Саарал жагсаалтаас гарахад Ерөнхий сайдын зүтгэл чухал байна

хүрэлсүх

  • Монгол банкны ерөнхийлөгч Н.Баярсайхан, санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн тэргүүтэй хоёр гуравхан хүнийг ажлаас нь чөлөөлөөд саарал жагсаалтаас гарна гэвэл үлгэрийн далай. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон танхимынхаа бусад гишүүнээсээ хариуцлага нэхээрэй, танхимаараа огцорсон ч буруудахгүй. Ер нь бол саарал жагсаалтаас богино хугацаанд гарахад ерөнхий сайд У.Хүрэлсүх таны оролцоо, хүчин зүтгэл хамгаас чухал. 

Монгол Улс саарал жаг­саалтад хоёр дахь удаагаа орж, саарал ордонд буруутныг хайсан эрэл эхлээд буй. Эхлэх ч юу байх вэ, буруутныг хэдийн олж ажлаас нь чөлөөлөхөөр эрхэм түшээд даналзаж сууна. Санхүүгийн зохицуулах хорооны дарга өргөдлөө өгсөн бол Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулахыг байнгын хороогоор дэмжсэн. Угтаа Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан гол буруутан нь мөнгө угаасан ЖДҮ­-чин гишүүд болон хөрөнгө мөнгөө нуусан оффшорчид. Гэвч УИХ­ын дарга Г.Занданшатар халаа сэлгээний гол дүрд тоглож буй бөгөөд шинэ томилгоондоо яаравчлах гээд нойр нь хүрэхгүй байгаа бололтой. Бүр Н.Баяртсайханы орны хүнийг хэдийн дотроо тодруулсан гэх бор шувуу нисэх болсон. Харин эрхэм сайд Ц.Нямдорж “Энэ асуудлыг хэт улстөржүүлж байна. Хоёр хууль баталчихвал саарал жагсаалтаас гарчихна ш дээ” хэмээн бардам мэдэгдээд буй. Тайван бай гэх нь холгүй пээдгэр суугаа тэрбээр Ардчилсан нам руу бүх бурууг чихэж, зөвхөн тэднээс болж саарал жагсаалтад орсон гэдгийг хэлэхээ мартсангүй. FATF бол мөнгө угаах гэмт хэрэг, терроризм болон үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэх гэсэн гуравхан зүйлийн эсрэг тэмцдэг. Манай улс эдгээр гурван чиглэлд муу ажилласан гэсэн үг. Авлига, албан тушаалын том хэргүүд шүүх, прокурорын шатанд хэрэгсэхгүй болж, ЖДҮ, 60 тэрбум, концесст гэх мэт дуулиант хэргүүдийг тоглоом болгоод өнгөрөөсөн нь мэдээж голлох шалтгаан болсон гэдэгтэй санал нийлэх хүн олон. Үүнийг отсон мэт хүлээж байсан олон улсын байгууллага мөнгө угаах эх үүсвэр үүрлэсэн гэж дүгнэсэн нь гарцаагүй. Төрд бугласан ЖДҮ-­чин гишүүд болон хөрөнгө орлого нь хэдэн арав дахин нэмэгдсэн УИХ­-ын гишүүдээс эхтэй гэлтэй. Зөвхөн банк бус санхүүгийн 34 байгууллагын 11 нь төрийн өндөр дээд албан тушаалтных буюу УИХ-­ын эрхэм гишүүдийнх. Дахин нягталбал найм нь ЖДҮХС-­гаас бага хүүтэй их хэмжээний мөнгийг үгсэн хуйвалдаж авчихаад иргэдэд өндөр хүүтэй зээлж, мөнгө угаасан ноцтой баримтыг FATF ил больсон. Энэ талаар УЕП­-ын газраас ЖДҮХС­-гийн гурван хувийн хүүтэй зээлийг 30 хувийн банк бус байгууллага, ломбардаар дамжуулан мөнгө угааж байсан найман тохиолдлыг олж тогтоосон гэх мэдэгдэл хийж байлаа. Хэрэв шат шатандаа буюу ядаж л парламентын гишүүд нь хөрөнгө орлого зөв тайлагнаж байсан бол ийм эрсдэл гарахгүй байлаа. Энэ мэтчилэн парламентын гишүүд нь дотооддоо мөнгө угааж байгаа нь илэрхий байхад ОУВС, FATF зэрэг