Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, Ерөнхий сайдад эрх мэдэл өгнө

turiin_baiguultiin_baingiin_horoo_1

“УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө” гэсэн заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрч лөлтийн төсөлд оруу-лахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаа наар дэмжлээ. Ингэснээр эрх баригч хүчин сонгуулийн жилд нь шахам сонгуулийн хуулийг өөрчилдөг байдал арилна хэмээн үзэж байна. Мөн Үндсэн хуульд “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулаад Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” гэсэн заалтыг нэмж, оруулахыг дэмжлээ. Хэрэв “Эцэг хууль”-ийг өөрчлөх зөвшилцлийн хүрээнд Үндсэн хуульд оруулахаар болж буй эдгээр заалтыг УИХ баталвал “Парламент хариуцлагын асуудлыг Ерөнхий сайдтай ярьж, харин сайд хариуцлага алдсан бол Ерөнхий сайд өөрөө шийдвэр гаргадаг” парламентын тогтолцооны жишиг рүү орно гэж хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн О.Мөнхсайхан хэлж байна. Хэрэв Засгийн газар УИХ-ын олонхын дэмжсэн бодлогыг маш сайн хэрэгжүүлэх танхим бүрдүүлэхгүй бол кабинетаараа огцрох эрсдэлтэй. Тиймээс Ерөнхий сайд тухайн салбарын бодлогыг хамгийн сайн авч явах хүнийг сонгож томилох тогтолцоог энэ заалт бий болгоно гэж үзжээ. Дэлхийд Англи, Герман, Финланд, Япон, Чех, Польш, Эстон, Литва тэргүүтэй 18 улсад сайдыг томилох асуудлыг Ерөнхий сайд нь мэдэж, хариуцлагаа үүрсэн шиг үүрдэг аж. Мөн энэ асуудалд Ерөнхийлөгч эсвэл парламент нь хөндлөнгөөс оролцдоггүй, ихэнх нь сайдыг огцруулах асуудлыг бие даан шийдвэрлэх эрх мэдлийг Ерөнхий сайдад өгсөн байна.Харин Монгол шиг Ерөнхий сайд нь танхимынхаа сайдыг томилуулах, огцруулахдаа УИХ-аасаа асуудаг орон гэвэл Словени, Болгар, Ирланд байна. Словен, Болгарт гүйцэтгэх эрх мэдэл нь тийм ч үр нөлөөтэй, тогтвортой биш. Гэхдээ, Ирландын хувьд Британийн Засгийн газрыг бүрдүүлэхэд буюу улс орны бодлогыг хэрэг жүүлэх этгээдийг гаргах Британийн Хааныг оролцуулахгүй байх үүднээс Ирландын иргэдийн төлөөлөл болсон парламент нь Засгийн газрын гишүүн нэг бүр дээр санал хураадаг болсон түүхэн шалтгаантай аж. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд эдгээр хоёр заалтыг олонхоороо дэмжсэн юм. Ерөнхий сайдын эрх мэдэлтэй холбоотой зохицуулалт 2020 оноос үйлчлэх бол, сонгуулийн систем 2024 оноос үйлчилнэ.

Б.Энхжаргал

ЗГМ


URL:

Сэтгэгдэл бичих