Ц.Элбэгдорж ба түүний хамсаатнуудын 3 сая ам.долларын хэрэг ил болов

e90ecb27e2a2364d2c9113d147267e75Төрийн өндөр сэнтийд заларч эрх мэдлээрээ далайлган туйлахдаа авлига хээл хуулиар их хэмжээний хөрөнгө мөнгө авч хагартлаа баяжсан хүмүүсийн хавтаст хэргүүд сүүлийн үед ар араасаа цуван прокуророос шүүх рүү шилжиж байна. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын олон сар дуншсан хэргүүд удахгүй шийдэгдэх бололтой. Тэгвэл  хуулийнхан хоёр удаа Монгол улсын  Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах хугацаандаа тэдгээр эрхмүүдээс хэд дахин их луйвар хийж, авлига авсан гэгдэж буй Ц.Элбэгдоржийг харин түүний бүх хамсаатнуудынх нь хамтаар нэлээд өргөн хүрээнд шалгаж эхлээд байгаа ажээ.  Тухайлбал,  Ерөнхийлөгчийн Зөвлөх, Тамгын газрын дарга зэрэг алба хашиж байсан П.Цагааны  гэр бүлийнхний  “Ачит Ихт” компанитай холбоотой Эрдэнэтийн кадотын зэсийн асуудал сүүлийн өдрүүдэд нэлээд дуулиан дагуулж байна. Мөн хамгийн сүүлд  БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Сүхээг баривчлан саатуулжээ.

Элчин сайд асан Ж.Сүхээ  нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Солонгост байхдаа Ц.Элбэгдоржийн сурталчилгааны зардлыг олж цугуулахын тулд гадаад, дотоодын баячуудтай холбогдон өдөр шөнөгүй зүтгэж байсан байна. Ийнхүү тэрээр Солонгосын овоо гайгүй чинээлэг гэсэн хүмүүстэй уулзаж  явсаар нэг өдөр тус улсын иргэн Ү Жин Гун гэгчтэй танилцсан байлаа. Ү Жин Гун нь Сөүл хотын нэгэн дүүрэгт барилгын шалны халаалт хийдэг хувийн  үйлдвэртэй бөгөөд цаашдаа Монголд алтны орд худалдаж аван уул уурхайгаар бизнесээ өргөжүүлэх сонирхолтой байжээ.  Ж.Сүхээ нь түүний  хувийн бизнесийн ийм сонирхолыг сонсоод  мань эрээс мөнгө саах боломжтой гэдгийг төвөггүй ойлгосон тул энэ тухайгаа Ц.Элбэгдорж руу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, зөвлөх Л.Пүрэвсүрэн нараар нь дамжуулан хэлүүлжээ. Тэгээд удалгүй тэр хоёр нь Солонгост  нисэж очоод  Ж.Сүхээгээр зуучлуулан  Ү Жин Гунтай уулзсан байв.

Монголын  алтны орд газруудаас аль дуртайгаа шилж сонгон  Ү Жин Гунтай үнэ тохиролцож худалдаад  Ц.Элбэгдоржийн сонгуулийн зардлыг гүйцээх нь  П.Цагаан, Л.Пүрэвсүрэн хоёрт  тун боломжийн ажил байсан болов уу. Гэхдээ мань хашрууд тухайн үед алтны нөөцөөр тааруухан, бараг юу ч байхгүй шахуу нэгэн ордын лицензийг 10 сая ам.доллараар зарна гэж байснаа Ү Жин Гун нь хэрвээ авахаа больчихвол баларна гэж тооцсон уу яасан, сүүлдээ 5 сая ам.доллар болгож үнэ бууруулсан байна.  Ингээд уг алтны ордынхоо  наймааны урьдчилгаанд эхлээд  3 сая ам.доллар авчээ. Харин дараа нь шинэхэн найз  Ү Жин Гун нь тэдэнд “сонгуулийн сурталчилгааны хандив” гээд долоон зуун мянган ам.доллар өгсөн байлаа.

Тухайн үед Монголын төрийн өндөрлөгт  залрахаар улайрч байсан Ц.Элбэгдоржийн хувьд сонгуулийнхаа мөнгийг ахиухан олж л байвал ямар ч наймаа хийхээс буцахгүйд хүрсэн нь мэдээж юм.  Харин Өмнөд Солонгосын иргэн Ү Жин Гун нь Монголд хэд хэдэн удаа ирж Өмнөговь аймгийн нутагт байгаа алтны ордод эзэн суух болсондоо ихэд баярлан мөнгийг ёстой хайр найргүй цацсаар нэмж хийх алтны хайгуулын ажлаа шуурхайлан дуусгажээ.  Гэвч өнөөх орд газарт нь алтны олигтой нөөц гэхээр юм үнэндээ юу ч илрээгүй байна. Иймд Ү Жин Гун  нь наймаагаа буцаах, эсвэл дээрх мөнгөндөө зохицуулан өөр орд газар дахин сонгож авах талаар ярилцахыг хүссэн боловч  цаадуул нь ер тоож үзээгүй ажээ. Сүүлдээ аргаа барсан мань эр  Монголын төр, засгийнханд  хандаж баахан гомдол мэдүүлсээр өдий хүрсэн бөгөөд  ойрноос харин хууль хяналтынхан анхааралдаа авч, түүний хохиролтой холбоотой болон манай дээрх эрхмүүдийн залилангийн шинжтэй үйлдлүүдийг шалгаж шийдэхээр болсон байна.

О.Баяр

Шуурхай.мн

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.