байгууллага зүгээр байхад нь “саарал жагсаалт”­-д хүчээр оруулсан мэтээр аашилж, Монголбанк зохицуулалт хийсэн­гүй хэмээн буруутгах нь үнэнд үл нийцэх үйлдэл юм. Ер нь ЖДҮ­-чин болон оффшорчин гишүүдтэйгээ хөнжил дотроо албан тушаал наймалцдаг төрийн өндөрлөгүүдээс үүдэн Монгол Улс саарал жагсаалтад хоёр дахь удаа орсон гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Угаасаа FATF­-аас өгсөн сануулга нь далд утгаараа ЖДҮ-­чдийн мөнгө угаалттай дорвитой тэмц гэсэн санаа юм. Харин манай төрийн өндөрлөгүүд тэдэнтэй тэмцэх бус харин ч хамгаалж, өмгөөлөн заримынх нь толгойг илэн улам даврааж суугаа бус уу. Өнөөх ЖДҮ­-чин гишүүд нь шударга дүр эсгэж, буруутныг өөрөөсөө холдуулахын тулд цэцэрхэж байгаа нь эмгэнэлтэй. Эдийн засаг яаж ч доройтсон ард түмэн, ААН-­үүд нуруундаа үүрч гарах нь ойлгомжтой. Нийгмийн талцал, туйлшрал улам бүр гүнзгийрч, баян хоосны ялгаа газар тэнгэр мэт болсон энэ цаг үед саарал жагсаалтын хариуцлагыг эзэнгүй орхиж, ядарсан мэргэжилтэн рүү бухаад томчууд нь уснаас хуурай гарахаар зэхэж буй нь харагдана. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн тэргүүтэй хоёр, гуравхан хүнийг ажлаас нь чөлөөлөөд саарал жагсаалтаас гарна гэвэл үлгэрийн далай. ХЗДХ­ийн сайд Ц.Нямдорж болон танхимынхаа бусад гишүүнээсээ хариуцлага нэхээрэй, танхимаараа огцорсон ч буруудахгүй. Ер нь бол саарал жагсаалтаас богино хугацаанд гарахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны оролцоо, хүчин зүтгэл хамгаас чухал. ОУВС манай банкуудад эх үүсвэрийн шалгалт явуулсан нь үнэн. Тэр шалгалтаар ямар нэгэн терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаахтай холбоотой зүйл байхгүй нь тодорхой болсон юм. Гэхдээ ОУВС-­гийн хөтөлбөр тусдаа, FATF­-ын асуудал тусдаа. Гэвч Сангийн яам өөр өнцгөөр мэдээлэл тарааж байна. Яагаад гэвэл ирэх жил сонгууль болно. Түүнчлэн FATF­-ын тавьсан шаардлагууд манай эдийн засагт ямар үр нөлөөтэй байх нь гэдэг дүн шинжилгээ ч огт хийсэнгүй шууд муйхарлан шүүрч аваад хэрэгжүүлэх гэж дайрлаа. Уг нь долоо хэмжиж, нэг огтлоод жинхэнэ мэргэжлийн Сангийн сайдтай гэдгээ бас харуулах ёстой байлаа. Өнөөдөр дэлхийн улс орнууд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, тэдэнд таатай орчин бүрдүүлэхийн төлөө өрсөлдөж, хууль эрх зүйн орчноо сайжруулж буй нь харагдана. Харин манай улс эсрэгээрээ. Бүр гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах, тэднийг нутагтаа оруулахгүй байх орчныг бүрдүүлээд байгаа гэхэд буруудахгүй. Эцэст нь хэлэхэд, төв банкны ерөнхийлөгч мэдэг­дэл хийхдээ “Манай улс хар жагсаалтад орох байсныг саарал болгосон” гэж хэлснийг санахад илүүдэхгүй. Хэдийгээр эдийн засагчид үүнийг бодлогогүй үг гэж онцолж байгаа ч улстөрчдийн популизмд нухлуулсан хүний үг ийм байхаас өөр яах вэ. Гэхдээ тулхтай эдийн засагчид Монгол Улсыг хэзээ ч хар жагсаалтад орохгүй гэдгийг онцолсон. Энэ сайн цагийг эв нэгдэлтэй хүлээх л үлдлээ.

Б. Мөнхзул

ЗГМ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.