Хамгийн ууртай, бүдүүлэг жолооч нартай хотуудыг “Блүүмберг” тодруулжээ

06bba5a7ad361f9b1391b9e711f3119d“Блүүмберг” телевизийн сайт Английн автомашины сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэгч “Mister Auto” компанийн гаргасан судалгааг ашиглан, дэлхийн хотуудыг замын хөдөлгөөний соёлтой байдлаар нь жагсаасан байна.

Уг судалгаагаар Монголын нийслэл Улаанбаатар хотод жолооч нарын түрэмгий үйлдлийн улмаас зам тээврийн осол хамгийн их гардаг нь тогтоогджээ.

Ийнхүү хамгийн бүдүүлэг жолооч нартай, зам дээрх стресс ихтэй орнуудын жагсаалтыг манай нийслэл 99.12 оноотойгоор тэргүүлсэн бол ОХУ-ын Москва, Пакистаны Карачи, Энэтхэгийн Колката, Мумбай, Нигерийн Лагос хотууд удаах байруудад бичигджээ. Харин Японы Осака, Токио хотууд хамгийн эерэг үнэлгээ авсан буюу жолоочдын соёлоор тэргүүлсэн аж.

Европын хотуудаас Истанбул хот Москвагийн ард бичигдсэн бөгөөд Санкт Петербург ч мөн улсынхаа нийслэлээс дутахгүй үзүүлэлттэй байна. Мөн Италийн Наплес, Ирландын Дублин жагсаалтын дээгүүр бичигдсэн бол Копенхаген, Осло, Цюрих, Граз зэрэг хотууд харьцангуй тайван жолооч нартай хотоор тодорчээ.

Оросын нийслэл Москва нь нь замын түгжрэл болон бүдүүлэг жолооч нараараа бүс нутагтаа толгой цохиж байна. 2018 онд Москвад 9000 гаруй зам тээврийн осол гарснаас 465 хүн амиа алдаж, 10,000 гаруй хүн хүнд бэртэл авсан хэмээн замын цагдаагийн газраас мэдээлсэн юм. Үүний хариуд эрх баригчид хотын гол хэсгээр төлбөртэй зогсоол ажиллуулж, хотын төв дэх зогсоолын төлбөрийг нэмэгдүүлснээр замын ачааллыг буруулсан байна.

Жолооч нарт ээлтэй хотууд

“Mister Auto” компанийн мэргэжилтнүүд мөн замын чанар, зам тээврийн улмаас амиа алдсан хүний тоо, түгжрэл, агаарын чанар зэрэг 15 үзүүлэлтэд үндэслэн жолооч нарын хувьд хамгийн таатай хотуудыг нэрлэсэн бөгөөд энэхүү жагсаалтын эхэнд Калгари, Дубай, Оттава хотууд бичигдсэн байна. Үүнээс гадна уг хотууд дэлхийн хамгийн найрсаг жолооч нартай хотуудаар шалгарчээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих