Хотын шүүмж

3_20190226080015НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН ТАНАА

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2019.11.07-ны өдрийн хурлаар авто машины хөдөлгөөнийг долоо хоногт хоёр өдөр хязгаарлах журам гаргах асуудлыг хэлэлцэж дэмжсэн тухай мэдээлснийг дөнгөж сая олж үзэв. Энэ үнэн үү, С. Амарсайхан дарга аа.

Нийслэлийн авто замын сүлжээ ачааллаа даахаа байсан тул долоо хоногийн нэг өдрийг машины дугаарын төгсгөлийн тоогоор эрэмбэлэж хориглох журам хэдэн жилийн өмнө анх нэвтрэхэд нийслэлчүүд ойлгон хүлээн авсан. Түр зуурын арга хэмжээ гэж бас бодсон. Гэтэл түүнийг “үүрдийн” болгон хувиргасан. Нийслэлчүүд бас л хүлцэнгүй хүлээсээр байна.

Гэтэл одоо яаж байна аа. Бүр давраад долоо хоногт хоёр удаа хориглоно ч гэх шиг. Жилийн 52 долоо хоног буй. Тэгэхээр жилийн 365 хоногийн 104 хоногт нь машинтай хүн түүнээ орхиж таксийдахь нь. Энэ нь дунд давхрагын хүмүүсийг дарамталж буй төрийн дарамт болж хувирна. Хоёроос доошгүй машинаа сэлгэн унадаг баячууд, төрийн албан хаагчдад энэ журам үйлчлэхгүй. Харин ч сул чөлөөтэй замаар тэдний дураар дургих боломжийг олгож байна. Ард түмнээ ингэж ялгавралж дарамтлахаа болиоч ээ.

Үүнтэй холбоотой Танд сонордуулах хэдэн санал байна.

1. Жирийн иргэдэд дарамт учруулах энэ саналаа эргүүлэн татах.
2. Дугаарын хязгаарлалтын өдрийн тоогоор тооцож авто машины татварыг жил тутам хөнгөлөх.
3. Дугаарын хязгаарлалт эхэлсэн жилээс эхлэн авто машины татварын энэхүү хөнгөлөлтийг жил бүрээр тооцож жолооч нарт нөхөн олговор олгох
4. Хэрэв хоёр өдрийн дугаарын хязгаарлалтыг батлан мөрдвөл тухай өдрийн хувь хүний зардалыг таксины үнээр бодож урьдчилан олгох
5. Хоёроос доошгүй авто машинтай баячуудын замын хөдөлгөөнийг хязгаарлах заалтыг журамд тов тодорхой зааж мөрдөх
6. Хамгийн хоцрогдонгуй, амиа аргацаасан арга болох авто замын дугаарын хязгаарлалтаа хэзээ болихоо ард түмэнд тодорхой нар сартай нь хэлэх

Нийтийн тээвэр шаардлагын түвшинд хөгжсөн бол хүн бүр машинтай давхиад байх шаардлага угаасаа байхгүй. Тиймээс энэ нөхцөл байдлыг бурууг иргэдэд үүрүүлэх бус төр өөрөө үүрэх учиртай.

Жирийн жолооч хүн Авто машины албан татвар, Зам ашигласны төлбөр, Агаарын бохирдлын төлбөр, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал зэргээр албан татвар гувчуурт дарагдаж туйлдаж байна. Долоо хоногийн хоёр өдрийн дугаарын хягзаарлалт бол нэг төрлийн татвар юм. Яагаад гэвэл хувь хүний халааснаас л мөнгө гарч байна. Татварыг янз бүрийн арга, хэлбэрээр ингэж нэмэх нь төрийн дарангуйлал юм.

С.Амарсайхан даргаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжигдсэн гэх Дугаарын хязгааралтыг хоёр өдөр болгох журмыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэлэлцүүлэхээр оруулбал бид эхлээд төлөөлөгчдөөрөө, дараа нь өөрсдөө, эцэст нь авто машинтай хүмүүсийг зохион байгуулалтад оруулан эсэргүүцэн тэмцэх болно.

Таныг нийслэлийн иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэдэгт итгэж байна.

Улаанбаатар хотын иргэн, Хан гарьд шагналт Үржингийн Хүрэлбаатар

2019 оны арван нэгдүгээр сарын 13-ны өдөр

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2530409947242272&id=100008198735320


URL:

Сэтгэгдэл бичих