Төрийн хууль

7071Өвгөн Балбар хашин зээрдээ эмээллэж хуучин хар богцоо ганзгалаад «Ай хөөрхий. Данхар толгойт, далай нөхөөст нэр минь бид гурав ч хөг нь өнгөрч дээ» гэж толгой сэгсрэн өгүүлэв.

Эмгэн нь дайзтай сум авчирч өгөхдөө:
- Яасан ч хэрээ мэддэггүй өвгөн бэ дээ чи. Хар гөрөөс намнана гэж ганцаараа хөвч зүглэснээс Ононгийн эргээр муу дэгээгээ чирээд гэлдэрч явбал аштай юу гэжээ.

Өвгөн нь:
- Түй харалмар. Эр хүний явдалд битгий оролц гэж эс хэллүү чамд. Хөвчид баавгай олширч, хандгай буга идэж байгааг сонсоод би зүгээр суух хэрэг үү!?
- Дал хүрсэн чи л хар гөрөөс цөөрүүлдэг нь болоо юм биздээ. Гай болж мориноосоо ойчвол ч яах юм билээ. Өмх яс чинь хуурай мөчирөөс амархан хугарна шүү дээ.
- Ан гөрөөнд мордох гэж байхад билэггүй юм бүү донгос. Хөвчөөр тэнэх завтай хүн надаас өөр хэн байгаа юм бэ. Түй харалмар. Гэрийн мухар сахиж, цай гүзээлсээр байгаад хамаг бие минь улцгар хөх зовлого болж гүйцлээ. Анч Балбар өтөллөө ч гэсэн үхсэн мах бишээ. Хээр гарч хийморио сэргээх ёстой гэв.

