“Шархадсан” уулын өчил

7140

_ЭЛЭНЦ чинь намайг тахидаг байлаа. Эртнээс нааш сүүгээ өргөж, идээгээ хуваалцаж, эрх бяцхан үрээ, эрэмгий хурдан хүлгээ, эрсдэж буцах амиа ч даатгаж энгэрт минь, бэлд минь, эргэн тойрон бүх насаараа ханьсан амьдардаг байв. Энэ биеийг минь хайрхан хэмээн сүслэж, эзэн сүргийг минь лус хэмээн хайрлаж, энгэрээс минь урсах булгийг рашаан хэмээж дээдлэн хүртдэг байсан юм. Тэр үед би тэрний хайранд хайлан уйлдаг байж билээ
__ӨВӨГ чинь залуудаа эрдэм төгс хувилгаан болно гэж үүр цүүрээр ирж залбирч, салхин нөмөрт минь сая живаа мэгзэм цээжилснийг ч, саахалтын бүсгүйдээ сэтгэл алдарч санан санан энгэрт минь ирж хараачилж суусныг, сартай шөнө бэлд минь шивнэлдэн учирцгаасныг, сайхан айл болж талаар нэг дүүрснийг нь ч санаж байна. Цагийн ороо, хүний муугаас зугтаж цармын агуйд орогнож, бурхан шүтээн, буян номоо элгэнд минь нууж, эцсийн удаа залбираад уруудаж явсныг нь, эргэж ирэлгүй хормойд минь шингэсэнийг нь ч би тод санаж байна. Тэр үед би түүнийг өрөвдөн уйлсан билээ
__ЭЦЭГ чинь багадаа энүүхэнд хонь хариулж, хүлгийн дөрөөн дээр дэрвэж явсныг, холын аянд явахдаа бэлийн чулуунаас минь гуйж хүзүүндээ зүүгээд хүний нутагт хүслээ шивнэн нандигнаж байсныг, хожим нь сайн яваад ирлээ гэж оройд минь гаргаж тавьсныг ч санан дурсах сайхан байна. Өчигдөрхөн л хажуу бэлээр минь дардан зам тавьж, гэрлийн шон хатгаж, атрын шан татаж энэ л хөндийд баяр хөөр жаргал цэнгэл авчирч байсан даа. Аав ээж чинь… Тэгэхэд би уяран баярын нулимас унагаж билээ
__ХҮҮ МИНЬ чи харин хурдан унаа, хүчит зэвсэгтэй ирээд ургамал амьтадыг хоморголж, ус голыг ээдүүлэв. Удаад нь элэнцийнхээ сүү өргөсөн энгэрийг ухаж, эмээ, өвөөгийнхөө бурхан шүтээнийг олж арилжин, эцгийнхээ хөлс шингээсэн бүхнийг гишгэчив. Эцэст нь тэргүүн дээр минь ирж хүрзээ зоохыг чинь харав. Хөмсөг нь атираастай хүү чамаас элэнцийн чинь, өвгийн чинь, эцгийн чинь, бүр өөрийн чинь багын үнэр, төрх, тэр байтугай хүний үнэр үнэртсэнгүй ээ. Өнөө харууслын нулимс урсгая гэвч хатаж ширгэж ээ

ХАЛТАРЫН ЭНХТАЙВАН 2019


URL:

Tags:

Нэр: Уншигч Огноо: 17 November 2019

Гайхалтай үнэн зүйлийг зүрхэнд хүрэхээр бичжээ. зүрх зүсэгдэж байна.Олон хүн уншаасай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.