Анагаах эм аюултай хор болох цаг дор

058621.HE.0116.brush.3.LS. Various supplements.

Эдүгээгээс таван жилийн өмнө 2014 оны есдүгээр сард эмнэлгийн хог хаягдлыг Улаанчулуутын хогийн цэгт ил задгай хаяж байгаа талаар манай сайт газар дээрээс нь сурвалжлан цувралаар хүргэж байв. Эмнэлгийн тусгай хог хаягдлыг устгахаар гэрээ байгуулсан компани нь ийн хариуцлагагүй үйлдэл гаргасан нь илэрч Эрүүл мэндийн яамныхныг түргэн авахуулсан юм. Энэ бол нийслэлийн иргэд, оршин суугчид хог, хаягдлаасаа хордох эрсдэл бодитойгоор бий болсны нэг жишээ. Эрүүл мэндийн байгууллагаас үүсч буй хог хаягдлыг энгийн, аюултай гэж хоёр ангилдаг бөгөөд аюултай хог хаягдлыг халдвартай хог хаягдал, хурц үзүүртэй, иртэй хог хаягдал, эмгэг хог хаягдал, эмийн болон эсэд нөлөөтэй хог хаягдал, химийн бодисын хог хаягдал, цацраг идэвхэт хог хаягдал гэж ангилдаг ажээ. Ийм аюултай хог хаягдал буюу тусгай хог хаягдлыг устгаж, халдваргүйжүүлэх тусгай журам, стандарт бий. Тусгай хог хаягдал устгах үүрэг хүлээсэн байгууллагууд нь энэ дүрэм, журмаа хэр мөрдөж биелүүлж байгаа нь тусдаа асуудал. Таван жилийн өмнөх шиг таагүй, тусгүй үйлдэл гарахгүй байгаа гэж найдъя.

Харин иргэд, айл өрхүүд ахуйн хүрээнд гарч буй аюултай хог хаягдлыг харин хэрхэн устгах вэ гэдэгт хариулт тун бүрхэг. Тэр тусмаа хугацаа нь дууссан эмийг энгийн хогтой хамт хаях, эсвэл 00-д хийж урсгах зэрэг нь маш аюултай. Учир нь хаягдал эм хөрсөнд хаягдан хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөхөөс эхлээд мал, амьтан идэх зэрэг эрсдлүүд бий,

Уг нь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад эмийн хог хаягдлыг иргэдээс хурааж авдаг тусгай үйлчилгээ байдаг аж. Швед, Канад, Англи, АНУ, Франц, Испани, Колумб зэрэг орнуудын ийм сайн жишээ бидэнд шууд хуулж аваад хэрэгжүүлэх бэлэн загвар гэж болно. Тухайлбал, АНУ-д жил бүрийн арав болон дөрөвдүгээр саруудад илүүдэл эмийн хаягдал буцаан авах өдөрлөг зохион байгуулагддаг. 2019 оны аравдугаар сарын 26-ны өдөр болсон 18-р үндэсний өдөрлөгийн хүрээнд тус улсын хэмжээнд нийт 441.5 тонн хэрэглэгддэггүй, хугацаа нь дууссан эмийг иргэдээс цуглуулсан байна. Ийнхүү нийт 18 удаа зохион байгуулсан өдөрлөгийнхөө хүрээнд 6349.7 тонн эмийн хаягдлын хүрээлэн буй орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг зогсоон, албан ёсны устгалд оруулж чаджээ. Америк даяар нийт 6174 эмнэлэг, эмийн сангууд, улсын хууль хүчний байгууллагууд иргэдээс албан ёсоор хаягдал эмийг хүлээж авдаг юм байна.