Өвгөн чухам мордох үедээ муу хөгшнөө арай ч дэндүүлэв үү дээ гэж бодоод сэтгэлийг нь засан зөөлөн үг хэлэхээр шийдэв.
Гэсэн ч тийм үг ололгүй гайхаш тасран зогссоноо:
- Хөгшөөн хүрэгч үнээний чинь дэлэн хавдсан гэлүү. Би чамдаа баавгайн савар авчирууж. Чи маажиж домноорой гэж аль болохоор аятай зөөлөн хэлжээ.
Балбар гуай залуугийн цагт буу үүрээд гарахдаа «хөгшөөн чи тогоогоо тавьж байгаарай. Би нэг гур үүрч ирэх минь» гэдэгсэн. Балбар шиг ингэж хэлсэндээ хүрдэг бол ч бардам ам илүүдэхгүй шүү гэж манай нутгийнхан ярьцгаадаг байлаа. Аглаг зэлүүд газар хүрч ирэхдээ өвгөний хийморь үнэхээр сэргэжээ.
Ай хөөрхий, мөнх ногоон хангай, мөнгөн цагаан сарьдгууд минь гэж залуудаа сонсож байсан бөөгийн дуудлагаас шивгэнээд чиний хээр өвөр суган дор ядаж арван жил гөрөөлөх юмсан гэв.
Гэрээсээ дагуулж гарсан Хэрмэн цоотгор гэдэг нохой нь чандага хөөгөөд явчихсан үед өвгөн овгор хар бутан дээр ихэмсэг хэвтэж байгаа том гэгчийн баавгай олж үзэв.
Мөн ч лут эд юм. Жинхэнэ шар маахай гэдэг чинь энэ дээ. Тэгээд хорин дөрөвдөх минь болно шүү. Тиймээ, хорин дөрөв дэх гэж өгүүлэн морио бургасны мөчирөөс уяж, бойтог гутлаа тайлж хаяад сүлжмэл ноосон оймстой хөлөө зөөлөн гэгч зөөж тависаар дөхөв. Буун дуугаар шар маахай ухасхийн босож газар доргитол хашгирснаа хар эрчээрээ дайрч ирэв. Буу хоёр дахин тасхийсэн боловч баавгай ойчсонгүй. Харин агшин зуур өвгөнийг үслэг том савраараа дарав. Балбар гуай амьсгал давчидах зуур соёо нь ярзайсан аймшигт том амнаас эвгүй муухай үнэр ханхалж байхыг мэдэрчээ. Энэ хүнд мөчид цуут анчны ухаан самбааг үзүүлж, хутгаа сугалахыг оролдтол баавгай огцом хүчтэй чарлаад өвгөнийг орхиж эргэв. Балбар гуай өндийж харвал Хэрмэн цоотгор нь хүчирхэг араатны ууцан дээр хачиг мэт наалдчихаад чадлын хирээр хазаж, шархтсан баавгай тоос манаруулан эргэлдэж байлаа. Энэ үеэр үнхэлцэг нь хагарах шахсан зээрд морь бургасны мөчрөөс цулбуураа суга татаад хар богцоо далбагануулан давхиж одов. Өвгөн буу руугаа ухасхийх гэсэн чинь хөл нь хөндүүрлээд хөдөлж болсонгүй. Хэрмэн цоотгор баавгайн нуруунаас үсэрч буунгуутаа буруулан зугадаж, эзэндээ тулгарсан аюулыг холдуулж чадлаа.
Анчин өвгөн Хэрмэн цоотгороо хөтлөөд таяг тулж ой тайгаар хэдэн өдөр мацлаа. Хүйтэн булгийн уснаас гэдсээ цүдийтэл залгилаад, түр амсхийх зуураа «Би ер нь бүх насандаа ингэж өлссөн бол уу» гэж бодов. Аа тийм. Архангелийн татлаганд очоод иймэрхүүгээр өлссөн юм байна. Yүнээс өөр огт үгүй гэж шивэгнэнэ. Хэрмэн цоотгор ямар нэгэн ан айсуйг ажигласан бололтой чихээ хөдөлгөж өндөлзөв. Балбар гуай цоотгорын толгойг хормойгоороо хучаад буугаа бэлтгэтэл, унанги мөчир хуга гишгэсээр нэгэн гайхамшигт амьтан өмнө нь хүрч ирлээ. Сайхан хангал буга ногоон нүдээ гялалзуулан суниагаад сөөг бургас гам хайргүй шөргөж эхлэв.
Цусан эвэр чинь загатнаж байгаа биз дээ. Гэнэхэн хонгор минь долоовор хуруугаа хөдөлгөх төдийгөөр дор чинь хэвтүүлээд, тастан огтчин идчих тийм хүчтэний өмнө байгаагаа мэдэж байна уу. Чиний оронд муу улаандай, ядаж өмхий хүрэн ч байсан бол гэж өгүүлтэл, Хэрмэн цоотгор нь хуцан архираад цочсон буга хажуугийн төгөл рүү цойлов харайв.
Хоёр гөрөөчид гунхан ганхан сажилсаар эртний нэгэн марааны дэргэд хүрч ирлээ. Балбар өвгөн дагуулынхаа толгойг хормойгоор хучаад мараа сахиж шөнөжин суужээ.

