SOS:Тайчих-клуб нэрийн дор охид биеэ үнэлж байна

73313124_524241658432108_4116719977053028352_nБагшийн дээд, саппоро зэрэг хэд хэдэн газар биеэ үнэлэгчид “сүрэглэж”, үүнийг нь дагасан хууль бус үйлдлүүд “гаарч” байгаа талаар хэдэн жил шуугиж, хуулийн байгууллага шат дараатай арга хэмжээ авсны хүчинд намжсан. 

Гэтэл энэ нь далд хэлбэрт шилжиж, тайчих клубын бүжигчид гэх нэрийдлээр охид биеэ үнэлж байгаа талаар иргэдээс ирсэн мэдээллийн дагуу  Сүхбаатар дүүргийн V хороо, Голомт хотхоны Б2 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Jewel” нэртэй тайчих клубээс бид дараах сурвалжлагыг бэлдсэн юм.

Шөнийн 01.15 цаг

Манай сурвалжлах баг /бид өөрсдийгөө хэвлэл мэдээллийн салбарынхан гэдгийг илчлээгүй болно/ тус бааранд очиход гаднах хаалга нь түгжээтэй байсан ч бидэнтэй зэрэгцэн үйлчлүүлэхээр ирсэн залуус /ихэнх нь гадаадын иргэд бололтой/ утсаар ярихад дотроос нь хамгаалагч хаалгаа онгойлгож биднийг оруулав.

Тэрбээр такс нь нэг хүний 20.000 төгрөг хэмээгээд тооцоон дээр чинь нэмнэ гэдгийг сануулсан юм.

“Нүцгэн охидын задгай ертөнцөд тавтай морил”

Унжсан хөшгүүдээр тусгаарлагдсан ширээнд суух хөлчүү залуус, тэдний өвөр дээр “мордсон” нүцгэн охид, архи тамхины эхүүн үнэр ханхалсан дуу чимээтэй, бүдэг гэрэлтэй, бүүдгэр орчинд бид орж явчихлаа.

Зөөгчийн заасан ширээнд суух зуур зөвхөн “ичимдэг” эрхтэнээ халхалсан нүцгэн шахуу охид хажуугаар маягтай нь аргагүй алхалдах нь анх орж байгаа хүнд их л содон сонин санагдах аж.

Удалгүй бидний захиалсан уух зүйлс ирэхтэй зэрэгцэн зөөгч маань бэлэн мөнгөтэй эсэхийг биднээс лавлав. Ямар учиртайг нь тодруулахад “Та нар дээр ирж бүжиглэх охидод өгөх мөнгө хэрэг болно” гэв.

Үргэлжлүүлэн түүнээс бид охидын биед хүрч болох эсэх, үнэ ханшийн мэдээлэл сонирхоход “Охидын биед хүрч болно, гэхдээ хэтрүүлж болохгүй. Нэг удаа бүжиглэхэд 10.000 төгрөгөөс дээш төлнө, мөн таалагдсан бүжигчнээ бидэнд хэлээд ширээндээ хамт сууж болно, үнэ нь 30.000 төгрөг. Түүнчлэн тусгай бэлдсэн өрөөнд танд үйлчилж болно. Төлбөр нь 60.000 төгрөг” гэсэн юм.

“Охид нэг шөнө 150.000-250.000 төгрөг олдог”

Үүнээс тав орчим минутын дараа торон улаан дотуур хувцастай 20 орчим насны охин ирж, бидэнд бүжиглэж өгөх санал тавьж, ажлаа эхлэв. Өвөр дээр нь нүцгэн шахуу эмэгтэй “сексийн” гэмээр хөдөлгөөнөөр бүжиглэж эхлэхэд сандарсан бид түүнийг бидэнтэй хамт суугаад ярилцаж болох эсэхийг лавлахад бүсгүй зөвшөөрснөөр яриа эхэлсэн юм.

Охид жинхэнэ нэрээ үйлчлүүлэгчиддээ хэлдэггүй бөгөөд бүгд “ажлын”  нууц нэртэй байдаг аж. Түүнийг Т гэх бөгөөд тус бааранд жил орчим ажиллаж байгаа гэнэ. Өмнө нь энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн газарт бүжигчнээр ажиллаж байсан туршлагатай хэмээн өөрийгөө танилцуулав.

Т оюутан бөгөөд ар гэрээсээ хол ганцаараа амьдардаг учир түрээсийн байр, сургалтын төлбөр, хэрэглээний мөнгөө олохын тулд энэ ажлыг хийж байгаа аж. Түүний хэлсэнээр хичээлийнхээ хажуугаар хийсэн ажлуудаас “бүжиглэх” нь ахиухан мөнгө олох боломжийг бүрдүүлдэг гэнэ. Тухайлбал, охид ширээнд хагас цаг орчим суусан тохиолдолд  30.000 төгрөгийн төлбөртэй байх бөгөөд үүний талыг нь охид авдаг гэнэ. Охид зөвхөн вино уух бөгөөд /100 грамм нь 15.000 төгрөгний үнэтэй/ 5000 төгрөгийг нь өөрийн орлого болгон авдаг аж. Мөн ширээн дээр болон тусгай үйлчилгээ буюу бүтэн нүцэглэж бүжиглээд олсон мөнгөө өөрсдийн орлого болгон авдаг юм байна.

Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь өвөр дээр нь нүцгэн бүжих охидод хамт шөнийг өнгөрөөх санал тавих бөгөөд үнэ тохирч чадвал хувиараа явах тохиолдол бий гэж бидэнд тайлбарлав. Түүний хэлснээр охид нэг шөнө бусдад бүжиглэж үйлчилсэнээр дунджаар 150.000-250.000 төгрөг олдог гэнэ.

Эх сурвалжийн мэдээллээр тус тайчих клуб сүүлийн нэг жилийн хугацаанд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тодруулбал, тайчих клубуудад холбогдох зохицуулсан хуулиар бүжигчид үйлчлүүлэгчээс 5 метрийн зайд бэлдсэн тайзан дээр  үзүүлбэрээ үзүүлэх, үйлчлүүлэгчтэй хувийн харилцаа тогтоохгүй байх ёстой юм байна.

Гэвч  тус клубд ажилладаг охид тусгай үйлчилгээ гэх нэрийдлээр вип өрөөгөөр үйлчлүүлж буй эрчүүдийн өмнө дээр дурдсанчлан тариф тогтоон бүтэн нүцгэлэх, биеэрээ хүрэлцэх, өвөр дээр нь сууж бохир бүжиг хийх, улмаар  тохиролцож биеэ үнэлж байгаад, тэднийг энэ зам руу түлхэж байгаа эздэд нь хэн хяналт тавьж, хариуцлага тооцох ёстой вэ?

Хуулийг “нулимж” буй газруудын ард төрийн “томчууд” байдаг уу?

Нийтийн орон сууцны өргөтгөл, доод давхаруудад үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газрууд шөнийн 00.00 цагаас хойш ажиллахыг хуулиар хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж бий.

 Гэвч тус газар сүүлийн жил гаруйн хугацаанд 04.00-05.00 цаг хүртэл буюу үүр цайтал тасралтгүй ажиллаж байгаа юм байна.

 Иргэдийн бидэнд өгч буй мэдээлээр тус газрын хууль бус үйл ажиллагааны талаар цагдаа болон холбогдох хууль хяналтын байгууллагад дуудлага өгч гомдол гаргахаар торгуулийн арга хэмжээ авсан болоод өнгөрдөг гэнэ.

Албан бус зарим эх сурвалжийн мэдээллээр тайчих клубуудын ард цагдаагийн болон төрийн томоохон албан тушаалтнууд байж болзошгүй талаар хэлж байв.

Ямар ч хяналтгүй ажилладаг эдгээр тайчих клубуудэд НСУГ зөвшөөрөл олгодог

Тайчих үзүүлбэр үзүүлэх тусгай зөвшөөрлийг шөнийн цэнгээний газруудад Нийслэлийн соёл урлагийн газраас олгодог юм байна.

Гэвч нийслэлчүүдийн урлаг, соёлын “толгой” гэгдэх энэ байгууллага тайчих үзүүлбэрийн зөвшөөрлийг стандарт, тодорхой шалгуургүй өгч байгаа нь энэ мэт хууль бус газрууд олшроход нөлөөлсөн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байлаа.

Наад зах нь шөнийн турш нүцгэн биеэрээ эрчүүдтэй хүрэлцэж, бүжиглэж наргих охид усанд орох өрөө ч үгүй тайчих клубууд олон байдаг гэнэ.

Уг нь холбогдох хууль, зохицуулсан журмандаа стандарт тогтоож, шаардлага тавьдаг ч түүнд нь нийцэж, хэрэгжүүлэх үүрэгтэй тайчих клубууд өөрсдөө “тоглоомын дүрмээ” зохиож дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна.

Нийслэлийн соёл урлагын газрын холбогдох албан тушаалтнаас тайчих клубуудийн зөвшөөрөл, түүний дараах хяналт, хариуцлагын талаар тодруулахад “Тайчих клубуудын зөвшөөрлийг 2016 онд гарсан НИТХ-ын 35 дугаар тогтоолыг үндэслэж НСУГ-аас олгодог. Жилдээ нэг удаа нэгдсэн шалгалтыг тайчих клубуудэд хийдэг. Мөн тодорхой стандартыг хангасан тохиолдолд манайхаас зөвшөөрөл олгодог” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Харамсалтай нь хуулийг “гууль” болгож буй тайчих клуб гэх тодотголтой шөнийн цэнгээний газрууд биеэ үнэлэлт, садар самууныг нийгэмд ямар ч хариуцлага, хяналтгүйгээр “дэлгэрүүлж” байгааг эндээс харж болно.

Бидэнд ирсэн мэдээллээр  нийслэлийн хэмжээнд энэ мэт  30 гаруй тайчих клуб нэртэй биеэ үнэлэлтийг цэцэглүүлж буй газрууд ажиллаж байгаа нь тоохгүй өнгөрөөх зүйл мөн үү Хотын дарга аа!!!

Үргэлжлэл бий…

Т.Хэрлэн

http://zuv.mn/l4l?fbclid=IwAR3m7Bpk8iItthnpsQKum0UZRCMUlZWvODv-e7MhwhfDs1ZBtd4unrOiddU


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.