Хогоо ангилж хаях дадал бага багаар ч атугай сууж байгаа Улаанбаатарынханд эмийг тусад нь ялган хаях бол нэг их хэцүү асуудал биш. Хандлага, зуршлаа жаахан өөрчлөхөд л болчих асуудал. Бас төр захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын зүгээс тодорхой санаачилга гаргах хэрэгтэй. Жишээ нь эмийн сангуудад хугацаа нь дууссан эм хаядаг тусгай хогийн савтай болох гэх мэт. Энэ талаар санал санаачилга гарч эмийн хаягдлыг ангилан тусад нь хаях зуршил төлөвшүүлэх чиглэлээр төсөл хэрэгжиж байгаа аж. Энэ төслийн хүрээнд нийслэлийн долоон үүргийн долоон эмийн санд эхний ээлжинд эмийг хаягдал цуглуулах шилэн хорго байрлуулжээ. Хугацаа нь дууссан эмээ иргэд уг эмийн сангуудад авчирч тусгай хогийн саванд нь хаяна гэсэн үг. Ингэж цуглуулсан хаягдал эмийг эмнэлгийн аюултай хог хаягдал устгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Элемент” ХХК цуглуулан байгаль хор хөнөөлгүйгээр устгадаг юм байна. Дашрамд дурдахад тус таван жилийн өмнө эмнэлгийн аюултай хог хаягдлыг Улаанчулуутын хогийн цэгт ил задгай хаясан хэмээн дуулианд холбогдож байсан юм. Юутай ч ЭМЯ болон холбогдох хууль хяналтын байгууллагууд аюултай хог хаягдлыг тээвэрлэж, устгал хийдэг компани, аж ахуйн нэгжүүдэд тогтмол хяналт тавьдаг гэдэгт итгэж байна.

Анагаах эм аюултай хор болох цаг дор

Хаягдал эмийг тусад нь цуглуулан ангилж устгалд оруулдаггүйгээс хүн, байгаль, гэрийн тэжээмэл амьтад болон ан амьдтдад хорт нөлөө үзүүлэх нөлөөлөл өндөр. Үүнээс гадна хугацаа нь дууссан эмийг аюулгүйжүүлэн устгах байтугай хаяг, шошгийг нь засварлаад худалдаалах явдал манай улсад түгээмэл гарсаар байгаа нь аюулын харанга д элдэж байна. Зөвхөн энэ онд гарсан ийм төрлийн хэргүүдийг дурдахад,

2019 оны хоёрдугаар сарын 21.

Увс аймгийн МХГ-аас эм ханган нийлүүлэх байгууллага болон зарим эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтаар хугацаа дууссан эм худалдан борлуулдаг нийтлэг зөрчил илэрчээ. Энэ үеэр хугацаа дууссан 23 нэр төрлийг 520 гаруй мянган төгрөгийн эмийг хураан авч устгасан байна.

2019 оны хоёрдугаар сарын 21.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/784 тоот захирамжаар ЗДТГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Гаалийн газар, Эрүүл мэндийн газар хамтарсан ажлын хэсэг аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, үйлдвэрт савласан эмийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд жижиглэнгээр савлаж худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.

2019 оны гуравдугаар сарын 28.

НМХГ-ын даргын баталсан 02-01/77 тоот удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт хийхэд “Ану булган” ХХК-ийн эмнэлэгт 4 нэрийн 5 цувралын хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эмийг хэрэглэхээр яаралтай тусламжийн шүүгээнд хадгалж байсан зөрчлийг таслан зогсоож, Улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулан эмийг устгуулахаар холбогдох газарт шилжүүлжээ.

2019 оны 09 сарын 23.

МХЕГ-аас эм ханган нийлүүлдэг байгууллага, эмийн үйлдвэр, эмийн сангуудад шалгалт хийсэн байна. Шалгалтаар холбогдох дүрэм, журмыг хангаж ажиллаагүй, бүртгэлийн заавараас зөрүүтэй эм худалдсан, мэргэжлийн бус эм барьсан, хадгалалтын хугацаа дууссан эм зарсан гэх нийтлэг зөрчил гарчээ.

Энэ бол манай улсад эмийн хэрэглээ, худалдаа тун замбараагүй, хяналт сул байгаагийн илрэл. Хугацаа дууссан эмийг худалдан ашиг олохыг санаархаж байгаа аж ахуйн нэгжүүд бол нийгмийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол, аюул занал учруулж буй эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байгаа гэсэн үг. Түүнчлэн иргэдийн эм, эмийн хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл хомс нимгэн байгаа нь дээрх мэт булхай луйвар хийгчдэд боломж олгоод байгаа хэрэг.

Хугацаа нь дуусч хог хаягдал болсон эмийг хэрхэн ангилж тусгайлж хаях, аюулгүй болгож устгах талаар мэдлэгийг ч иргэд өөрсдөө олж авах өргөн боломж цахим ертөнцийн буянаар бий болсон. Өвчин эмгэгийг анагаах шидтэй эм тан хугацаа нь дууссан хойноо аюултай хор болон хувирдгийг л хүн бүхэн анхаарч анзаарах юм бол тэрхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх шийдэл нь дэлхий нийтэд бэлэн байна.

Анагаах эм аюултай хор болох цаг дор

Анагаах эм аюултай хор болох цаг дор

ЭХ СУРВАЛЖ: EAGLENEWS


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих