Дэлхийд уур амьсгалын онц байдал нүүрлэж байна

5dc237eda58bcДэлхийд уур амьсгалын онц байдал нүүрлэж байгаа талаар 11 мянга орчим эрдэмтний сайшаасан судалгаанд тэмдэглэжээ. 40 жилийн хэмжилтийн мэдээлэлд тулгуурласан энэхүү судалгаанд Засгийн газрууд уг асуудлыг зохицуулж чадахгүй байгааг онцолсон байна.

Мягмар гарагт танилцуулсан хиймэл дагуулын мэдээллээс үзэхэд, энэ оны 10 дугаар сар урьд өмнө нь байгаагүй хамгийн дулаан 10 дугаар сар байжээ. Харин дээрх судалгаанд дурдсанаар, дэлхийн гадаргуугийн температурыг хэмжих нь дэлхийн дулаарлын учруулах аюулыг тодорхойлоход хангалтгүй ажээ.

Иймээс судлаачид уур амьсгалын өөрчлөлтийн өнгөрсөн 40 жилийн хугацаанд үзүүлсэн томоохон нөлөөнүүдийн талаарх мэдээллийг цуглуулсан байна. Үүнд хүн амын тоо болон амьтдын тоо толгой өссөн, дэлхий даяарх ойн сан буурсан, шатахууны хэрэглээ нэмэгдсэн зэрэг үзүүлэлт багтжээ.

 Судлаачдын дүгнэснээр, тэдгээр үзүүлэлтийн дийлэнх нь сөрөг хандлага үзүүлсэн бөгөөд уур амьсгалын онц байдал нүүрлэхэд ихээхэн нөлөөлжээ. Зарим бүс нутагт ахиц дэвшил ажиглагдаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэн салхи, нарны эрчим хүчний хэрэглээ 10 жил тутам 373 хувиар өссөн боловч уг үзүүлэлтийг 2018 оны шатахууны хэрэглээтэй харьцуулахад 28 дахин бага байжээ.

 “Онц байдал гэдэг нь хэрэв бид нүүрсхүчлийн хийн ялгарлаа багасгаж, газар тэгшлэх ажиллагаа болон шатахууны хэрэглээгээ бууруулах зэргээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах арга хэмжээнүүдийг авж хэрэгжүүлэхгүй бол бидний одоо үзэж туулснаас илүү хүнд үр дагаврууд цаашид бий болохыг хэлж байгаа юм. Дэлхий дээр хүн амьдрах боломжгүй бүс нутгууд ч бий болж магадгүй” гэж Сидней хотын их сургуулийн судлаач Томас Ньюсом мэдээлжээ.

Дэлхийн 153 орны 11 мянга орчим судлаачийн сайшаасан энэхүү судалгаанд яаралтай хэрэгжүүлснээр томоохон өөрчлөлтийг авчрах хүчин зүйлсийг нэрлэжээ. Үүнд:

  • Эрчим хүч: Улс төрчид шатахууны хэрэглээ буурахад нөлөө үзүүлэх хэмжээний өндөр татварыг ногдуулж, шатахууны компаниудад татаас өгөхөө зогсоож, байгаль орчныг хайрлан хамгаалах дадлыг хэвшүүлж, нефть, хийг сэргээгдэх эрчим хүчээр солих хэрэгтэй.
  • Байгаль орчин: Газар тэгшлэх ажиллагааг зогсоож, хүчилтөрөгч ялгаруулдаг ой мод, зүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
  • Хоол хүнс: Хүмүүс ургамлыг түлхүү хэрэглэж, амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Мөн хоолны хаягдлыг бууруулах нь чухал.
  • Эдийн засаг: Эдийн засгийн нүүрстөрөгчийн түлшээс хамааралтай байдлыг өөрчилж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх, элбэг дэлбэг байдлын төлөө зүтгэх хандлагыг өөрчлөх хэрэгтэй.
  • Хүн ам: Өдөрт 200 мянга орчмоор өсөж буй дэлхийн хүн амыг тогтворжуулах хэрэгтэй.

URL:

Нэр: Sharyl Giddings Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.