохион байгуулсан хэргээр Монгол Улсын нэг иргэн, БНХАУ-ын дөрвөн иргэнийг саатуулан, шалгаж буй. Мөн хэргийн шалгалтын явцад БНХАУ-ын 14 иргэн, Монголын хоёр иргэнийг саатуулсан байна. Наймдугаар сараас хойш эдгээр иргэд нь жуулчны визээр нэвтэрсэн нь тогтоогдсон бөгөөд визний зориулалтыг зөрчиж, хууль бусаар оршин сууж байсан юм. Гэсэн хэдий ч эдгээр иргэдийг цагдан хорих, хуулийн хариуцлага хүлээлгэх ямар нэгэн үндэслэлгүй учир өнгөрсөн бямба гаригт /2019.11.02/ албадан гаргасан билээ.

Дээрх ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын хурандаа Ж.Амгалангаар удирдуулсан бие бүрэлдэхүүн болох Тагнуулын ерөнхий газрын ажлын хэсэг болон Гадаадын иргэд харьяатын асуудал эрхлэх газар, Гаалийн ерөнхий газар зэрэг хуулийн хүчний байгууллага хамтран амжилттай гүйцэтгэн өнөөдөр /2019.11.04/ 10.00 цагт эргэн иржээ.

ГАЛТ ТЭРЭГ ЗАМДАА ЗОГСЧ, ХЯТАД ХҮМҮҮСИЙГ БУУЛГАСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАРСАН НЬ ХУДАЛ

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Монгол Улсад нэвтрэн, хууль бус үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын 759 иргэнийг хуяглан хүргэх ажиллагааг хууль хүчний холбогдох байгууллагуудтай хамтран амжилттай гүйцэтгээд ирлээ. Тэдгээр иргэдийг ням гаригт Өвөр монголын өөртөө засах орны Эрээн хотын хууль хүчний байгууллагад хүлээлгэн өгсөн.

Тээвэрлэлтийн үед хүндрэл, бэрхшээл тулгарсангүй зохион байгуулалтын дагуу явагдсан гэдгийг онцлон хэлье. Учир нь цахим орчинд албадан гаргасан хятад иргэдийг ачсан тусгай галт тэрэг замдаа зогсч, тэдгээр хүмүүсийг буулгасан гэх мэдээлэл тарсан. Бид замдаа зогсолгүй явсан. Монголоос 759 хүнийг тээвэрлэсэн бөгөөд ганц хүн ч дутаалгүй БНХАУ-д хүлээлгэн өгсөн. Хоёр улсын хооронд дахь хууль сахиулах эрхзүйн туслалцаа үзүүлэх хамтын ажиллагааг чангатгах, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах зарчмын дагуу БНХАУ цаашид хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн” гэлээ.

Жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 759 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 30 нь Эрээн хотод суугаа консулын газар, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-аас виз авсан байна. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 4 нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авчээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар “хар” даран, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргах шийдвэр гарсан энэ нь юм.


URL:

Нэр: Leif Brabston Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.