Адтай муу өлсгөлөн, Архангелийнхаас лав хоёр дахин илүү болж дээ гэж бодов. Yүрээс өмнөхөн ямар нэгэн амьтны бараа тормолзоход нуухтай нүдээ арчиж ажигласаар буугаа шагайв. Гар нь чичирч бууны нь ам жингийн годил шиг савлаж буйг мэдээд дэргэдээ ирүүлж байж туршихаар шийдэв. Архайж дархайсан хоёр хандгай, бараг эгц дээрээс нь өнгийн зогссонд өвгөн шүлсээ гүд хийтэл залгиснаа уур цухал нь гэнэт дүрсхийж:
- Yхлээ эрсэн гайхлуудаа нүднээс далд ор гэж хашгирав.
Тамир нь барагдсан өвгөн сүүлчийн ганц сумаа гунигтайгаар ширтэнэ. «Хичнээн ч шувуу, бор гөрөөсөнд тургив даа. Тэгээд шалбалж ч чадаагүй шүү. Доройтол гэдэг мөн ч бэрх юмаа» гэж хоолой чичрүүлэн үглэв. Цог шиг улайсан нүдээ эргэлдүүлэн, омголтож хатсан уруулаа хөдөлгөж үхье үү, амьдрая уу гэж бодсоноо амьдрах ёстой. Яалаа гэж үхэх билээ, гээд хашгиран босох гэсэн нь сохор номингийн шороо үмхээд ойчжээ. Тамиргүй гараараа газар тулж дахин өндийгөөд хөөрхий нохойгоо улангассан нүдээр ширтэж хирчигнэн өгүүлрүүн:
«Би сэтгэлт хүн учраас амьд үлдэх ёстой. Аврагч минь чи, дахиад авар. Мэдэвүү. Дахиад намайг авар. Тэгэхдээ амь насаараа авар» гэлээ. Хөөрхий цоотгор эзнээ эгц ширтээд алжаангуйгаар эвшээв. Энэ өвгөнд үнэн зүрхнээсээ зөвшөөрч «За» гэх шиг санагджээ.
Би чинь сэтгэлт, жаргалт хүн учраас л ингэх ёстой. За чи минь цаашаа хараач дээ. Над руу бүү ширтээч, ухаалаг нүд чинь хичнээн өрөвдөлтэй байгааг ойлгооч гэж бувтнаад нохойгоо дахин ширттэл өмнө нь гурван цоотгор бүртэлзэж, газар дэлхий ногоон өнгөөр туяарав.
Анчин, эцсийн хүчээ гаргаж, ширэнгэт гацаа руу заагаад «туу, туу» гэж шивгэнэлээ. Ядарч туйлдсан цоотгорын анч авьяас сэргэж, эзнийхээ заасан зүг рүү эргэж хуцтал буу тасхийжээ.
Амьсгаадан уухилсан морьдын хамар, толгой дээр нь паржигнаж хүчирхэг хэдэн гар өвгөнийг хийд өргөн авав.

Балбар гуай нүдээ алгуур нээж, толгой сэгсрэн:
- Та нар ялимгүй хожимдож дээ. Даанч ялимгүй гэхэд нь
Морь чинь сая очсон шүү дээ. Тэгээд л бид хожимдчихлоо. Гэсэн ч таныгаа амьд мэндэд чинь олсондоо бид баяртай байна. Хэрэв буун дуу сонсоогүй бол олохгүй өнгөрч ч мэдэх байсан гэж цаадуул нь хариулав.
Балбар өвгөн арваад хоног хэвтээд тэнхэрч билээ. Турж үхэхийн туйлд хүрчихээд байж хажуудаа ирсэн хандгай буцаана гэдэг чинь мөн ч гайхалтай хэрэг.

«Yхэх нь байна шүү дээ. Сэвсэн дээр чинь уйлах үр ачгүйсэн бол бас ч яая гэхэв» гэж эмгэн нь хатуу зэмлэжээ. Өвгөн, нударга шиг том модон гаансаараа дохиж занган сүрдүүлээд:
- Түй харалмар. Төрийн хууль гэдэг чинь Балбарын амьтай чацуу юмуу. Балбар өлсвөл зөрцөж болно гэж тэр хуулийг чинь батлаагүй. Дахиад ингэж бүү дуугар гэжээ.

БАТЫН НЯМАА

Зохиолч Б.Нямаа 1928 онд Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт төржээ.
1942 оноос уран зохиол сонирхон оролдож “Гомпил”, “Хамаатан садан”, “Анхны жил” тууж, “Араараа модтой Биндэрьяа” “Бид гурав”, “Арандалынхан” роман, “Төөрсөөр төрөлдөө” кино, “Нэр төр”, “Нүд” зэрэг драмыг жүжиг бичжээ.
Б. Нямаа шилдэг бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртжээ. (эх сурвалж: biirbeh.mn)


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.